
АНУ-ын Техас мужид сая сая иргэд 3 дахь өдрөө тог цахилгаан, халаалтгүй өнжиж байна. АНУ-ын өмнөд мужуудаар цаг агаар огцом хүйтэрч, их хэмжээний цас орсноос болж Техас, Луизиана, Кентакки, Хойд Каролина болон Миссури зэрэг мужуудад нийт 20 гаруй хүн нас баржээ.
Эдгээр иргэдийн дийлэнх нь цаг агаарын нөхцөл байдлаас болж зам тээврийн осолд орсон, дулаацах гээд машиндаа эсвэл гэртээ угаартаж нас барсан байна. Хүйтний эрч ирэх амралтын өдрүүд хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа учраас тог цахилгааны асуудал цаг агаар дулаарахаас нааш шийдэгдэхгүй гэдгийг мужийн удирдлагууд мэдээлж байна.
21 сая гаруй хүн амтай Техас мужийн нутаг дэвсгэрийн ¼ нь тог цахилгаангүй байгаатай холбоотойгоор усны хоолойнууд хагарч, усны хангамж доголдож, шатахууны хомсдол үүсчээ. Хүйтэнд иргэдийн цахилгааны хэрэглээ огцом өсч, цахилгаан дамжуулах сүлжээнд олон тооны гэмтэл гарсан байна. Нийгмийн сүлжээгээр Техас мужийн иргэд дулаацахын тулд гэрийнхээ тавилгыг хүртэл шатааж байгаа тухайгаа нийтэлжээ. Мягмар гарагийн байдлаар АНУ-ын нийт нутаг дэвсгэрийн 73 хувь нь цастай байгаа ба цасан шуурга Мексикийн төвийн болон хойд нутгийг дайран өнгөрчээ.
Эх сурвалж: Interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.