Герман, Италийн төрийн тэргүүнүүд Киевт айлчиллаа

Twitter Print
2022 оны 06-р сар 17-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Франц, Герман, Итали болон Румыний төрийн тэргүүнүүд Украиныг Европын холбоонд элсүүлэх явдлыг дэмжиж буйгаа илэрхийлэн, Украин улсад "нэр дэвшигч"-ийн статусыг даруй өгөх ёстой гэжээ. Киевт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ХБНГУ-ын канцлер Олаф Шольц, "Украин улс Европын холбооны гэр бүлд багтах ёстой." хэмээн мэдэгдэхийн сацуу Украин улс Европын холбооноос тавьсан бүх шаардлагуудад бүрэн дүүрэн тэнцэх ёстой гэдгийг цохон тэмдэглэжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хувьд 27 гишүүн орноос бүрдэх Европын холбоо Украин улс ОХУ-ыг ялах хүртэл дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно гэжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Украин дахь түрэмгийлэл нь "нэгдмэл Европын эсрэг дайн" бөгөөд оросуудын эсрэг ашиглах хамгийн үр дүнтэй зэвсэг нь "эв нэгдэл" хэмээн тодорхойлжээ.

Түүнээс гадна тэрээр оросуудын эсрэг тэмцэж, оросуудад эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөхөд Украины армид хүнд зэр зэвсэг дутагдалтай байгааг онцолжээ.

Өнгөрсөн пүрэв гарагийн өглөө Францын Ерөнхийлөгч Э. Макрон, Германы канцлер О. Шольц, Италийн Ерөнхий сайд Марио Драги нар хэдэн долоо хоногийн өмнө оросуудын хяналтанд байсан Ирпин хотод очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.

Украинчууд ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Ирпин, Буча зэрэг хотуудад энгийн иргэдийг олон зуугаар нь хөнөөж, дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа билээ.

Европын холбооны удирдагчдын айлчлал Европын холбооны зөвлөл Украинд "нэр дэвшигч"-ийн статус олгох эсэхийг хэлэлцэхээс өмнө болж байгаагаараа онцлог юм.

Энэ сарын 23, 24-нд Европын холбооны бүх 27 гишүүн орны удирдагчид уг асуудлыг хэлэлцэх аж. Европын холбооны зарим орнууд Украиныг холбоондоо нэгтгэх тал дэр дурамжхан байгаа ч Европын холбооны хамгийн том гүрнүүд болох Франц, Герман, Италийн төрийн тэргүүнүүдийн Украинд хийсэн айлчлал байр суурийг нь өөрчилж болох юм.

Украин Европын холбоонд элсэх "нэр дэвшигч"-ийн статус авлаа ч жинхэнэ гишүүн болох үйл явц хэдэн жил ч үргэлжлүүлж болзошгүй билээ.

Уг айлчлалаас өмнө Украины эрх баригчид Франц, Герман, Итали улсыг бүх анхаарлаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины таалалд нийцэхэд зарцуулж, Украинд зэр зэвсэг нийлүүлэхдээ удаан байна хэмээн шүүмжилж байсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.