“Эврика-2014” ЭШБХ-ын гранпри шагналт оюутан Б.Жаргалсайхан: Судалгаагаа үргэлжлүүлэх боломжийг олгох компанид л ажилламаар байна

Twitter Print
2014 оны 05-р сар 20-нд 18:44 цагт
Мэдээний зураг,

Монголын Залуучуудын Холбооноос 21 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Эврика” үндэсний хэмжээний залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн сард болж шилдгүүдээ тодруулсан юм. 2013 оноос эхлэн “Эврика” ЭШБХ нь УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн үндэсний хэмжээний 10 компани ивээн тэтгэхээр болсон юм. Энэ жил 10 салбар хуралдаан болсон бөгөөд 4-р сарын 16-нд нэгдсэн хуралдаан Төрийн ордонд зохион байгуулагдаж шилдгийн шилдэг залуу багш, оюутныг шалгаруулсан. Энэ жилийн шилдгийн шилдэг оюутан Б.Жаргалсайхан  /ШУТИС-Геологи газрын тосны сургуулийн Ашигт малтмал эрэл хайгуулын 4-р анги/ шалгарсан юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

Монголын Залуучуудын Холбооноос 21 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Эврика” үндэсний хэмжээний залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн сард болж шилдгүүдээ тодруулсан юм. Нийт 10 салбар хуралдаан болсон бөгөөд 4-р сарын 16-нд нэгдсэн хуралдаан Төрийн ордонд зохион байгуулагдаж шилдгийн шилдэг залуу багш, оюутныг шалгаруулсан. Энэ жилийн шилдгийн шилдэг оюутнаар  Б.Жаргалсайхан  /ШУТИС-Геологи газрын тосны сургуулийн Ашигт малтмал эрэл хайгуулын 4-р анги/ шалгарсан юм. Ингээд түүнтэй хийсэн товч ярилцлагыг хүргэе.

Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Эврика эрдэм шинжилгээний бага хуралд шилдгийн шилдэг оюутан болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. “Эврика” эрдэм шинжилгээний бага хуралд анх удаагаа оролцоод шилдэг гранпри шагнал хүртэнэ гэдэг бол миний хувьд үнэлж барамгүй том амжилт. Үүнийг дагаад өндөр хариуцлага ирж байгаа болов уу. Цаашид ажил дээр гараад 4 жилийн хугацаанд сурч мэдсэнээ хэрэгжүүлэхээс гадна, олон судалгаа шинжилгээний ажил хийнэ гээд төлөвлөсөн байгаа. Би залуу хүн цаашид хийж бүтээх зүйл их байна. Манайх байгалийн баялаг ихтэй улс, энэ баялгийг судалж, зөв ашиглана гэдэг залуус бидний хийх ёстой ажил гэж ойлгодог, ахмад үе маань ч үүнийг хүсч байгаа болов уу. Өмнө нь “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлын талаар их сонсч байсан ч орж зүрхэлдэггүй, өөрийгөө их голдог байлаа. Юун түрүүн зориг, итгэл өгсөн багш нар, гэр бүл, ангийнхандаа, найзууддаа баярлалаа гэдгээ хэлмээр байна.

“Эврика” бол 21 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа Монголдоо дээгүүрт ордог ЭШБХурал шүү дээ. Энэ жилийн онцлог нь юу байсан гэж оролцогчийн хувьд бодож байна?

“Эврика” бол яалт ч үгүй чансаа өндөртэй, өндөр түвшинд зохион байгуулагддаг, босго өндөртэй том хурал гэж миний хувьд боддог. Салбар салбарын шилдгүүдийг тодруулж нийгэмд таниулах оюутан болон багш нарын судалгааны ажлыг олонд түгээх, нөгөө талаараа өөр өөр сургуулийн олон салбарын шилдэг оюутнуудтай өрсөлдөх боломж бололцоог олгосноороо онцлог байлаа.

Хамгийн их таалагдсан, сонирхолтой  илтгэл аль нь байв?

Бүх л илтгэлүүд сонирхолтой шинэ санаа, үр дүнтэй, нийгэмд хүртээмжтэй, ашигтай гээд өөр өөрийн онцлогтой байсан. Би өөрөө геологийн салбарын оюутан болоод ч тэр үү “Эврика-2014” ЭШБХ-ын шилдгийн шилдэг багш болсон манай сургуулийн багш Ө.Бүрэнжаргалын танилцуулсан илтгэл болох  “Баруун Монголын Цээлийн метаморф террейн дэх гүний чулуулгийн (магмын) түрэлттэй холбоотой дулааны хувьсал” сэдэвт илтгэл их таалагдсан.

Та өөрийнхөө илтгэлийн талаар ярихгүй юу? Онцлог шинэлэг санаа нь юу байв ? 

Энэ жил миний бэлтгэж орсон илтгэлийн сэдэв “Оюут улаан зэс алтны порфирын хүдэржилтийн судалгаа” байсан. Ер нь дэлхий нийтэд зэсийн олборлолтын 70 орчим хувийг энэ төрлийн буюу порфирын төрлийн ордоос авч ашигладаг юм. Манай оронд ч гэсэн энэ төрлийн хүдэржилттэй орд илрэлүүд нэлээд багагүй тогтоогдоод байгаа юм. Жишээ авч үзвэл дэлхийд нөөцөөрөө нэлээд томд тооцогддог Оюу-Толгой, Цагаан Суварга, Хармагтай, Зуун мод гэх зэрэг ордууд байгаа.  Ийм учраас энэ төрлийн ордуудааар өөрөө явж, хээрийн нөхцөлд танилцсан “Оюут Улаан зэс алтны порфирын орд”-ын хүдэржилт болон хүдэр агуулж байгаа чулуулгийн эрдэслэг бүрэлдэхүүн зэргийг судлахаар зорьж энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн юм. 

Энэ жил “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлын шагналын сан өндөр байлаа. Сэтгэгдэл ямар байна. Шагналын мөнгөөрөө юу хийхийг хүсч байна вэ?

Мэдээж сэтгэгдэл их өндөр байна. Оюутнууд бидэнд хамгийн  их хэрэгтэй зүйл чинь мөнгө шүү дээ. Тэр тусмаа төгсөх курсын оюутан надад цагаа олсон том бэлэг боллоо. Шагналын мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлнө, төгсөлтийн баяртаа зориулна. Дэмжиж, зориг, урам өгсөн хүмүүсээ баярлуулна тэгээд ч мөнгө үлдэх юм байна. Үлдсэн мөнгөө хадгална. /Инээв/

Цаашид таны илтгэлийн сэдвийн хүрээнд ямар ажлууд хийвэл  зүгээр вэ? Танд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

Цаашид судалгаа хийж эрдэм шинжилгээний бүтээл туурвих эрмэлзэл мэдээж байгаа. Гэвч хөрөнгө мөнгө асуудал шүү дээ. Юун түрүүнд судалгааг дэмжиж ажиллуулах баг хамт олон болон тоног төхөөрөмжийн хангамж, ажлын таатай орчин нөхцөл хэрэгтэй байгаа. Миний хувьд энэ төрлийн судалгааг улам боловсронгуй болгож гүн гүнзгий нарийн судалгааг боломжоороо хийгээд л явах болно. Томоохон үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Манайд уул уурхайн салбар  хөгжиж эхэлж байна. Цаашид сургуулиа төгсөөд аль компанид ажиллана гэж бодож байна вэ?

Одоогийн байдлаар надад геологийн ямар нэгэн байгууллагаас ажлын санал ирээгүй байна. Миний судалгааны талбай болох Оюут-Улаан зэс алтны порфирын ордын талбайг эзэмшигч “Xanadu Mines ” ХХК  энэхүү судалгааг үргэлжлүүлэх боломжийг нээж өгвөл тус компанид ажиллах сонирхолтой байгаагаа ярилцлагаараа дамжуулаад хэлмээр байна.

Залуу судлаачийн хувьд төрөөс үзүүлэх яг ийм бодит дэмжлэг хэрэгтэй байна гээд хэлвэл...?

Судалгааны ажил хийнэ гэдэг ер нь хүнд нөхцөлтэй. Тэр дундаа мэргэжлийн сайн баг хамт олон, орчин үеийн техник, тоног төхөөрөмжгүйгээр явахад хүндрэлтэй байдаг. Судалгааны ажил дундаа байгалийн буюу геологийн судалгааг явуулахад тоног төхөөрөмжийн бололцоо тааруу байдаг. Энэ тал  дээр анхаарч дэмжээсэй гэж хүсч байна.

Ярилцсанд баярлалаа Танд амжилт хүсье.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.