Б.Пүрэвдорж: Шатахууны үнийг 600 хүртэлх төгрөгөөр бууруулах боломжтой

Twitter Print
2020 оны 04-р сар 17-нд 15:29 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шатахууны үнэ, хуурамч шатахууны талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Дэлхийн зах зээл дээр нефтийн ханш хангалттай хэмжээнд буурсаныг та бүхэн мэдэж байгаа. Оны эхэнд 70 доллар байсан нефт өнөөдөр 22 доллар болж буурсан. Зарим орнууд буюу Иран, Иракад 10 доллар хүртэлх үнээр буурсан. Манай улсын хувьд нефтийн үнэ бүс бүсээс шалтгаалж 300-400 төгрөг орчмоор буурсан. Гэвч энэ үнийн буулт огт хангалтгүй байна. Дахин 600 хүртэлх төгрөгөөр буурах боломжтой" гэв.

Мөн "Хуурамч дизель түлшинд хэрэглэгддэг керосин, нафта гэсэн бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоодоггүй учир импортоор оруулж ирж байна. Үүнийг таслан зогсоохын тулд Керосин нафта зэрэг бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоох хуулийн төслийг өргөн барьсан боловч Засгийн газар дэмжсэнгүй. Эл бүтээгдэхүүнийг оруулж ирдэг 10-аад аж ахуй нэгж байдаг. Тэд татвар ногдуулах тухай төслийг маш их эсэргүүцэж байгаа. Засгийн газар хуулийн төслийг дэмжээгүй нь керосин, нафта зэрэг бүтээгдэхүүнийг импортолдог аж ахуй нэгжийн нөлөөнд орсон гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын гишүүд эрүүлээр сэтгэж, ард иргэдийнхээ эд хөрөнгө, цаашлаад эрүүл мэндийг хамгаалахын тулд хуулийн төслийг дэмжинэ гэж найдаж байна” гэлээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.