Москва Пхеньянаас зэвсэг авахаар төлөвлөж байна

Twitter Print
2023 оны 03-р сар 31-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Цагаан ордноос мэдээлж байгаагаар ОХУ Хойд Солонгост хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлснийхээ хариуд Хойд Солонгосоос зэр зэвсэг авахаар төлөвлөж байгаа тухай баримт Вашингтонд ирсэн аж.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби, "Хоёр улсын байгуулах гэрээний дагуу ОХУ Пхеньянаас 20 гаруй төрлийн зэр зэвсэг авна. Москва Пхеньян руу төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөж байгаа ба Пхеньяний зэр зэвсгийг хүнс, бусад бараа бүтээгдэхүүнээр солилцохыг санал болгож байгаа." гэжээ.

Түүний хэлснээр Пхеньян Москва хоёр хоорондоо зэр зэвсэг солилцох нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг зөрчсөнд тооцогдох аж.

Вашингтон өмнө нь Пхеньян Украинд байлдаж бжй Оросын зэвсэгт хүчнийхэн тэр дундаа Вагнер компанид зэр зэвсэг нийлүүлсэн хэмээн буруутгасан ч Пхеньян уг мэдэгдлийг үгүйсгэсэн юм. Жон Кирбигийн Вашингтон нөхцөл байдлыг ажиглаж байгаа аж.

Хойд Солонгос нь дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг бөгөөд олон арван жилийн турш хүнсний хомстолтой нүүр тулж, 1990-ээд онд өлсгөлөнд нэрвэгдсэн байсан билээ.

Цаг агаарын нөхцөл байдал, цар тахалтай холбоотойгоор хилээ хаасан явдал, олон улсын хориг зэргээс болж Хойд Солонгос хүнсний ноцтой хямралтай тулгараад буйг мэргэжилтнүүд анхааруулж байсан юм.

БНСУ-ын эрх баригчдын мэдээлснээр Хойд Солонгос 2022 онд 2021 оныхоос 180 мянган тонноор бага хүнс үйлдвэрлэжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Сангийн яам Словакийн иргэн 56 настай Ашот Мкртычевийн эсрэг хориг тавьж, АНУ дахь хөрөнгийг нь царцаасан ба түүнийг Москва, Пхеньян хоорондын зэвсгийн наймаанд зуучлагчаар ажилласан гэж буруутгаж байгаа аж.

Барууны хоригийн улмаас ОХУ-д Украинд явуулж буй дайны явцад дууссан, эвдэрсэн зэрэг зэр зэвсэг, техникээ орлоход хүндрэлтэй болсон юм.

Өнгөрсөн 12-р сард Вашингтон Иран улс ОХУ-ын зэр зэвсгийн гол нийлүүлэгч болсон тухай мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.