
Шинэ цагт "хэдэн оймс элээснээрээ томорсноос хэдэн сонгууль өгснөөрөө тодор" гэх зүйр үг гарчээ.
Анх Монгол улс ардчилсан нийгэмд шилжин 1992 онд анхны сонгууль болсноос хойш одоогоор 2016 он хүртэл 7 удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн нүүр үзжээ. Яг яахаа мэдэхгүй баахан улс төржиж давхиж байснаа сонгуулийн маргаашнаас л хэнийгээ ч сонгосон нь үл хамааран үглэн үглэн туулах тэртээх 4 жил. Дараа жилийн наадам ч хол байна даа гэдэг шиг л.. Эдгээр 7 сонгуулын хувьд тоо баримт аваад үзвэл насны бүлэг ахих тусам сонгуулийн идэвх нэмэгддэг буюу 18-25 насны залуусын оролцоо хамгийн бага, 2 хүний 1 нь саналаа өгдөг байна.
Залуус төр засгийн үйл ажиллагаанд хойрго хандаж, тэр нэгэн газар заларсан зарим нөхдийн бусармаг, ашиг сонирхолд бүхэлдээ автсан хүсэл зорилгыг нь өөхшүүлж иржээ. Заа надаар дутах биш гэх энэ бодол сэтгэхүй өөрөө халдварладаг, бусдын сэтгэлзүйг “өвчлүүлдэг”. Чааваас даа гэмээр хэдэн хөгшчүүл нь “Төрийн минь сүлд өршөө” хэмээн сонгуулиа заавал өгнө хэмээн тэргэнцэртэй байсан ч тэмцээд л өгөх дүр зураг. Угтаа энэ сонгууль гэдэг одоо цагийн нийгмийн сэтгэлзүйд нэг сар улс төрждөг, бие биенээ хэмлэж муулж сайлдаг, хүн нь хүнээ байдаг гэх дүр бүтээсэн болохоос агуулгаараа бидний ирэх жилүүдийн нийгэм дэх амьдралын баталгаа болох ёстой үйл ажиллагаа билээ.
Одоо бид асуудлыг ТОМ зургаар нь харах, бидний сэтгэлзүйгээр тоглолт хийсэн бичлэг бичвэр дэмий ярианд тархиа угаалгахаа болих цаг иржээ. Энэ бүхний ард төрд олон жил бугалсан бүлэглэл, тодорхой хүмүүс л бий. Өдөр тутам сошиал медиа, зурагт, сонин сэтгүүлээр харагддаг, барааг нь харахаас дотор муухай оргимоор улс төржилтүүдийн эцсийн зорилго нь залуусыг улс төрөөс хол байлгах, худалдаж авах боломжгүй хүмүүсийнхээ дургүй зүйлийг байнга ярьж хийж тэдний далд ухамсарт Монгол улс болохгүй байгаа мэт бодол төрүүлэх.
Энэ нийгэм хаашаа л яваад байна даа гэж хүмүүс хоорондоо их ярьдаг болсон. Монголын нийгэм хаашаа ч яваагүй – ТЭД тэгж харагдуулдаг юм. Өөрчлөлт өөрийн гэсэн бодолтой хүнд л ирдэг!