LUX болон ZU баарны тусгай зөвшөөрлийг цуцална

Twitter Print
2020 оны 05-р сар 03-нд 17:48 цагт
Мэдээний зураг,

НЗДТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар өнөөдөр /2020.05.03/мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд тавдугаар сарын 2-ны өдрөөс согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг нээсэн.

Энэ хүрээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагууд 07.00-00.00 цаг хүртэл ажиллах ёстой. Харамсалтай нь, баар, цэнгээний газрууд дээрх цагийн хуваарийг баримталж ажиллахгүй байгаагийн зэрэгцээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиагүй, нийт талбайныхаа 50 хувийг ашиглах ёстой байтал ашиглаагүй олон хүний бөөгнөрөл үүсгэж, зай хоорондын дэглэмийг бариагүй, амны хаалтыг ажилтан болгон зүүгээгүй, үймээн үүсгэсэн зэрэг зөрчил илэрчээ. Иймээс НЗДТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн 1-р хороо "Мөнх тэнгэрийн ивээл" компанийн LUX болон Сүхбаатар дүүргийн 3-р хороо "Драгон Дэн" компанийн ZU баарны согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон гэдгээ мэдэгдэж байна.

Үүний зэрэгцээ, нэгдүгээр сарын 27-оос хойш удаа дараа Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг зөрчсөн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлсэн байна. Энэ хүрээнд нийт 31 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гэдгийг Нийслэлийн цагдаагийн газар мэдээлэв.

Мөн нийслэлийн Засаг дарга сургалтын төвийн үйл ажиллагаа хориглосон зүйл байхгүй. Засгийн газрын гаргасан тогтоолын дагуу танхимын сургалтын үйл ажиллагаанд тавьсан хоригоо сунгасан тул нийслэлийн Захирагчийн ажлын алба сургалтын төвийн үйл ажиллагааг нээх боломжгүй байгаа. Гэхдээ Засгийн газар энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэж, шийднэ гэж найдаж байна гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг бөөний төв, хүнсний дэлгүүр 5756, баар, ресторан, караоке 3488 гээд нийт 9244 аж ахуй нэгж тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагуудад Цагдаагийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллаж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.