Олимпод үлдэх чөлөөт бөхийн тэмцэл

Twitter Print
2021 оны 04-р сар 23-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

2013 он. Олон Улсын Олимпийн Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр чөлөөт бөхийг 2020 оны олимпийн төрлийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан байлаа. Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайдын хувьд тус шийдвэрийг эсэргүүцэж 2р сард мэдэгдэл гарган, 3-р сарын 2-нд Улаанбаатарт эхэлсэн Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн бөхийн тэмцээний нээлтэд үг хэлэх үедээ олон улсын хэвлэл мэдээллийн анхааралд “чөлөөт бөхийг олимпид үлдээ” гэсэн тэмцлийг өрнүүлж билээ. “Бөхийн орон Монголд тавтай морил” гэсэн шторкийг англи хэл дээр хийлгэж жаахан охин багаасаа ноцолдсоор бөх болж буй үйл явдлыг өгүүлсэн сурталчилгаагаар тэмцээнийг эхлүүлж байлаа. Олон улсын хэвлэл мэдээлэл Улаанбаатарт ирээд байсан тэрхүү Мартын 8-ны өмнөх өдрүүдэд Буянт-Ухаагийн заалыг эмэгтэй үзэгчид ихтэй байлгах талаар ССАЖЯам онцгой анхаарч зарласан бөгөөд ирсэн үзэгч бүсгүйчүүдэд бөхийг ойлгомжтой тайлбарлаж өгөх талаар бөх сонирхогчдод уриалж ойр суудалд суулгаж зохион байгуулж байв. Үүний үр дүнд Монголчууд чөлөөт бөхийг олноороо үзэж, манай орны охид багаараа мөнгөн медаль хүртсэн юм. Тэмцээний үеэр өсвөрийн бөхчүүд “ирээдүйг минь авраач” гэж постер хийж тэмцсэн нь ч өнөөдөр түүх болон үлджээ.

Манай улсын энэхүү тэмцлийг бөхөд хайртай бусад улс үндэстнүүд ч дэмжсэн юм. Тухайлбал ОХУ, Иран, АНУ-ын спортынхон бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэсэн билээ. Үүний үр дүнд 2013 оны 9-р сард ОУОХороо дахин санал хураалт явуулж, үнэмлэхүй олны саналаар чөлөөт бөх 2020, 2024 оны олимпийн спортод орохоор болсон юм.

Цаашдаа 2028 болон бусад олимпуудад монголчуудынхаа сайн эзэмшсэн энэхүү спортыг авч үлдэе гэвэл бид үргэлжлүүлэн тэмцэх хэрэгтэй. Ямар тэмцэл хэрэгтэй байдаг гээч? Олимпийн наадмын үеэр болох чөлөөт бөхийн тэмцээнийг олноороо үзэх, ер нь бөхийн тэмцээнийг үзэх, билетийг нь худалдаж авах, эрэгтэй эмэгтэй хүйс харгалзахгүй бөхөөр хичээллэх орчинтой байлгах, бөхчүүдийг харьяалуулж дэмжих, чөлөөт бөхийн холбоонд бага гэлтгүй хандив өгөх, олон байгууллага, олон хүнээс дэмжлэгтэй байх нь олимпийн спортын нэр хүндийг хадгалж үлдэх гол шалгуур болдог ажээ.

Коронавирусын халдвар дэлхий даяар хөл хөдөлгөөнийг нам зогсоосон 2020 онд Токиогийн олимп болж чадсангүй хойшилж энэ зун болохоор бэлтгэлээ хангаж буй. Нэг л мэдсэн чөлөөт бөхийн төлөө тэмцэл өрнөөд бүтэн 7 жил өнгөрчихөж. Тун удахгүй тэмцлийн үр дүн гарч монголын бөхчүүд олимпийн дэвжээнд барилдана. Өнөөдрийн байдлаар эмэгтэй нэг, эрэгтэй нэг бөх олимпийн эрхээ авчээ. Дахиад 10 эрх авах тэмцээнүүд байна. Сонирхолтой нь олимпийн эрхээ 65кг жинд аваад байгаа залуу тамирчин Төмөр-Очирын Тулга 2013 онд “мөрөөдлийг минь авраач” гэдэг постерт зургаа авахуулж байсан юм.

Т.Тулгатай адил мөрөөдөлтэй олон мянган залуус бий. Тэдэнд урам зориг олгох зорилгоор 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 151 дүгээр зарлиг гаргасан байдаг. Гэвч зарлиг бол мөнгө төгрөг зарцуулах баримт бичиг болж чаддаггүй тул ЗГ-ын тогтоол, сайд нарын тушаал хэлбэрээр гүйцэтгэж байж хэрэгждэг зүйл.

2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 23/14 тоот тушаал гаргаж, “Олимпийн наадам, Паралимп, олимпийн наадмын төрлийн зай, жинд багтдаг сонирхогчдын спортын ДАШТ-нээс медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгох тухай” журмыг батлах гэж нэлээн асуудал болж байлаа. Сангийн яам бидэнд “тамирчдад мөнгө олгох нь улсад ямар ашигтайг нотло” гэсэн шаардлага тавьж байсан юм. Тухайн үед Сангийн яаман дээр ажилтнуудаа бараг жижүүрлүүлж тайлбарлуулж байсан боловч тэд сүүлдээ сайдын түвшинд тайлбар хүссэн билээ. Ингээд жаахан тоо бодож тайлбар хүргүүлснээ санаж байна.

Хэрэв Монгол улсын нэг тамирчин олимп, дэлхийн аваргын тэмцээнд алтын төлөө, ер нь медалийн төлөө барилдвал (эсвэл өөр спортоор өрсөлдвөл) тухайн барилгаан үргэлжлэх 6 минут, мөн медалийн тавцан дээр Монгол Улсын төрийн далбаа өргөгдөж, төрийн сүлд дуулал явагдах нэг минутын хугацаанд, нийтдээ хамгийн багаар бодоход 7 минутын турш “монгол” гэдэг нэрийг дуурсгаж дэлхийн топ хэвлэл мэдээллээр цацагддаг байна. Энэхүү мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллээр гадаад орныг сурталчилдаг тарифаар тооцож бодвол нэг тамирчны амжилтын үнэ цэн дор хаяж 5 сая доллараар үнэлэгдэх юм.

Энэхүү үнэ цэнийх нь төлөө бид амжилт гаргасан тамирдыг урамшуулах ёстой билээ гэж Сангийн сайдад тайлбарлаж билээ.

Монгол улсдаа олимпийн анхны медалийг авчирч байсан чөлөөт бөхийнхөн энэ жилийнхээ олимпод илүү өндөр амжилт гаргаж ард түмнээ баярлуулаарай гэж ерөөе! Олимпод оролцох эрхээ авсан, авч буй, авахыг зорьж буй олимпийн төрлийн спортын шигшээ багийн нийт тамирчиддаа амжилт хүсье!

Ц.ОЮУНГЭРЭЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.