Ертөнцөд тайлагдашгүй оньсого олон бий

Twitter Print
2020 оны 03-р сар 26-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

1971 оны дөрөвдүгээр сарын 15. Хойд Атлантын далай өчүүхэн ч давалгаагүй мэлтийж цэлмэг тэнгэрт одод гялалзан ер бусын амгалан тайван байлаа. “Теодор Рузвельт” хөлөг онгоц маршрутынхаа дагуу аажимхан хөвнө. Гэтэл шөнийн нэг цагийн үед хөлөг онгоцны холбоочин Ллойд Детмер “308” хэмээх аюулын дохио хүлээж авлаа.”Онгоц сүйрлээ... Бид живж байна.-. Хөлөг онгоцны бөөрөнд цоорхой гарсан учир бид живж байна. Биднийг сонсож байгаа хүн бүхэнд үүнийг дамжуулъя. Титаник” гэсэн байв. 

Энэхүү радио дохиог хүлээж авсан далайн хөлөг онгоцны багийнхан мэл гайхаж цэл хөхөрлөө. Учир нь “Теодор Рузвельт" хөлгийн аялж буй энэ хэсэгт 59 жилийн өмнө уг “Титаник” хөлөг үл мэдэгдэх шалтгаанаар живсэн ажээ. Албан ёсны баримтаас үзэхэд “Теодор Рузвельт” далайн цэргийн хөлөг онгоцны ахмадад радио дохионд ямар ч хариу өгөхгүй байхыг дээд командлал нь тушаагаад чиглэлээ битгий өөрчил гэсэн үүрэг өгчээ.

Харин уг хөлөг онгоцыг Америкийн зэвсэгг хүчний Кейп-Бретон дахь баазад эргэж ирсний дараа айж сандарсан багийн гишүүдэд хэн нэгний тэнэг тоглоом байсан мэтээр аятайхан тайлбарлаад өнгөрсөн гэдэг юм. Ингээд яг үнэн хэрэгтээ чухам ямар учиртай дохио орж ирсэн нь оньсого болон үлдсэн билээ. Харин 1912 оны дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 24.00 цагт “Титаник” хөлөг Атлантын далайд живсэн бөгөөд уг радио дохиог яг 59 жилийн дараа тэр л сар, өдөр “Теодор Рузвельт” онгоц хүлээж авсан нь олны сонирхлыг маш ихээр татдаг. Сар өдөр зүгээр нэг давхцав уу, аль эсвэл энд ямар нэг нууц байв уу гэдгийг эрдэмтэд одоо ч тайлж чадаагүй байна.Одоо “Титаник” хөлөг хэрхэн сүйрснийг сонирхож үзье.

Тэр өдөр мөн л тэнгэр цэлмэг байсан учир “Титаник” хошуугаараа далайн усыг аажимхан зүсэн урагшилж байжээ. Онгоцны хитэг дээр байрлах ажиглагч усан цэргүүд эргэн тойрноо анхааралтайгаар харж явлаа. Гэтэл гэнэт хөлгийн баруун талд аварга том хар өнгийн мөсөн уул яах ийхийн зуургүй далайн уснаас ургах мэт гарч иржээ. Ингээд л хэдхэн хормын дотор аймшигт мөргөлдөөн болж онгоцны баруун бөөрийг мөсөн уул хага яран, далайн хүйтэн ус бүх өрөө тасалгаагаар нь сад тавин орж иржээ. Хар мөсөн уул гэхээр гайхах хэрэггүй юм. Учир нь ердийн мөсөн уул далайд хөвж явахдаа заримдаа гэнэт ёроолоороо дээш эргэчихдэг тохиолдол байдаг аж. Харин энэ үзэгдлийг далайчид маш ховор тохиолддог гэж баталдаг. Түүнээс биш ердийн мөсөн уулыг ажиглагчид бүр хоёр гурван бээрийн тэртээгээс олж хардаг гэнэ. Мөн “Титаник” уг мөсөн уулыг хошуугаараа мөргөсөн бол арай ч ингэж сүйрэхгүй байсан гэж эрдэмтэд дүгнэдэг байна, Гэвч тэр шөнө бүх зүйл зөвхөн “Титаникийн” эсрэг байсан бололтой. Гэтэл уг хөлөг онгоцны ахмад Эдвард Смит өөрсдийгөө яах аргагүй живж байна гэдгийг мэдсэн хэрнээ яг л ховсдуулсан мэт тун тайвнаар нааш цааш алхан байсан гэдэг. Тийм ч учраас аюулын дохиог тун хожуу өгч, багийн гишүүдэд амиа аврах үүрэг өгсөн гэдэг юм. Ийнхүү 1500 орчим хүн эрсдэж, нэлээд хэдэн хүн амь аврагдсан билээ.

Энд бас нэг сонин зүйл бий. Амь үрэгсдэгсдийн дурсгалыг Англи, АНУ-д хүндэтгэх гашуудлын ёслолын үеэр 1896 онд Английн нэгэн олонд алдартай бус зохиолч Морган Робертсон “Хоосон зүйл” хэмээх зөгнөлт роман бичиж, эндээ 1912 онд Англиас Америк орохоор аялах нэгэн хөлөг Атлантын далайд живэх тухай тун тодорхой бичсэнийг гэнэт санацгаажээ. Мөн энэ онгоцны нэрийг “Титан” гэсэн байв. “Титан” болон ”Титаник” гэхээр мөн сонин давхцал байгаа биз. Одоо өөр нэг сонин асуулт гарч ирнэ. 1912 оны дөрөвдүгээр сарын 14-ний шөнө ахмад Эдвард Смит яагаад гэнэт ховсдуулсан мэт тайван болов? Түүнийг уг нь хамгийн туршлагатай далайчин гэж тооцдог байжээ. Ингээд уг оньсогыг тайлахын тулд 1923 онд хэсэг эрдэмтэн хэд хэдэн таамаглал дэвшүүлсэн юм.

Одоо хамгийн сонирхолтойг нь авч үзье. “Титаник” онгоц Египетийн хаан IV Аменхотепын үед цаазлагдсан үзмэрч бүсгүйн хатаасан шарилыг тээж явсан аж. Уг шарилыг 1895 онд Хойд Египетийн нутагт манай эриний өмнөх 229 онд босгосон бунханаас ухаж гаргасан бөгөөд “Титаник"-ийн ахмад түүний хүзүүн дэх зүүлтээр нь оролдсоны улмаас ийнхүү осолдсон гэсэн таамаглал дэвшүүлжээ. Энд бас ингэх учир, уялдаа холбоо бий. Уг бунхныг XI зуунд бүрэн нурааж устгасан бөгөөд энд янз бүрийн осол сүйрэл, үхэл хагацал тохиолддогоороо Египет даяар алдартай аж. Мөн үзмэрчийн “тайван” байдлыг алдагдуулсан хэн нэгэн аймшигтай гамшигт өртсөн тухай домог ч бий.

Тийм учир бунхнаас олдсон зүүлтийг хэн ч оролдохыг зүрхэлддэггүй байжээ. Гэтэл Лондон хотын эртний нэрт судлаач эрдэмтэн Каннервилль Египетийн ховор олдворуудаар үзэсгэлэн гаргахаар шийдэж 1912 оны дөрөвдүгээр сард уг “Титаник” хөлөг дээр нэгэн том модон хайрцаг ачуулан түүнтэйгээ 4300 америк доллар төлөн нэгэн өрөөнд орсон гэх мэр сэр яриа байдаг. Ингээд замдаа хөлөг онгоцны ахмадыг ихэд хүндэлж байгаагаа илэрхийлэхийн ялдамд уг шарилыг түүнд үзүүлсэн бололтой. Үүний үр дүнг бид мэдэж байгаа. Харин үнэн худлыг нь батлах ямар ч аргагүй л дээ. Гэвч уг сүйрлээс хойш 84 жил өнгөрөөд байгаа ч орчин үеийн далайн хөлөг онгоцууд энэ газрыг дайрч өнгөрөхөөс аль болохоор цааргалдаг гэнэ.

Саяхан л гэхэд Францын “Долдугаар сарын 14” хэмээх далайн хөлөг онгоцны ахмадын нэгдүгээр туслах Луй Полье энэ орчим хөвж явахдаа “Титаник”-ийн радио дуудлагыг хүлээж аваад галзуурсан бөгөөд Марсел хотын нэгэн эмнэлэгт маш хатуу хараа хяналтын дор байдаг тухай мэдээ бий.

Мөн 1995 онд АНУ-ын нэгэн пүүс живсэн “Титаник” хөлгийн дотор уг шарил байгаа эсэхийг шалгахаар шийдэн усанд шумбагчийг тандуулахаар оруулсан боловч шумбагч учир битүүлгээр нас барсан учир төлөвлөсөн ажпаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн гэдэг.

Харин ойрын ирээдүйд АНУ, Английн хэд хэдэн пүүс хамгийн орчин үеийн техник ашиглан “Титаник” хөлгийн зарим хэсгийг далайн ёроолоос татаж авах төлөвлөгөө боловсруулаад байгаа ажээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.