Ялалт, хэлэхэд бахтай хэдий ч...

Twitter Print
2021 оны 05-р сар 09-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Ялалт гэх энэ тавхан үсгэээс бүрдэх үгийг хэлэх, сонсох, санахын төдийд ямар хавархаг, идтэй бахтай дуулддаг билээ дээ!

Гэвч яаж тэр ялалтанд хүрсэн билээ хэмээн эгшин зуур эргэцүүлэх аваас ямар их үнэ цэнээр тэр ялалт ирээ вэ, ямар их золиос ялалтын ард гараа вэ, хэн хэн ялалтын тэр их ачааг үүрээ вэ, ялалтын мөрөөр олдсон аз жаргалын үр жимсийг хэн хэн олж хүртээ вэ, яаж тэр ялалтын баатруудаа хүндэтгээ вэ гэж өөрийн эрхгүй бодогдоно, түмэн бодлын эрчлээс сэтгэлийн дундуур хуйлран эргэлдэнэ.

Ялалт гэдэг үгийг сонсоход тийм бахтай идтэй байдаг шигээ тэр ялалтын чинь туулж өнгөрүүлсэн цаг хугацаа тийм амттай аятайхан байдаггүй, яаж энэ бүхний ард гарна даа гэсэн там шиг өдөр хоног тарчилган чаргуулдан өнгөрч байдаг.

Ялалт нээрээн сонсоход бахтай ч, олдоход даанч бэрхтэй.

Тэр тусмаа хүний аминд тэгтлээ ангаж цанган улайрсан дайны ялалт даанч нөхөшгүй үнэтэй. Хичнээн аавын хүү, хичнээн ээжийн охин яаж, юуны төлөө, яах гэж, яасандаа алтан амиа үл хайрлан, би эндээс буцаж ирэхгүй гэдгээ мэдсэн хэрнээ, эцсийн хичнээн тулалдаанд эрслэн орсныг хэн одоо мэдэх юм бэ, хэн одоо эргэж санах вэ!

Зөвхөн, ганцхан, гарт олдсон “1941 – 1945. Говорят погибшие герои” хэмээх 1982 онд Москва хотноо долоо дахь удаагаа нэмэлт хийн хэвлэсэн улаан хүрэн хавтастай, нэгэн зузаавтар номын хуудсыг эргүүлэхэд, нээрээн л “Үрэгдсэн баатрууд өгүүлж байна”.

Амиа өргөсөн тулалдаан бүрийн өмнөх тэдний бичсэн захидал, таталж орхисон зурвас, нэртэй устай, зурагтай хөрөгтэй, онтой сартайгаа. “Бид үхнэ, гэвч ухрахгүй”, “Бид үхнэ, Брест хоцорно, баяртай!” “Би үхнэ, нэр минь үлдэнэ”, “Бид үхнэ, гэвч бууж өгөхгүй, эх орон минь үүрд баяртай”, “Хатууж, зоригж, эрсэл”, “Айх хэрэггүй, арга тасарч бүр ч болохгүй”, “Ээ, амь минь, амьдрал минь, амьд байхыг ямар золиг шиг их хүснэ вэ! Даанч арга алга”, “Битгий уйл, бүү гашууд, бидний цус дэмий урсаагүй”.

Хар дайны хөлд гишгэгдэж, үрэгдсэн халуун амь, үсэрсэн бүлээн цус ийм л үгийг үлдэгсэд минь уншина гэж, үр хойч минь хожмоо үнэлнэ гэж, тулсан цагт үлгэр авна гэж яаруу сандруухан таталган бичжээ.

Ийм үгийг, ийм зоригийг бидний ахмад үеийнхэн ч гэлээ, бэлээхэн цагаан цаасан дээр бичээд орхиогүй байж болох ч, сэтгэлдээ тэд минь заавал таталж үлдээсэн. Өнөөгийн бидний үүрэг гэвэл, гагц санах, дурсах, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, үр хүүхдүүддээ тэд минь эх орон, биднийхээ төлөө халуун амиа өргөсөн юм гэж хэлэх.

Өнөөдөр 5-р сарын 9. Их ялалтын баярын өдөр. Ямар ялалт билээ, бидний баяр юм уу гэж асуух монгол хүн гарахгүй биз. Хэрэв хэн нэг нь тэгж асуувал, та бидний ахмад үе, өвөө, эмээ, эцэг дээдэс чинь өөрсдөө хүртэл оролцож, юугаа ч хайрлалгүй зориулан байж авчиралцсан өртөг асар өндөртэй тийм ялалтын өдөр юм шүү гэж бие биеэсээ өрсөн бид ч бас хариулах биз.

Ялалт гэдэг үгийг хэлэхэд хэдий амархан, бахтай сайхан ч, үр жимс гэж үзвэл, нулимс аяндаа асгарам гав гашуун байдаг юм.

До.Чулуунбаатар

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.