Бороотой өдрийн бодрол, ариусал

Twitter Print
2021 оны 07-р сар 09-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Цонхны цаана бороон дуслууд нэгэнтээ ширүүсч төдхөн эргээд шивэрсээр  өдөржин, шөнөжин байгаль дэлхийг аргадан зүсэрлээ. Шиврэн орох бороон дуслуудыг харж чийг, урин ханхлуулсан эрхэмсэг үнэрийг нь мэдрэн суух нь түмэн жаргалангийн нэгэн буюу. Яг л хэдэн зуун жил унтаад сэрсэн юм шиг оюун ухаан, бодол санаа минь сэргэж дахин төрсөн мэт бие сэтгэл хөнгөрөөд сайхан гэдэг нь.

Борооны дараа наран мандаж солонго татдагийн адилаар сэтгэлийн минь хөнгөн гуниг борооны үнэрт уусан тунгалагшиж, аз жаргал, итгэл найдвар дахиад л намайг чиглэн ирэх нь гайхалтай сайхан. Бүлээн бороо бодлын дусал мэт тэнгэрээс унахад бүүр түүрхэн сэтгэлийн минь сүүдэр ариусан угаагдаж, улирч одсон хийгээд ирээдүйн учрал, тохиолууд зүүдний мөнгөн шувуухай шиг л ойртож нэг, холдож нэг жиргэнэ.

Бороо шивэрсээр л, бодол минь хөвөрсөөр л. Хурмаст тэнгэрээс унаж байгаа бороон дусал бүрийн цаана хүмүүний ертөнцийг угаан ариусгах бурханы шившлэг бий хэмээн сүсэглэнэм. Бурхан хэмээн дээдлэн бишрэх “Үлэмжийн гэгээн ертөнц” зүрх сэтгэлийг минь ямагт урин дууднам билээ. Тэр “гэгээн ертөнц” хэзээ ямагт миний дэргэд байж, яндашгүй хүч увдисаа хайрлаж буйг мэдэрч түүн рүү цаг үргэлжид эрхэмлэн тэмүүлж явнам. Бурханы сэтгэхүй дор бурханы ариун дээд чанар, агуу уужмыг өөртөө бүрэлдүүлж шингээхийг зорьж л явна. Тэр хүч увдис нь намайг улам төгс төгөлдөр болгох ерөөлтэй. Үүнд би өчүүхэн ч эргэлздэггүй. Энэ нь өөрийн саруул оюун ухаанд итгэж, өөрөө өөрийгөө бүтээн орших, тэгж гэмээнэ бурхантай зэрэгцэн амьдрах эрхийг эдэлнэ гэсэн үг болой. Чухамхүү  ингэж итгэж зорьж, аливаа зовлон бэрх бүхнийг бие сэтгэлээр хатамжлан гэтэлж, аливаа  нүглийн хорлонт муу шалтгааныг таньж, түүнээс холдон одох бүрийдээ би бурханы авралд багтан ариусах ажаамуу.

Хэдэн өдөр бараантан дүнсийнсэн тэнгэрийн хаяа баруун хойноосоо газрын хэвлий рүү харанхуйлан доошилсоор гурав дахь өдрөө Улаанбаатарыг угааж байгаа хурын дуслууд Монгол нутгийн минь даваа толгод, нуга суга, жалга хөндий, хангай говьгүй шиврэн ороосой хэмээн дотор сэтгэлдээ залбирч албан тасалгааны цонхоор харан зогсоход их хотын амьдрал нэг л тайван амгалан, эрчим хэмнэл нь удааширчихсан мэт, саяхан л хараа гижигдэн гунхацгааж байсан Улаанбаатарын охид хүүхнүүд бороон дусалд хүндэрсэн шүхрийнхээ дороос тормолзтол ширтсээр зөрөн өнгөрнө.

Удахгүй Монгол нутгийн зун цаг солонгын долоон өнгөөр тунарч, энүүхэн Хүй долоон худаг, Шар хөвийн дөрөлж тэр чигээрээ адууны үнэртэй салхиар амьсгалж энд тэндгүй эрээн майхан асрууд дарцаглаж, Монголын их амар амгалан хаа сайгүй налайна. Голио царцаахайн исгэчээн шаргиан түмэн хэлийн шувуудын жиргээн дунд хөг аялгуу нэмэн зун цагийг зугаацуулна. Төд удалгүй аягын чинээ бараан үүл салхи хормойлон ирээд ганц нэгхэн дуслаараа борог өвс норгож эхэлнэ. Төд удалгүй бороо гэнэтхэн асгана. Аягын чинээхэн үүлнээс аадрын их хур буух нь сонихон хэрнээ сүрдмээр. Тэрүүхэн хөндийн үзүүр шүргээд өнгөрсөн ч гэлээ аянга цахилгаан гялбалзуулна. 

Хөдөө цайдам бороошиж анир цэцэгс дусал шүүдэр дааж ядан бөхөлзөнө. Нарны буман цацраг дороос өнгийн солонго сэвхийтэл татаж, энд тэндгүй хөдөө цайдмаас аргалын шингэн цэнхэр утаа эгц дээшээ суунагтана. Уужим хөндий бүхэлдээ өнгийн солонгын гялбаанд найгалтаж, голын ширэг даган үхэр мал налайна. Тэрүүхэн толгодын энгэрээр энэ хаврын зурам бозлог час часхийн чимээ өгөн гүйлдэхэд гэрийн гадаа хэвтсэн хөгшин банхар данхар толгойгоо эргүүлэн тэр зүг харсан болоод толгойгоо лүг хийтэл шидчихээд сунайн хэвтэнэ. Саяхан барьсан их гэрийн голд арслантай эрээн авдар алаглаж, тоостой гуталтай орж боломгүй өнгө, үзэмж хосолсон гэрээс шинэхэн бэр инээмсэглэн гарч сааль сүүний үнэр сэнхийсэн илүү гэртээ орох зуур шаламгай гэгч нь толгойдоо алчуур зангидна. Гэрийн гадаа цоо шинэ мотоциклоо зүлгэж зогссон залуу эр илүү гэрийн зүг жаргалтайхан харчихаад хурдан унаагаа шурхийтэл асаагаад зурвас цагаан тоос босгосоор давхиж одно.

Саахалтын айлаас хүмүүсийн дүнгэр дүнгэр ярилцах нь холдож нэг ойртож нэг сонсогдоод, тэрүүхэн урд замаар хааяа нэг машин тэрэг чимээтэйхэн давхих нь нүдний үзүүрт өөдсөн чинээхэн харагдана. 

Чандмалан буусан гурван гэрийн охид хүүхнүүд саванд тоссон борооны усаар гэзэг үсээ угаан, хөл нүцгэн багацуул шилбүүр унан давхилдахад цээж нүцгэн хүдэр залуу уурганыхаа үзүүрээр тэнгэр хээлэн давхиж одно. Монголын хөдөө цайдмын зун цагийн өгүүлшгүй сайхныг дотор сэтгэлдээ ургуулан бодож зогсоход айсуй их баярын зөн совин сэтгэл гижигдэнэ.

Монголын их амар амгаланг түмэн өнгөөр зурж, “Толин хул”-ын аясаар сэтгэл дэгэлзүүлсэн Монгол наадам хаяанд ирснийг бодохоор хуртай, нартай зуны  улирал юутай сайхан, яасан баясгалантай вэ.

Зөөлөн зүсэрсэн хурын дуслууд зүрх сэтгэлд минь ийм л бодлууд зураглан үлдээлээ.

Д.Энхтүвшин

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.