Бразилийн Ерөнхийлөгч хөл хориог эсэргүүцэгч нарын жагсаалд нэгджээ

Twitter Print
2020 оны 04-р сар 20-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахалтай холбоотойгоор тогтоосон хөл хориог эсэргүүцсэн хэдэн зуун иргэд Бразилийн Рио де Жанейро, Сан Паулу зэрэг хотуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд жагсаал зохион байгуулжээ.

Ачааны машин, жижиг оврын автомашин, мотоцикл унасан иргэд коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор хөл хорио тогтоосон эрх баригчдыг огцрохыг шаардан, дуут дохиогоо хангинуулан, гудамжнаа жагссан байна. Хөл хорио тогтоосноор тус улсын ихэнх аж ахуйн нэгжүүд сүүлийн хэдэн долоо хоногийн турш хаалгаа барихад хүрээд байгаа билээ. Өнгөрсөн ням гарагт нийслэл Бразилиад болсон эсэргүүцлийн жагсаалд Бразилийн Ерөнхийлөгч Жэйр Болсонаро нэгджээ.

Жагсаалд оролцогчид хөл хориотой холбоотойгоор тогтоосон арга хэмжээнүүдийг цуцалж, хөл хориог дэмжсэн Конгресс болон Дээд шүүхийг армийн оролцоотойгоор татан буулгахыг шаардсан байна. Жагсаалд оролцсон Бразилийн Ерөнхийлөгч Жэйр Болсонаро амны хаалт зүүгээгүй байснаас гадна жагсагчдад хандан үг хэлэх үеэрээ хэд хэдэн удаа ханиалгасан болохыг сэтгүүлчид онцолжээ. Ерөнхийлөгч Жэйр Болсонаро хатуу хөл хорио тогтоохын эсрэг байр сууриа илэрхийлсэн ч коронавирусын халдварын дэгдэлтэнд ихээр өртсөн зарим мужуудын удирдлагууд сургууль, цэцэрлэгүүд, аж ахуйн нэгжүүдийг хааж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан билээ.

Jair Bolsonaro joins hundreds of anti-lockdown protesters in Brazil

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Жэйр Болсонаро Эрүүл мэндийн сайдаа албан тушаалаас нь огцруулсан ба шинээр томилогдож буй сайдаа танилцуулах үеэрээ хөл хорионы улмаас үүсэх эдийн засгийн хор хохирол нь коронавирусын халдварын дэгдэлтээс үүсэх хор уршгаас ч илүү хортой байх болно гэдгийг онцолжээ. Нөгөөтэйгүүр олон нийтийн санал асуулгын үр дүнд бразилчуудын дийлэнх нь хөл хорионы дэглэмийг дэмжиж байгаа гэж гарсан байна.

Бразилд ням гарагийн байдлаар коронавирусын халдвар авсан 38 654 тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 2462 хүн нас бараад байна. Энэ нь Латин Америкийн орнуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • кк

      (202.179.25.117) 2020-04-21 09:34
      • 0
      • 0

      МӨНГӨТЭЙГээ зууралдаад КОРОНАДвал таарна

      Хариулах