
ТУСЛАХ МАЛЧИН НЭРТЭЙГЭЭР ОЧИЖ, ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТОХИОЛДОЛ ОЛШИРСОН
Мөнгө нийлүүлж шатахуун аваад, машинтай хөдөөгүүр явж хулгай хийдэг бүлэг хулгайч манай улсад цөөнгүй бий. Тэдний хулгай хийх арга зам улам нарийсаж байна. Жишээлбэл, сүүлийн үед айлд туслах малчин нэртэйгээр очиж, хулгайн гэмт хэрэг зохион байгуулах тохиолдол гарах болсон. Өнгөрсөн онд гэхэд л бүлэг хулгайчид Дорноговь, Дорнод, Төв аймгийн туслах малчнаар дамжуулан олон тооны мал хулгайлсан байна.
Тодруулбал, тэд эхний ээлжинд өөрийн нэг хүнээ сонгосон айлдаа малчнаар оруулдаг. Тэр хүн нь туслах малчны цалин авахын сацуу хамсаатандаа мэдээлэл өгөх зорилгоор тэр айлдаа амьдарна. Улмаар уулзах газар, өдөр, цагаа тохиролцож, айлынхаа малаас тасалж хамсаатнууддаа өгдөг байна. Ингэхдээ ихэвчлэн жалга, судаг буюу хонхор газар уулзана. Ирсэн хэргээ бүтээж, малаа туучихсан нөхөр төд удалгүй айлын эзэдтэй хэрүүл шуугиан болж “Би ингэж ажиллаж чадахгүй” гээд явчихдаг гэнэ.
Үүнээс гадна махны ченж, мал нядалгааны газруудыг ч сүлжээндээ оруулсан байдаг. Хэрэв тухайн ченжид 100 хонь, арван үхэр хэрэг боллоо гэхэд хулгайч нартаа хэлдэг.
Хулгайч нар мөнгө олохын тулд түүний шаардсан хугацаанд, захиалсан малыг бэлэн болгодог. Энэ мэт хулгайн гэмт хэрэг үйлддэг цөөнгүй бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлж, хэргийг шийдвэрлэсэн.
Гэвч энэ төрлийн гэмт хэрэг тасрахгүй гарсаар байна. Наадмын энэ олон өдрүүдэд малчид та бүхэн сонор сэрэмжтэй байгаарай даа.
Хуульч, өмгөөлөгч Т. Хонгор
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.