НҮБ ОХУ-аас цэргүүдээ Украинаас гаргахыг шаарджээ

Twitter Print
2023 оны 02-р сар 24-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ Украин руу довтолсон явдлыг хатуу буруушааж, ОХУ-аас цэргүүдээ Украинаас гаргаж, галаа зогсоохыг шаардсан тогтоол гаргажээ. Уг тогтоолыг НҮБ-ын 141 гишүүн орон дэмжиж, 32 гишүүн орон санал өгөхөөс түтгэлзэж, ОХУ тэргүүтэй 7 улс эсэргүүцжээ.

НҮБ Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн дэмжиж, ОХУ Украины зарим бүс нутгуудыг өөрийн улсдаа нэгтгэсэн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ онцолсон байна.

Түүнчлэн "ОХУ Украиных хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн газар нутгаас цэргийн хүчээ бүрэн бүтнээр нь даруй гаргаж, галаа зогсоох" - ыг шаарджээ.

НҮБ-ын уг тогтоолыг гишүүн орнуудын дийлэнх нь дэмжсэн бол Хятад, Энэтхэг, Иран, Өмнөд Африк, Монгол зэрэг 32 гишүүн орон санал өгөхөөс түтгэлзсэн байна. ОХУ, Беларусь, Хойд Солонгос, Эритри, Мали, Никарагуа, Сири зэрэг 7 улс уг тогтоолыг эсэргүүцсэн саналыг өгчээ.

Украины Гадаад харилцааны сайд Дмитро Кулёба дээрх санал хураалт нь ОХУ хууль бус түрэмгийллээ зогсоох ёстой, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргээх ёстой гэдгийг харууллаа хэмээн онцолжээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа, "ОХУ Украин руу довтолсноос хойш 1 жил өнгөрч байхад дэлхийн улс орнууд Украиныг дэмжсэн хэвээр байна." хэмээн бичжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн өмнө Вена хотод болсон Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын хурлын үеэр ОХУ-ын төлөөлөгчдөд виз олгох шийдвэр олны бухимдлыг төрүүлжээ.

Австрийн зүгээс ОХУ-ын төлөөлөгчдийг тэр дундаа хоригт орсон албаны хүмүүсийг хуралд урих шийдвэр Украин, Литвийн төлөөлөгчдийг хурлыг орхин гарахад хүргэсэн байна.

Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын салбар ОХУ-д байдаг учраас Австрийн засгийн газар олон улсын хууль журмын дагуу ОХУ-ын төлөөлөгчдийг урих үүрэг хүлээсэн хэмээн тайлбарласан байна. Үүний хариуд Латвийн парламентын гишүүн Рихардс Колс ОХУ тус байгууллагын хуралд оролцохыг зөвшөөрөх нь "шившигтэй явдал" хэмээн тодорхойлсон ба ОХУ-ын төлөөлөгчийн зүгээс үг хэлэх үеэр бусад улс орнуудын төлөөлөгчид хурлыг орхин гарчээ.

ОХУ-ыг төлөөлж буй Владимир Джабаров ОХУ Украин руу довтолсон явдал нь Киевийн засгийн газрыг удирдаж буй үндсэрхэг үзэлтнүүд, нацистуудын эсрэг дайн хэмээн мэдэгджээ.

Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллага нь 1975 онд баруун болон зүүн Европын харилцааг сайжруулах зорилгоор үүсгэн байгуулагдсан ба уг байгууллагын гишүүн орнуудад өнөөгийн НАТО-гийн гишүүн орнуудаас гадна ОХУ-ын түнш орнууд багтдаг билээ.

Яг 1 жилийн өмнө 2022 оны 2-р сарын 24-нд Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу 200 мянган цэргээ илгээсэн юм. Уг дайны үр дүнд 7199 гаруй энгийн иргэн амиа алдаж, хэдэн мянган хүн шархдаж, олон сая иргэд эх орноосоо дүрвэхэд хүрсэн билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.