Соёлгүй улс төр

Twitter Print
2014 оны 05-р сар 21-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Сөрөг хүчин хэмээн өөрсдийгөө тунхаглаад байгаа МАН-аас улс төрийн ухаалаг тоглолт гарахгүй болсоор удсан. Үүнийг олон нийт МАН-ын “шархтай” лидерүүдтэй холбон тайлбарладаг. Өөрсдөө төрийн эрхийг 20 шахам жил барьж зах зээлийн эдийн засагт шилжүүлнэ хэмээн үлгэр ярьсаар хөгжил ч үгүй, хогшил ч үгүй үлдээсэн МАН-ынхны хувьд үнэндээ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод байгаа билээ. Эрх баригч намыг шүүмжлэх гэхээр өнөө хэд нь “Та нар өөрсдөө хийж байхгүй яасан юм бэ” хэмээн асууж амыг нь таглана.

Төрийн эрхэнд халаа сэлгээгүй олон жил ээлжлэн залрахдаа татвар төлөгчдийн мөнгөөр шоудаж, Солонгос руу казинод тоглох зам хүртэл гаргаад амжсан МАН-ынхны хувьд эдүгээ эрх баригч намыг хатуу үгээр хэлэх ч эрхгүй сууна. Тиймээс ч МАН-ын гишүүдийг шархтай чоно шиг хэмээн тодорхойлж, хэлсэн үг нь хий агаарт замхрахтай адил үр дүнгүй сонсогдох болсон гэлцдэг. МАН-ын сайд нарын үлдээсэн өрийг төлөх гэж багагүй хугацаа алдаж буйгаа Ерөнхий сайд болон түүний танхимын гишүүд хааяахан дурсдаг. Сү.Батболдын үед тавьсан өрийг “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсээр төлсөөр хоёр оныг дамнаж буй нь хэнд ч тодорхой болсон. Үүнтэй адил М.Энхболдын хотын мээр болон Ерөнхий сайд байх үедээ будлиантуулсан газрын наймааг цэгцлэх гэж АН-ын холбогдох хүмүүс болсон болоогүй луйврын барилгын зөвшөөрөл, газрын гэрчилгээтэй хөөцөлдсөөр мөн л хоёр жилийг алдлаа.

“Төрийн өмчийн газар тул зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” хэмээсэн цэнхэр самбар өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалж байгаад иргэд таатай байдаг. Энэ мэтээр тоочоод байвал МАН-ын засгийн үед ил далд ихээхэн авлигаар шийдэгдэн, эгэл иргэдийг хохироож байсан олон асуудал эдүгээ эрэмбэндээ орж байна. Тиймээс ч олон нийт МАН-ын сайд асангуудыг дэлгэцээр хармагцаа хуучныг санаж, хуудууг нь тоочиж, элэглэн шоглох болсон. Ямартаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өрөөнд заларч, телевизийн сурвалжлагч, камерын дэргэд томрох гэж ихэд хичээсэн М.Энхболд, С.Бямбацогт  нарыг эмээ өвөө нар хүртэл шоглон, залуус онигоо зохион дүрсгүйтэж байхав. Ялангуяа ”Энэ өрөөнд би бас сууж л байсан. Намайг сууж байхад...” гэж ирээд л гэдгэр загнасан М.Энхболдын үгэнд иргэд ихэд эгдүүцжээ.

Ерөнхийлөгч Н.Энхбаярын шууд дэмжлэгээр хотын мээрийн суудалд заларч, тэндээсээ кранаар өргүүлэх мэт Ерөнхий сайд болоод амжсан М.Энхболд төрийн өндөр албан тушаалд олон жил ямбалахдаа юу хийсэн юм бэ? Тодруулбал, эдүгээ Н.Алтанхуягийн сууж буй ерөнхий сайдын өрөөнд Н.Энхбаярын шууд нөлөөн дор, МАХН-ын бамбайн цаана хоргодож суухдаа М.Энхболд Монгол улсад ямар шинэчлэл авчирсныг асуух цаг болсон аж. Тухайн үед сонгуулийн шоу хэмээх асар өндөр өртөг бүхий урлагийн тоглолтоор сонгогчдыг хуурч, тойргуудад гурил будаа, авдар авдар архи тараан иргэдийн саналыг ходоодоор нь хэмждэг байсныг эдүгээ олон хүн санаж байгаа. Харин ард нь Н.Энхбаяр, М.Энхболд, Д.Бадамжунай нараар тэргүүлүүлж, “улаан хацарт” хочтой Д.Батбаяраар балиашиглуулан газрын наймаа цэцэглэж, төрөөс төрсөн олигархуудын эгнээ улам бүр хүчээ авч, төрөөс санхүүждэг хувийн компаниуд иргэдийн хэрэглээгээр тоглож байсныг өдгөө ард түмэн мартаж амжаагүй байна. Тиймээс ч М.Энхболдын Н.Алтанхуягийн өрөөнд сонгогч олныг төлөөлөн залрахдаа “Намайг энэ өрөөнд суудаг байхад...” хэмээн цэцэрхсэн нь телевиз үзэгчдийн тэвчээрийг шалгамаар эвгүй сонсогджээ.

Дэлхийн эдийн засаг уналтанд орж, түүнийг даган Монголын байдал хүнд байгаа хэдий ч АН-ын толгойлсон Н.Алтанхуягийн удирдсан Шинэчлэлийн засгийн газар 3000 гаруй км зам ашиглалтанд өгч, С.Батболдын үеийн 380 сая ам.долларын өрийг Хятадын талд бүсээ чангалан байж төлсөөр байгаа бус уу? Эдүгээ эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг эрч хүчтэйгээр зарлан, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих цогц бодлого хэрэгжүүлж байна. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад төрийн ордны зүүн жигүүр авлигач, газрын наймаачдын өмнө чөлөөтэй нээлттэй байсан нь үнэн л биз. Харин эдүгээ үндэсний үйлдвэрлэгч, шинэчлэлийг эрхэмлэгчдэд нээлттэй болсон. Эсвэл энэ нь 20 шахам жил төрийн өндөр албан тушаалд ээлжлэн тухалж явсан МАН-ын сайд асангуудад таалагдахгүй байна уу?

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.