Майкл Клечески: Монголын гэсэн бүхнийг АНУ-д хэзээ ч ийм ихээр сонирхож байгаагүй хэмээн би бодож байна

Twitter Print
2020 оны 12-р сар 15-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл Клеческитэй ярилцлаа.

-Монгол Улс гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд АНУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг. АНУ ч мөн ялгаагүй бөгөөд манай улсыг стратегийн түншлэл тогтоосон 17 дахь улсаараа сонгосон нь үүний илрэл болов уу. Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ямар ахиц дэвшил, өөрчлөлт гарсан гэж та үзэж байна вэ?

-Манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа нь ардчилсан улсууд хоорондын олон улсын хамтын ажиллагааны гялалзсан жишээ учраас зөвхөн хоёр оронд төдийгүй бүс нутгийн хувьд ч ихээхэн ач холбогдолтой юм. Хамтын үнэт зүйлс болох ардчилал, хүний эрх, чөлөөт шударга хувийн хэвшилт эдийн засгийн өсөлт, улс үндэстний  тусгаар байдалд бидний харилцаа тулгуурладаг билээ. Эдгээр нь манай хоёр орны аль алиных нь суурь үнэт зүйлс бөгөөд америкчууд, бас миний итгэж үнэмшиж буйгаар  монголчууд ч тэдгээрт чин сэтгэлээсээ итгэдэг гэж би боддог. Ийм учраас бидний түншлэл маш хүчирхэг бөгөөд улам бүр нягт болж байна. Ардчиллын төлөө бид тууштай хэвээр байгааг энэ онд манай хоёр улсад болсон түүхэн сонгуулиуд илтгэн харууллаа. Бидний хамтын ардчилсан үнэт зүйлс гэдэг нь хоёр орны ард түмэн засгийн газраасаа хүний эрх, хуулийн засаглал, шашны эрх чөлөө, олон талт байдал болон оролцоог хамгаалахыг шаардах, эдгээр эрх нь  хөндөгдвөл үзэл бодол, санаа зовнилоо илэрхийлэх эрх чөлөөтэй байхыг хэлж байгаа юм.

Монгол, АНУ-ын стратегийн харилцаа нь зөвхөн цаасан дээрх үг төдий биш юм. Бид хоёр орныхоо ард түмэнд бодит үр дүнг нь хүргэж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн Монгол дахь үйл ажиллагаа зогсоход тун ойртоод байсан боловч стратегийн түншлэлийн хүрээнд бүр далайцтай ажиллахаар эргэн ирээд байна. Бид саяхан Хөгжлийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Гэри Роббинс тэргүүтэй ОУХА-ийн хоёр албан тушаалтныг Элчин сайдын яамандаа угтан авлаа. Тэд маань нилээд хэдэн жилийн дараа Монголд урт хугацаагаар томилогдож буй ажилтнууд юм. Тэд хүртээмжтэй, тогтвортой, хувийн хэвшилд түшиглэсэн эдийн засгийн өсөлт, сайн засаглал болон засаглал дахь иргэдийн оролцоо гэх мэт ардчилсан үйл явцын төрөл бүрийн практик хүчин зүйлд онцгойлон анхаарал хандуулсан Монголын хөгжлийг дэмжих шинэ стратеги боловсруулах ажлынхаа сүүлийн шатанд ороод байна.  

Өнгөрсөн жилийн хугацаанд ОУХА Монгол дахь хөтөлбөрөө ихээхэн өргөжүүлсэн. Үүнд “COVID-19”-тэй тэмцэхэд зориулж 1.7 сая ам.долларын тусламж, жижиг дунд үйлдвэрүүдэд цар тахлыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий 15 сая ам.долларын санхүүжилттэй “BEST” хөтөлбөр, их хурлын, орон нутгийн болон ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэйчүүд, залуусын оролцоог нэмэгдүүлэх, сонгогчдыг мэдээллээр хангахад зориулан 3 сая ам.долларын нам бус хөтөлбөр, хувийн хэвшилд суурилсан эрчим хүчний зах зээл рүү шилжихэд тусламж болгон 2.7 сая ам.доллар, Монголын залуу манлайлагчдын шинэ үеийг чадваржуулах “LEAD” хөтөлбөрт зориулсан 6.6 сая ам.долларын санхүүжилт багтаж байна. Мөн бид тэтгэлэг, солилцоо болон англи хэлний хөтөлбөрүүдээ нэмэгдүүлж байгаа бөгөөд цар тахлыг даван туулсны дараа бүр өргөжүүлнэ. Бизнес, шинжлэх ухаан, технологи тэргүүтэй бусад салбарт олон улсын хэл болсон англи хэлийг сурах нь  монголчуудын хувьд  нэн тэргүүний зорилт гэдгийг  мэдэж байгаа тул бид үүнд ихээхэн анхаарал хандуулж байна. Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Цэргийн атташегийн албаараа дамжуулан Монгол орон даяар дөрвөн цэцэрлэгийн барилгыг АНУ-ын татвар төлөгчдийн 2 сая ам.доллараар барилаа. Монголчууд англи хэл сурах шаардлага, мөн цэцэрлэг ихээхэн хэрэгтэй байгаа талаар надад байнга хэлдэг учир бид энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахад  чадах зүйлээрээ туслахаар ажиллаж байна. 

-Монгол Улс, АНУ нь 1987 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Харин хоёр улсын иргэд хоорондын харилцаа олон зуун жилийн өмнөөс эхлэлтэй. Монгол Америкийг ойртуулсан түүх 100 гаруй жилийн өмнөөс эхэлж, Америкийн бизнесменүүд, хувь хүмүүс Монголд ирж бизнес, тэр тусмаа хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг сонирхож байсан баримт бий. Хоёр улсын харилцааны ирээдүйн чиг хандлагыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Таны зөв. Нэг талаар Монгол Улс ардчиллыг сонгох зоригтой, мөн миний бодлоор зөв шийдвэрийг гаргаснаас хойш манай хоёр орны харилцаа илүү ойр дотно болсон бөгөөд харин Монгол, АНУ-ын иргэд хоорондын болон арилжааны харилцаа нь өнө эртний түүхтэй. 

Хоёр орны хамтын  суурь үнэт зүйл болох шашны эрх чөлөөний ойлголт нь Монголын түүхээс үүдэлтэй байж магадгүй талаар Жак Уэтерфордын бичсэн гайхалтай номуудаас би уншсан. Энэ талаар баримт дурдвал, АНУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг, манай улсын гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон “Монголын нууц товчоо”-г номын сандаа хадгалдаг байж. Энэхүү ном одоо Конгрессын номын санд хадгалагдаж, олон нийтэд нээлттэй үзмэр болсон. Иймээс бидний харилцааны түүх манай улс байгуулагдаж байсан үеэс эхлэлтэй гэдэг нь тодорхой байна. 

Өнгөрсөн онд буюу цар тахал дэгдэхээс өмнө манай Элчин сайдын яам АНУ-ын Батлан хамгаалахын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх зэрэг өндөр түвшний  олон зочдыг Монгол Улсад хүлээн авсан. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Вашингтон хотод төрийн айлчлал хийх үеэр нь түүнийг дагалдах завшаан надад тохиолоо. Ийнхүү айлчлалын тоо нэмэгдсэн байж болох ч энэ нь шинэ зүйл биш юм. Хоёр орон дипломат харилцаа тогтоохоос ч өмнө Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт Дэд ерөнхийлөгч Хенри А.Уоллесийг 1944 онд Монгол Улс руу илгээж байв. Мөн Дээд шүүхийн шүүгч Уильям О.Дуглас 1962 онд Үндэсний газар зүйн нийгэмлэгийн хамт айлчилжээ. Нэмж дурдахад, АНУ-ын Конгресст Монголыг сонирхох сонирхол хүчтэй хэвээр байгаа бөгөөд зорчих хөдөлгөөн сэргэсэн даруйд парламент хоорондын солилцоогоо үргэлжлүүлнэ хэмээн бид найдаж байна. 

Харилцааны ирээдүйн чиг хандлагын хувьд, хоёр орны ардчиллын хамтын үнэт зүйлс, ард түмэн хоорондын найрамдалт нөхөрлөл орон зайг үл харгалзан хоёр орныг улам ойртуулсаар байх болно. Хоёр орны харилцаа холбоог улам түргэтгэх нэг зүйл нь шууд нислэг байна. Монгол иргэдийг нааш нь татах, бас Монголоос эмнэлгийн хэрэгслүүдийг АНУ-д хүргэх зорилгоор цөөн тооны нислэг үйлдээд байгаа. Бид арилжааны, зорчигч тээврийн шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх талаар Монголын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.  Шинэ нисэх буудлын хамтаар энэхүү нислэг нь бизнес, аялал жуулчлал, боловсролын салбарт ашиг тусаа өгч, америкчууд Монголыг зорин ирэхэд ч, монголчууд Америк руу аялахад ч илүү хялбар болох юм. Саяхан хийсэн дипломат шууд нислэгүүд үүнийг хэрэгжүүлэх боломж байгааг бидэнд харуулсан боловч нислэгийг тогтмолжуулахад хоёр талаасаа хийх ёстой үлэмж хэмжээний процедурын алхмууд байсаар байна. 

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль саяхан боллоо. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд хоёр орны харилцаанд томоохон дэвшлүүд гарч байсан. Одоо олонхын санал аваад буй Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийг хэрхэн тодорхойлсон бэ? Тэр дундаа Ази, Монгол руу чиглэсэн бодлого нь ямар онцлогтой байх вэ?

-2020 оны ерөнхийлөгчийн сонгууль маш онцгой боллоо. Цар тахал дэгдсэнийг үл харгалзан сонгох эрхээ хэрэгжүүлж буй сонгогчдын тоо урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч, олон сонгогч саналаа шуудангаар өглөө. Энэ онд Монгол, АНУ-ын аль алинд нь ардчилал биеллээ олж байгааг харахад таатай байлаа. 

Хоёр орны ирээдүйн харилцааны хувьд гэвэл, Монгол Улстай өрнүүлж буй бат бэх түншлэлийн харилцааг хоёр намын аль нь эрх барьж байгаагаас үл хамааран Цагаан ордон төдийгүй АНУ-ын Конгрессын түвшинд ч мөн адил дэмжсээр байна гэдгийг би баттай хэлж чадна. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд Америкийн улс төрийн хоёр том намын өндөр түвшний төлөөлөгчдийг Монгол Улс хүлээн авч, Бүгд Найрамдах, Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нар Монголын эрх баригчидтай Улаанбаатарт болон Вашингтонд уулзаж байсан. Одоо үүсээд буй нөхцөл байдал хэвийн болсон даруйд энэ бүхэн үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй байна. 

-Монгол, АНУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгаа гэдэгтэй та санал нийлэх үү? Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд АНУ-д айлчлах үед хоёр орны Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн замын зураглалыг баталсан. Уг зураглалын хэрэгжилт ямар шатандаа явна вэ?

-Манай хоёр орны эдийн засгийн харилцаа маш сайн байгаа бөгөөд улам бэхэжсээр байна. Бид хоёр орны ард түмэнд үр өгөөжтэй худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгохоор Монголын талтайгаа шаргуу хамтран ажилласаар байна. Жишээлбэл, хоёр орны худалдаа цар тахал дэгдэхээс өмнөхөн шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн. 2019 онд АНУ-ын экспорт сүүлийн таван жилийн дээд хэмжээнд хүрч, Монголоос АНУ руу хийсэн экспорт өмнөх оныхоос хоёр дахин өсчээ. Хөрөнгө оруулалтын хувьд ч АНУ-аас Монголд оруулах гадаадын шууд хөрөнгө оруулалт урьд байгаагүй өсөлт үзүүлсэн. Мөн Монголд оруулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр АНУ дөрөвдүгээрт бичигдэж буйг хэлэхэд таатай байна. 

Бид Монголын хөрөнгө оруулалтын орчныг гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй болгохын тулд Засгийн газар, бизнесийн төлөөлөлтэй хамтран олон зүйл хийж байна. Хөрөнгө оруулагчид найдвартай мэдээлэл, ил тод байдлыг маш их чухалчилдаг. Бид АНУ-Монголын Ил тод байдлын тухай хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна. Энэхүү хэлэлцээрийн дагуу Монголын Засгийн газраас олон улсын худалдаанд нөлөөлөхүйц хууль тогтоомжийг эцэслэн батлахаас өмнө төсөл дээр нь олон нийтийн саналыг авах шаардлага тавигдаж байгаа юм. Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтуудыг эцэслэн шийдвэрлэхээс өмнө санал бодлоо илэрхийлэх боломжийг олон нийтэд олгох “Legalinfo.mn” цахим хуудас ирэх хавар гэхэд ашиглалтад орно. Энэ нь бизнесийн зохицуулалтуудад нээлттэй, ил тод байдлыг авчрахад ихээхэн хувь нэмэр оруулах юм. 

Монгол Улсыг “FATF”-ын саарал жагсаалтаас гаргах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд манай Элчин сайдын яам танай Засгийн газартай нягт хамтран ажилласан. Энэ нь Монголын эдийн засгийн өсөлтөд ихээхэн ач холбогдолтой бөгөөд манай Засгийн газар дэмжиж, чухал үүрэг гүйцэтгэсэнд миний бие баяртай байна. Бидний хийсэн практик алхмуудыг дурдвал, Монгол Улсад мөнгө угаах сэжигтэй гүйлгээг шалгах чадавхийг эрс дээшлүүлэхэд чиглэсэн goAML хэмээх боловсронгуй программ хангамжийн багц авахад тусалсан. Мөн бид Монголын ард түмний өмч болох мөнгө, эд хөрөнгийг буцааж авахын тулд Хулгайлагдсан хөрөнгө буцаах Дэлхийн банкны санаачилгыг санхүүжүүлэхэд тусалсан.

Бид АНУ-ын Сангийн яамнаас орон тооны техникийн зөвлөх бөгөөд мөнгө угаахтай тэмцэх асуудал хариуцсан мэргэжилтэн авчирч, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд  ажиллуулж байсан. Удахгүй тэрээр эндэх ажлаа үргэлжлүүлэхээр эргэн ирэх боломжтой болно гэж найдаж байна. Мөн бид Монголын хууль сахиулах байгууллагуудад санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр долоо хоногийн эрчимт сургалт, гаалийн ажилтнуудад зориулсан олон тооны сургалтыг зохион байгуулсан бөгөөд хүчин чармайлтаа уялдуулан сайжруулахын тулд бусад дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажилласан. Бидний хийж гүйцэтгэсэн ажлууд Монголын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн дорвитой арга хэмжээнүүд үр дүнгээ өгсөн гэдгийг хэлэхэд таатай байна.

Өөр нэгэн зүйлийн талаар энд дурдах нь зүйтэй. Цар тахал дэгдсэн энэ цаг үед жижиг, дунд үйлдвэрүүд хүнд нөхцлийг даван туулах гэж хэрхэн тэмцэж байгааг бид мэднэ. Дээр дурдсанчлан ОУХА-аар дамжуулан бид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 15 сая ам.долларын санхүүжилттэй “BEST” хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь жижиг, дунд үйлдвэрүүдэд үйл ажиллагаа, засаглалаа сайжруулах, банкны зээл авах боломжийг бүрдүүлэхэд нь тусалж байна. Бизнесүүдэд мэдээлэл, сургалт, буцалтгүй санхүүжилтээр туслах “BEST”-ийн оффисууд орон даяар байгуулагдсан. Хэрэв таны эрхэлж буй бизнест тусламж шаардлагатай байгаа бол “@BESTprogramMN” нэртэй фэйсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Танд таалагдана гэдэгт итгэж байна.

-Боловсруулсан ноос, ноолууран бүтээгдэхүүн нь Монгол Улсын хамгийн их нөөц боломжтой экспортын бүтээгдэхүүн юм. Энэ чиглэлд хамтран ажиллахад хоёр талаас чухам ямар хичээл зүтгэл шаардлагатай вэ?

-Монголын хувийн хэвшил, мөн АНУ-Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь миний нэн тэргүүний зорилт бөгөөд АНУ-ын Сенатаар миний томилгоог хэлэлцэх сонсголын үеэр би үүнийг хэлж байсан юм. Ардчилсан гуравдагч хөршийн хувьд бид Монголын амжилт ололтод ихээхэн анхаардаг бөгөөд туслах үүрэг амлалтаа өгсөн билээ. 

Хэрэглэгчид Монголын ноолуурын үнэ цэн, бүтээгдэхүүний чанарыг над шиг илүү сайн ойлгох үед борлуулалт, ашиг орлого нэмэгдэнэ. Монгол ноолуурын брэнд хөгжүүлэлтийг хийж, бүтээгдэхүүнийг нь зах зээлд таниулах хөтөлбөрийн талаар ярихдаа баяртай байдаг маань үүнтэй холбоотой. Ингэснээр ноолууран бүтээгдэхүүн авахаар зэхэж буй америкчууд төдийгүй бусад хэрэглэгчид монгол ноолуурыг уламжлалт аргаар боловсруулдаг, мөн хамгийн чанартай гэдгийг мэдэж авна. Мөн бид АНУ-ын Олон улсын хөгжлийг санхүүжүүлэх корпорациар дамжуулан эмэгтэй эзэнтэй нэгэн ноолуурын бизнест шинэ үйлдвэр байгуулах, нэмэлт тоног төхөөрөмж худалдан авахад нь туслах зорилгоор 5 сая ам.долларын зээл олгож байгаа. Энэ нь тус үйлдвэрийн гол төлөв эмэгтэй ажиллагсад болон түүхий эдээр хангадаг малчдын орлогыг сайжруулан тогтворжуулах юм. 

-АНУ-ын Конгрессоос “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг батлан гаргавал хоёр талын эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэнэ хэмээн монголчууд үздэг. Энэ талд та өөрийн үзэл бодлоос хуваалцаж болох уу?

-“Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг одоогоор АНУ-ын Конгресст өргөн бариад байгаа. Миний хувьд хүлээгдэж буй хууль тогтоомжийн талаар хэлэлцэх, цаашид хэрхэхийг урьдчилан таамаглах боломжгүй байна. Энэхүү хуулийн төслийг Вашингтонд өндөр түвшний олон уулзалтаар хэлэлцсэн гэдгийг харин хэлж чадна. Миний дээр дурдсан брэнд хөгжүүлэлтийг дэмжих хөтөлбөр нь ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж буй хамтын ажиллагааны зөвхөн нэг л хэлбэр юм.  Гаалийн татварын хөнгөлөлт ч бидний багц дэмжлэгийн  нэгээхэн хэсэг билээ. 

-Монгол Улс, АНУ-ын МСС-гийн 2 дахь компакт гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авч, Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах 3 том төсөл хэрэгжүүлэхээр болсон. Эдгээр нь ямар явцтай байна вэ?

-Тиймээ, бид Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлж эхэлснийг монголчуудын ихэнх нь мэдэж байгаа. Усан хангамжийн хөтөлбөрт зориулж буй 350 сая ам.долларын буцалтгүй тусламж нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт АНУ-аас нэг улсад дангаар үзүүлж буй томоохон туслалцааны нэг юм. Энэхүү хөтөлбөр нь хэрэгжих таван жилийнхээ хугацаанд монголчуудад олон шинэ ажлын байр бий болгож, Улаанбаатар хотын усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх болно. Энэ нь чухал ач холбогдолтой, учир нь өсөн томорч буй энэ хотын усны асуудлыг шийдэхгүй бол тун удахгүй усан хангамж нь доголдохоор болоод байна. Аливаа улс орон хоёр дахь удаагаа гэрээний шаардлагыг хангах нь тун ховор байдаг тул бид Монгол Улсын сайн санаачилга, компакт гэрээний удирдлагын ил тод байдлыг сайшааж байгаа. Иймэрхүү томоохон төслүүдийн хувьд эхэн үедээ олон хүнийг ажилд авч, гэрээ байгуулж, төлөвлөлт хийдэг нь хөтөлбөр бүтээн байгуулалтын шатнаас цааш амжилттай урагшлахад чухал ач холбогдолтой. Төслийн явц сайн байгаа бөгөөд бид шаардлагатай үйл ажиллагааг цаг тухайд нь хэрэгжүүлээд явж байна. АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац ил тод байдлыг хангахыг зорьсон хатуу шаардлагууд, арга хэмжээнүүдээрээ бусад байгууллагаас онцлогтой байдаг бөгөөд бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж буй олон улсын дэд бүтцийн бусад хөтөлбөрөөс ялгаатай тал нь энэ бол ямар нэг болзол нөхцөлтэй зээл, өрийн хавх бус, буцалтгүй тусламж юм. 

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео энэ оны 10 дугаар сард Монголд айлчлахаар төлөвлөөд байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Айлчлалыг хэзээ хийхээр төлөвлөж байна вэ? Энэ айлчлалаар ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бэ?

- Тухайн үед Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусээр халдварласан байсан учир Төрийн нарийн бичгийн дарга Монголд ирж чадахгүй болсондоо сэтгэл дундуур байсан бөгөөд үүнийгээ Ерөнхийлөгч Х.Баттулгад утсаар мэдэгдсэн. Монголын олон иргэн уг нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч, манай Ерөнхийлөгчид хурдан эдгэрэхийг хүссэнд би их баярласан. Хэдийгээр айлчлалыг хойшлуулахаас өөр аргагүй болсон ч бид эдийн засгийн, дипломат, аюулгүй байдлын болон иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэх хоёр талын чухал хэлэлцээрүүдээ үргэлжлүүлсээр байгааг би батлан хэлэх байна. Тухайлбал, бид саяхан Эдийн засгийн бодлогын яриа хэлэлцээг хоёр орны ахлах түвшний албан тушаалтнуудын хооронд зохион байгуулсан. Аялахад аюулгүй цаг ирэх үед өндөр түвшний айлчлалуудаа бид үргэлжлүүлэх  болно. 

-Монгол Америкийг ойртуулсан түүхийн бас нэгэн жим нь яах аргагүй археологийн салбартай холбогддог. 1921 онд Америкийн судлаач Рой Чэпман Эндрюс Монголын говиос үлэг гүрвэлийн олдвор олж, үлэг гүрвэл өндөглөдөг байжээ гэдэг шуугиант нээлтийг дэлхий дахинд анх зарлаж байв.  Энэ салбарын хамтын ажиллагаа өнөөдөр ямар байна вэ?

-Цар тахлын улмаас судалгааны ажил саарсан нь тодорхой боловч энэ чиглэлийн хамтын ажиллагаа маш урагштай үргэлжилж байгаа. Мөн манай Элчин сайдын яам энэ салбарт сайн хамтрагч байж чаддагт би бахархалтай байна. Тодруулбал, Уилл Тэйлор тэргүүтэй Америкийн нэртэй археологчдын нэрэмжит Фулбрайтын тэтгэлэг олгож, Др. Жулиа Кларк болон Америкийн Монгол судлалын төвийн олж илрүүлсэн эртний даавуун эдлэлийн олдворуудыг хамгаалахад Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангаас тусламж үзүүлэх зэргээр чадах бүхнээрээ бид тусалж байна. Соёлын өвийг хамгаалах тухайд, Элчин сайдын яам энэхүү сангаар дамжуулан итгэл үнэмшлийн харьшгүй чанар, шашны эрх чөлөөний сүрлэг сайхан билэгдэл болох Улаанбаатар хот дахь Чойжин ламын сүм музейг хадгалж хамгаалахад хувь нэмрээ оруулж байгаад би маш их баяртай байдаг. Нийгмийн сүлжээн дэх дагагчид маань археологи их сонирхдогийг минь мэддэг байж магадгүй юм. Би энэ чиглэлийн бичвэрүүдийг сонирхон уншдаг бөгөөд боломж гарах бүрт музей үзэж, Америкийн Монгол судлалын төв болон бусад байгууллагуудын лекцийг сонсдог. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айчлахдаа НАСА-д зочилсон. Энэ үеэр НАСА-тай хамтран ажиллах асуудлыг хөндөж, тус байгууллагын даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан. Ер нь хоёр улсын хамтын ажиллагаа сансар судлалын чиглэлээр өргөжих боломж бий юу?

-Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр болсон онцлох үйл явдлуудын нэг нь энэ байсан бөгөөд би түүнийг дагалдан явсандаа баяртай байна. АНУ шинжлэх ухаан, технологи, инновац, сансар судлалын чиглэлээр олон оронтой хамтран ажилладаг. Монгол Улс хиймэл дагуул, сансар судлал зэрэг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлийн салбаруудаа хөгжүүлсээр байгаад бид ихээхэн талархдаг. Иргэний, арилжааны болон үндэсний аюулгүй байдлын түвшний сансар судлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд холбоотон, түншүүдтэйгээ хамтран ажиллах нь АНУ-ын сансрын бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм. 

-АНУ-д монгол судлал үүсээд 100 гаруй жил болж байгааг “Монгол судлалын төв”-ийн захирал Марк Тассе “Монгол судлал алтны уурхайтай адил” ярилцлагадаа дурдсан байдаг. Сүүлийн үед АНУ-д Монгол судлал ямар байдалтай хөгжиж байна вэ?

-Монгол судлал, Монголын түүх, соёл, нийгмийн талаар америкчууд илүүтэй сонирхох болсон. Коронавирусний халдвар олон улсын аялал жуулчлалд нөлөөлөхөөс өмнө Монголд ирэх америкчуудын тоо урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн нь үүнийг илтгэж байна. Өнгөрсөн онд “Залуучуудын жил” хөтөлбөрийн хүрээнд бид Монгол судлалыг сонирхох дээрх сонирхолд нийцүүлэн Монголын профессор, эрдэмтдэд АНУ-д багшлах, судалгаа хийх шинэ боломжуудыг нээж өгсөндөө маш их баяртай байгаа. Мөн англи хэлний заах арга зүйд суралцангаа Америкийн их сургуулиудад монгол хэл заах англи хэлний монгол багш нарыг жил бүр илгээж байна. 

Би Жак Уэтерфордын маш их амжилт олсон, гайхалтай номуудыг уншсан талаараа өмнө нь дурдсан. “Хү” хамтлаг АНУ-д аялан тоглолтоо амжилттай хийж, АНУ-ын рок хөгжмийн жагсаалтуудад хүртэл тэргүүлсэн байдаг. Миний хүү Нью-Йорк хотод тэдний тоглолтыг гойд шимтэн үзсэн байна билээ. Түүнчлэн уран бүтээлч Магнолиан Техас мужийн Остин хотод “South by Southwest ” хэмээх хөгжмийн нэр хүндтэй наадамд уран бүтээлээ толилуулж, Америкт дуу бичлэгийн гэрээ байгуулсан. Мөн би Монголын тухай Роберт Либерманы бүтээсэн “Эзэнт гүрний цуурай” кино олон нийтийн хүртээл болохыг тэсэн ядан хүлээж байна. Миний хувьд энэхүү киног хэдийн үзсэн бөгөөд гайхалтай, сэтгэл хөдөлгөм байсныг хэлье. Өнөөдөр миний бодлоор Монголд соёлын жинхэнэ сэргэн мандалт өрнөж байна. Мөн Америкт Монголын гэсэн юм бүхнийг хэзээ ч өнөөдрийнх шиг ийм ихээр сонирхож байсангүй.

-Эцэст нь ноён Элчин сайд та Монгол орон, монголчуудын талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?

-Эхнэр Элойса бид хоёр Монголд ирсэн даруйдаа л танай сайхан орон, хүн ардад дурласан гэж хэлж болно. Энд байх тусам сэтгэгдэл маань улам гүнгийрсээр байна. Бид маш олон монгол найзтай болсноор монголчууд ямар халуун дулаан, найрсаг зочломтгой хүмүүс болохыг олж мэдсэн. Мөн уламжлал, зан заншилдаа ямар их ач холбогдол өгдгийг хараад   ихэд биширдэг бөгөөд зарим тохиолдолд энэ нь илэрхий харагддаг бол зарим тохиолдолд маш гүн гүнзгий утга санааг илэрхийлсэн байдаг. Эдгээр уламжлал нь зочломтгой зан, хүндлэл, эх түүхийн мэдлэг зэрэг чанаруудыг алдаршуулахын зэрэгцээ хүмүүсийн ой тойнд шингээн үлдээдэг юм байна. 

Бидний сэтгэлийг татаж, гайхашруулдаг зүйл Монголд маш олон бий. Миний хувьд бүгдийг нь дүрслэн илэрхийлэх боломжгүй хэдий ч нийгмийн сүлжээнд хааяа нийтэлдэг зүйлс маань тодорхой хэмжээгээр, заримыг нь ч болов илэрхийлдэг байх гэж итгэдэг. Бид амьдарч буй орныхоо соёлыг ихээхэн сонирхдог. Өмнө нь хэлсэнчлэн, Монгол Улсын хувьд уламжлалт болон орчин үеийн хэв шинжийг хослуулан хөгжиж байгаа нь бидний сэтгэлийг ихээхэн татдаг. Харин миний хувьд Улаанбаатарын гудамжаар алхаж, Монголын онцлогийг харуулсан, өмнө нь анзаарч байгаагүй шинэ зүйлээ олж нээх дуртай. 

Хөгжилтэй түүхээсээ хуваалцвал, нэг удаа би гадуур алхаж яваад санаандгүй Бөхийн өргөө орж, бөх үзсэн. Түүнээс улбаалан уг спортын олон зуун жилийн түүх болон уламжлалт баяр наадмын талаар эргэцүүлэн бодож байв. Бас би Спортын төв ордонд сагсан бөмбөгийн тэмцээн үзэх их дуртай. Ярилцлага маань хэтэрхий урт болж,  хүмүүсийг уйдааж магадгүй учир энд хүргээд  өндөрлөх үү дээ.

Ч.Ариунболд 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • biЗочин

      (175.223.36.34) 2014-05-20 20:33
      • 0
      • 0

      Zambarrotti bish Matterazzi mangar bacaaanaa medehgui bol bitgii holbombogoor orold. Mongogui bol unenee heleed ahaasaa mungu zeelvel zeel...

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.170) 2014-05-20 19:52
      • 0
      • 0

      Азгүй тахианууд хэсгээсээ гарвал их юм.

      Хариулах