
ИТГЭМЭЭРГҮЙ НҮҮДЭЛ
Энэ эрвээхэйн амьдрал тун сонирхолтой. Урт нүүдлийг дуусгахад амьдрах хугацаа нь хүрэхгүй боловч үр төл нь үргэлжлүүлнэ...
Тэд Хойд америк, Канадын хил орчимд нутагладаг бөгөөд хүйтний улирал ирэх үед өмнө зүгт Мексик хүртэл 4-5 мянган километр нисдэг байна. Хамгийн гайхалтай нь энэ урт аялалд эрвээхэйн нас нэг талдаа нэг л удаа явахад хүрэлцэнэ. Харин дараа дараачийн үе нь зөвхөн байгалийн зөн, генийн тусламжтай үргэлжлүүлэн энэ циклийг дагаж буцаж ирэх нүүдлийг гүйцээдэг нь гайхмаар. Өөрөөр хэлбэл тэд огт явж үзээгүй газар руу цаг нь болонгуут өөрсдийн зөн совин, генийн санд нь бичигдсэн өгөгдлийг ашиглан аянд морддог ажээ. Мексик руу очоод эхэлсэн газраа буцаад ирэх нийт аялалд тус эрвээхэйн 4 үе дамждаг байна.
Америкийн хойд нутгаар зун өндөрлөж цаг агаар сэрүүсч намаршаад ирэнгүүт олон сая монарч эрвээхэй сүрэглэн өмнө зүгт Мексикийн төв хэсэгт байх уулсыг зорин нисэх аялалд бэлтгэнэ. Ингээд өвөл болохоос өмнөхөн тэд гурваас дөрвөн мянган метрийн өндөрт гарч агаарын дулаан урсгалыг ашиглан өдөрт гурван зуу хүртэл километр явах бөгөөд тавь орчим хоног нисэж зорьсон газартаа хүрдэг ажээ.
Ингээд ояамель модны мөчир дээр хэдэн саяараа бөөгнөрөн сууж дулаан энерги үүсгэн өвлийг өнгөрүүлдэг байна. Өвөл дуусч хавар болонгуут буцаад хойд зүг рүү нисэн Техас орчмын илүү дулаахан бүсэд очин үржилд орсноор энэ үеийн амьдрал дуусна. Энэ үеийнхэн асар урт буюу 7-8 сар амьдардаг тул Супер үе хэмээн нэрлэнэ.
Улмаар дараагийн үе шим тэжээлтэй сүүн замгаар хооллон хурдтай өсч торнин буцах нүүдлийг үргэлжлүүлэх бөгөөд буцах зам салхи сөрөн уулсыг тойрч, махчидаас зугтааж явах тул нэн бэрхшээлтэй.
Энэ үеийнхэн харьцангуй богино буюу дунджаар 5-7 долоо хоног амьдрах бөгөөд хойд зүгт сүүн замаг байрших дараачийн үржилд орох газар руу яаравчлан нүүдэллэнэ.
Ингээд дараачийн үеийг бойжуулж аялалын жолоог атгуулах байдлаар явсаар бүтэн 4 үеийн дараа эх нутагтаа хүрэлцэн ирдэг байна. Харин намар болоход дахиад л "супер үе" их аянд бэлэн болно.
Монарч эрвээхэй - Monarch Butterfly
Зураг: Chris Сlor
Түмэнжаргалын Ерөөлт
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.