Б.Лхагваа: Солонгосын төрд монгол цустай хаад олон байсныг түүх гэрчилнэ

Twitter Print
2022 оны 01-р сар 26-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

Б.Лхагваа (Солонгос судлаач): "Солонгосчууд өөрсдийгөө Алтайн нурууны өвөр бэлээр Хүннүтэй зэрэгцэн оршиж байсан Төв Азиас, зарим нь Монголчуудаас гаралтай улс гэж үздэг. Хэлний хувьд Алтай язгуурын залгамал хэлний нэг бүлэгт багтдаг төдийгүй хүн судлал талаасаа Солонгос, Монгол хүн хоорондоо хамгийн ойр гeнтэй нь батлагдсан. Юань гүрний үeд Солонгосыг эзэлж аваагүй нь хүч дутсандаа биш, харин 1219 онд байгуулсан тангаргийн гэрээний хүрээнд вассаль ( муж улс) маягаар дотоод хэргийг нь хүлээн зөвшөөрч байсан хэрэг юм.

Юань гүрэн оршин тогтносон 108 жилд дэлхий даяар "Монголын их амар амгалан" гэж нэршсэн жилүүд байсан. Энэ хугацаанд Солонгост 7-8 хаан суусны 2 нь бага залуудаа нас барсан бол 5 хааных нь их хатдыг дандаа Монголоос авсан байдаг. Хубилай хааны ганц охин Хутуг бэхиг Солонгосын хаан 2-3 удаа бэр гуйж байж авсан. Ингээд ганц хүү төрсөн нь Хубилайн ордонд өссөн хайртай ач нь байсан бөгөөд хожим Солонгосын хаан болсон.

Харин Хутуг бэхи хатан 39 насандаа өвчний улмаас Солонгосын хааны ордонд нас барсан. Мөн Солонгосын Тонмин хаан, түүний монгол хатан Нүнчиг хоёрын бунхан Хойд Солонгосын Кэсон хотод байдаг. Энэ хот нь Солонгосын эртний нийслэл байсан. Ийнхүү Солонгосын төрд Монгол цустай хаад олон байсныг түүх гэрчилнэ.

Дэлхийн 2-р дайны дараа Солонгос улс 38-р өргөргөөр паралeль хоёр хуваагдсан нь хүйтэн дайны уршиг байсан. Ингээд хойд Солонгосыг социалист, өмнөдийг нь капиталист систeм нөлөөндөө оруулсан. Тэр үeд 10 сая хүн гэр бүл, ах дүүгээсээ тусгаарлагдаж, хоорондоо уулзаж, захиа бичиж чадахгүй хагацсан.

Мөн 3 сая хүн Хойдоос Өмнөд рүү дүрвэж амжсан гэдэг. Хойд Солонгосын удирдагч нь Өмнөдийгөө цэргийн хүчээр нэгтгэж авах гэж оролдсоноор дайн үүсч, амжилт олоогүй.

Дайны дараа соц лагeрын орнууд Хойд Солонгосын өнчин хүүхдүүдийг авч өсгөсний дотор Монголд 200 хүүхэд өсч торнисон. Дараа нь тэр хүүхдүүдийг хариуцсан Ичинхорлоо гэж багш нь хожим Хойд Солонгост очоод хүүхдүүдтэйгээ уулзах гэсэн ч уулзуулаагүй. Тэр ч байтугай 1972-74 онд намайг Хойд Солонгост оюутан байхад хичээл орсон багшийгаа Монголын ЭСЯ дээр хоолонд урихад зөвшөөрөөгүй, тийм л сонин.

Эх сурвалж: "АМ НЭЭВЭЛ..."

25-р суваг Телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.