Үгийн зуурт өчих нь

Twitter Print
2020 оны 11-р сар 02-нд 18:07 цагт
Мэдээний зураг,

Хар тэнгис болон Каспийн тэнгисийн завсарт, хойт Кавказаар хэзээний нутаглагч нэгэн үндэстнийг нэрлэдэг авар хэмээх үгийг орчуулбал, уулынхан, уулын уугуул зон хэмээн буудаг юмсанжээ. Тэр л уулын Цада хэмээх бөглүүхэн сууринд эцэг хүү хоёр их яруу найрагч төржээ. Дагестаны ардын яруу найрагч Гамзат Цадаса нутаг орондоо цуутай нэгэн бол, түүний хүү Расул Гамзатов нь нутаг орон, эцэг дээдэс, Дагестан, авар түмнээ дэлхийн энгээр цууриатуулсан хосгүй нэгэн хэмээн онцлон тодорхойлж болно.

1923 оны есдүгээр сарын 8-нд төрсөн Расул хүү арван нэгтэйгээсээ л шүлэг бичиж, 1942 он гэхэд, авар хэлээрээ анхныхаа номоо гаргажээ. Өөрөө ч шүлэг бичээд зогссонгүй, Оросын их найрагчдын бүтээлийг ч авар түмэндээ хүргэх болжээ. А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурч байхдаа, А.С.Пушкины “Цыганууд”, “Хүрэл хөшөө”, “Полтава” зэрэг шүлэг найраглалыг нь авар хэлнээ орчуулан гаргажээ. Расул Гамзатов бол орос, авар хоёр хэлээр тэгш туурвидаг хосгүй их найрагч байв.

2003 оны 11-р сарын 3-нд буюу хоёрхон хоногийн дараа насан өөд болсны нь 17 жилийн ой тохиох тэр их найрагч 80 наслахдаа алдар гавъяаны оргилд хүрч, хүндэтгэл хайрын дээдийг хүртсэн хүн гэж болохоор. Хорин есөн наснаасаа эхлээд л ЗХУ-ын төрийн болон Лениний шагнал хүртсэн тэрбээр 1974 онд ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, Дагестаны Ардын яруу найрагч зэрэг гадаад дотоодын өдий төдий өндөр дээд шагнал хүртсэн бахархам түүхтэй нэгэн. Расул Гамзатов ЗХУ-ын Дээд зөвлөлийн депутат, Дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр удаа дараа сонгогдсон төрийн зүтгэлтэн цуутай хүн. Манай Монголын олон зохиолчидтой ихэд ойр дотно байжээ. Лодонгийн Түдэв тэргүүтэн цөөнгүй зохиолч түүнийг хамгийн сайн сайхнаар бишгүйдээ нэг дурссан байдаг юм. Расул Гамзатовын “Миний Дагестан” хэмээх ном манайд орчуулагдан гарснаар тэр их зохиолчийг монгол уншигчдад улам ойртуулаад зогссонгүй, соён гэгээрүүлэгч, сод хүмүүн Мишигийн Цэдэндорж гуайг ч ихэд алдаршуулсан билээ.

“Өнгөрсний тухай уйтгар гунигийн сэтгэгдэлтэй хүн байдаг. Тийм хүмүүс их төлөв одоо ба ирээдүйн тухай мөн л гунигт сэтгэгдэлтэй байдаг. Өнгөрсний тухай баяр хөөртэй, өгөөмөр сайхан сэтгэгдэлтэй хүн байдаг. Тэд одоо ба ирээдүйг бас л өгөөмөр сайхнаар сэтгэнэ. Гуниг баяр, уйтгар өгөөмөр сэтгэл холилдон байдаг гурав дахь хэсэг ч бий. Тийм хүмүүс одоо ба ирээдүйг янз бүрийн л сэтгэл санаа, ая өнгөөр сэтгэн байдаг. Би бол энэ хэсэгт л орох хүн.

Миний туулсан зам, өнгөрүүлсэн нас тийм ч шулуун дардан, хөнгөн хялбар байгаагүй. Энэ зууны дундуур, дэлхий орчлонгийнхоо дотор аж төрж, олон том үйл явдлыг үзэж өнгөрөөсөн хүн. Тэр донсолгоон бүр зохиолч хүний сэтгэл зүрхийг хөндсөн гэж хэлж болно. Уй гашуу, баяр баясгалант үйл явдал уран бүтээлчийн хажуугаар өнгөрөх ёсгүй. Тэр бол цаасан дээр гарсан мөр биш, харин чулуун дээр сийлсэн сийлбэр болж хоцорсон юм. Ийнхүү би өнгөрсөн үеийн тухай үзсэн харсан бүхнээ өвөрлөн, ирээдүйнхээ тухай сэтгэн бодсоор чам руу очин, сайн санаат нөхөр минь, би байна, намайг оруулаач хэмээн хаалгы чинь тогшин байнам” хэмээн Расул Гамзатов энэхүү номондоо учирлан бичсэн нь бий.

“Цэн тогоруу” хэмээх жигүүр далиа нэгэнтээ дэлгэн дэлгэн, халин нисээд, өнөө хүртэл түмний сэтгэлд хөөрөн ниссээр байгаа алдарт дуу зэрэг уянгатай уртай, хамгийн гол нь ухаан нэвт мэдрэгддэг түүний яруу найргийн их далайд сэлэх мэт түүвэрлэн уншиж болох боловч, архи дарс гэгч ариг тансаг идээн ундаатай баяртай хэмээн зориглон хэлсэн нэгэн шүлгийг нь эргэн уншмаар санагдлаа. Илэрхий үнэнийг учирлан тайлбарлах нь илүүц болдог тул олон үгий ч хэрэгггүй, ингэсгээд орхиё.

Гамзатовыг л ороод ирэхээр хаа газрын найрын ширээ ханхайтал дүүрчихдэг хэмээн явсан газар бүхнээ ханаруулан дагуулж, амнаас нь унах үг нэг бүрийг нь шүүрэн сонсох гэж шимтэн чих тавьдаг асан тэр цуут эрийн нэгэн шүлгийг ийнхүү уншаад үзье. Яруу найрагч, орчуулагч Ш.Цогтын орчуулгыг өөрийнхтэйгээ тулган, өчүүхэн төдий хөдөлгөснөө энэ завсар дуулгая.

РАСУЛ ГАМЗАТОВ

САРХАД МИНЬ, БАЯРТАЙ

Зүү орох зайгүй гучин жил дотноссон

Зөөлөн хатуу сархдаас салъя даа салъя, баяртай

Сархад чамаар хоолой чийглэн залуучиг, хийсгэлэнчиг явлаа.

Сачий хүрэхээ болилоо, санчиг ч бууралталаа, болъё доо.

Хөлчүү согтуу би архиар онгодоо сэргээж

Хөөрүү дэврүү нөхдөө дайлж цайлж явлаа.

Улаан шүүс шүүртэл уруулаа хазлан байж

Уудаг сархад чамаасаа би урваж одоо саллаа.

Анд явсан архиа буруутгаж яасан ч гутаахгүй.

Аашилж намайг хямгадах аминч үгнээс чинь гажихгүй.

Азтай эзтэй явсан амьдралын өдрүүдээ мартахгүй.

Аагтай одтой архиа ахиж нэгэнтээ магтахгүй.

Бусадтай би нийлж, буруутгаж ерөөсөө чадахгүй.

Буян заяа амласан ч, хэл ам минь эвлэхгүй.

Аяны замд үдэж, алсаас нөхдөө угтахад

Архи дарс чамгүйгээр би хоосон очсон удаагүй.

Уулын рашаан, усан ундаа ухаан санаа сэргээхгүй.

Улаан зээрд болгодог чиний аагаар солихооргүй.

Гэлээ гэхдээ чамаас болж, хэрүүл маргаан дэгдэнэ.

Гэртээ очоод, гэргийгээсээ эрүүний шөл хүртэнэ.

Архи чамаас салж, ахиад ердөөн ч амсалгүй

Алтан амсартай аяганаас цай уунаа гэдэг чинь

Хөөрхөн залуу эхнэрээсээ хөндийрч эгнэгт холдоод

Хөрөнгөтэйхөн өтөл хөгшинтэй дэр нийлснээс ялгаан юун.

Хамар цоргисон үнэртэй, дотор халаасан аагинд чинь

Ханатлаа би дасаж, нэвтэртэлээ ууж л явлаа.

Хэзээ, хаана, юуны тулд хундага өргөж

Хэнтэй, ямар дуу дуулахаа мэддэг л байлаа.

Анд сайн нөхөдтэйгээ аль нэгнийдээ цуглараад

Аз жаргалдаа согтууран аминчлан ярьж зөвлөмөөр өө.

Ганган тоорцог шиг цагаахан бөглөөг чинь мулт татаж

Галуун хүзүү шиг хоолойгоор чинь тонгойлгох ч бас л зүгээр ээ.

Ухаан жолоогүй шунан байж уудаг архи минь одоо баяртай.

Уучил, муу ч битгий санаарай, найрын дугараагаа өндөрлөлөө.

Савны хүүдий ходоод минь шилэн биш нь хяслантай.

Сархдаар хэдий цутгавч, лонх шиг шаналдаггүй бол хүслэнтэй.

Булай юм хийж, элдвийн хараал дэлгэж

Бусдын сайхан сэтгэлд булингар ердөөн тогтоолгүй

Үүр цайтал дуулж, наргиж цэнгэх ч сайхан шүү, яриангүй

Өглөө нь харин дотор гэдэг тамтаггүй, ай бас яггүй шүү.

Толгой даагдахгүй оргиод шаналж өвдөх ч хэцүү.

Томоогүйтэж яагаа бол гэхээс, амьтны нүүр ч халуун.

Үнэнийг хэлэх үгэнд зүрх бас хэрэгтэй байдаг шиг

Өөрийн буруугаа харин архи руу чихэх хэрэггүй.

Яая гэхэв, өчигдрийн нүглээ өнөөдөр нь наминчилж

Яриа хэл гаргалгүйхэн шиг бүхний өмнө хүлцүүштэй.

Ийм л явдал болоод байна даа, эрхэм хонгор минь

Эхнэрээсээ ялгаагүй, архи чамайг ч бас тэвэрч үнсч явлаа.

Орчлонгийн жамаар одоо нас сүүдэр ахилаа.

Огоорч бие биенээ орхин салъя даа, баяртай.

Цаашдыг амьдралаа чамгүйгээр туулахад гунигтай.

Жаргал зовлонг алиныг ч чамгүйгээр төсөөлөхөд төвөгтэй.

Цаасан малгай өмсөөд залгилах архиар шахуулснаас, гэвч

Сархад дарсгүйгээр би чинь амар жимэрхэн сууя даа.

Будрах цасан малгайлан унаж, хүйтэн жавар даана.

Бууралтах өнгөөр цонхонд хээ угалз татна.

Залуу шүлэгчид сэтгэлийн цангаагаа тайлах гэсэндээ

За ах минь, бидэнтэйгээ жаахан наргиач дээ гэнэ.

Өөрийг чинь хүн хүндэлдгээс илүү, дарсыг дээдэлж байгаарай гэсэн

Өргөх хундаганы ерөөлийн мөн чанарыг ухаарснаас хойш

Сайхан үгтэй сар шиг мэлтэлзсэн сархадтай хундаганаас

Салъя даа, баяртай гэж зоригтойхон хэлэх зүрх надад байнаа, бас

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.