Хятадаас ирсэн нутаг нэгтнүүдээ хүлээж авахгүй хэмээн жагсчээ

Twitter Print
2020 оны 02-р сар 21-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор Украин улс Хятадад байгаа иргэдээ эх орондоо авчрах шийдвэр гаргасан ба тэдгээр иргэдээ Полтавская мужид байрлах Үндэсний гвардийн "Новые Санжары" нэртэй сувилалд 14 хоногийн хугацаанд хөл хорионд байлгахаар болсон билээ.

Уг шийдвэртэй холбоотойгоор Новые Санжары тосгоны иргэд Хятадаас ирсэн иргэдийг тосгоныхоо нутаг дэвсгэрт нэвтрүүлэх, "Новые Санжары" сувиллын газарт байрлуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Орон нутгийн эрх баригчид "Новые Санжары" сувиллын газар тэдгээр иргэдийг хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгдсэн бол тосгоны иргэд тосгон руу орох зам болон гүүрийг автомашинаар хаасан байна.

Хятадаас ирсэн иргэдийг хүлээн авах ажилд оролцохоор ирсэн хууль сахиулагчид хуягт техникээр замыг чөлөөлж эхэлсэнээр иргэд болон хууль сахиулагчид хооронд мөргөлдөөн үүссэн байна. Хятадаас ирсэн Украин улсын 45 иргэн мөн гадаадын 27 иргэнийг тээвэрлэсэн автобус пүрэв гарагийн орой Новые Санжары тосгонд хүрэлцэн ирсэн ба тосгоны иргэд автобус руу болон хамгаалалтанд гарсан цагдаагийн албан хаагчид руу чулуу шидэлж, машины дугуй, мод шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тосгоны иргэд болон цагдаа нар хоорондын мөргөлдөөний улмаас цагдаагийн 9 албан хаагч, 1 иргэн бэртэл гэмтэл авсан байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Хятадаас ирсэн иргэдийг 14 хоногийн турш хөл хорионд байрлуулах "Новые Санжары" сувиллын газрын гадаа хоёр давхар хамгаалалт гаргаж, тосгоны эргүүл, хэв журмыг сахиулах үйл ажиллагааг чангатгасан байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Новые Санжары тосгоны иргэдийн үйлдлийг буруушааж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр Украинд коронавирусын халдварыг орж ирүүлэхгүй байхын тулд бололцоотой бүхнийг хийж байгаа хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрээр иргэдийг хүн чанараа алдахгүй байхыг уриалсан байна.

Эх сурвалж: Meduza

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.