Хүний махан хүнстэний жихүүцэм түүх

Twitter Print
2014 оны 10-р сар 04-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Хүний махан хүнстэнгүүд хар тивд өнөө хэр байсаар байдаг тухай сураг ажиг сонсогддог. Харин өнгөрсөн зууны далаад онд аугаа их нэгэн махчин тус тивд төр барьж байсныг хүн төрөлхтөн өнөөдөр мартжээ. Тэртээ далаад онд Африк даяар каннибализм моодонд ороод байсан ч гэж ярьдаг. Харин тэдгээр каннибалчуудын дотроос 1966-1979 оны хооронд Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын /ТАБНУ/ удирдагч байсан Жан Бедель Бокасса гэгч аюултай махчин байж. Африкийн Мбака омгийн харын талын удганы хүү тэрээр дайснуудынхаа махыг идсэнээр өөрийгөө хүч чадлыг тунхаглан зарлаж байна гэсэн итгэдэг байжээ. Жан Бедель Бокасса хар бага наснаасаа л цэргийн хүн, тэр тусмаа том цолтой генерал болж алдар нэрийн оргилд хүрнэ гэж мөрөөддөг нэгэн байв. Тэрээр 19 настай байхдаа өөрийн хүсэлтээр Францын армийн цэрэгт татагджээ. Өмнөд Вьетнамд байлдаж байхдаа л бусдыг хөнөөж бүлээн цусыг уух хүсэл төрдөг байсан гэх дурсамж үлдсэн байдаг. Ер нь Жан Бедель Бокасса хар багын шарсан элэг, зүрх дотор эрхтэнд “нугасгүй” нэгэн байсан нь хожмоо дэлхийн зартай каннабализм болж төрөх эхлэл байсан ч байж мэдэх юм.

Францын армид байлдан явсан Жан Бедель Бокасса ширэнгэн ойд олзлогдсон нэгэн вьетнам партизаныг хөнөөгөөд шарж идсэн байна. Үүнээс хойш мөр зэрэгцэн тулалдаж яваа дайчдаасаа нуугдаж олзны вьетнам иргэдийг идэх сонирхолтой болсон тухайгаа хожим тэрээр өөрийн дурдатгалын номондоо оруулсан байдаг. Францийн арми харин түүний “байгуулсан гавьяа”-ных нь төлөө түрүүч цол олгон эх оронд нь буцаажээ. Нутагтаа ирэхэд нь хамаатных нь хүн болох Дэвид Дако тусгаар тогтносон Төв Африкийн БНУ-ын ерөнхийлөгч болсон байв. Бокасса ерөнхий штабын дарга болж, хурандаа цолонд хүрчээ. Даког ерөнхийлөгч болсон эхний жилээс л засгийн газрыг эсэргүүцсэн бослого үймээнүүд гарах болж, буун дуу өдөр алгасахгүй сонсогдох болов. Энэ үед харин Дако Европоор хэсэн тэнэж, улс орноо хөгжүүлнэ гэж мөнгө санхүүгийн тусламж хайж явсан бөгөөд тэр ажил нь тун бүтэмжтэй байсан нь гайхалтай. Учир нь ТАБНУ бол африк төдийгүй дэлхийд алмаз болон ураны асар их баялагтай газар юм.

Гэвч тухайн улсын эдийн засаг уналтанд орсон юм. Харин Бокасса хамаатан ерөнхийлөгчөө илт шүүмжлэх болсон учир Дако түүнийг Франц руу томилолтоор явуулжээ. Францад улс төрийн боловсрол олж авсан Бокасса эх нутагтаа эргэж ирэхэд нь ерөнхийлөгчийн тушаалаар түүнд ямар ч шалтгаангүйгээр цаазлах ял тулгасан байна. Харин түүнийг дэмжигч нөхөд нь шоронд дайран орж Бокассаг сулласан аж. Шоронгоос гармагцаа тэрээр улстөрийн хувьд олны танил ганц ”од” нь байсан учир ядах юмгүйгээр ТАБНУ-ын ерөнхийлөгч болж, титмийн ёслолоо нижгэр хийжээ. Францаас энэ ёслолд зориулж 7 тонн цэцэг, 600 франк, смокинг, бургундын дарс 25000 ширхэг, оргилуун дарс 40000, мөнгөн халбага сэрээний 10000 хосыг авчруулжээ. Титэм гардуулах ёслолд өөртэй нь үзэл бодлын зөрчилтэй байснаас болж шоронд орсон олон хоригдол уригдан ирсэн байв. Хүний махан хүнстэнгүүдээс эрс ялгаатай нь Бокасса ирсэн зочдыг хоригдол ялтны махаар дайлах хоббитой байжээ.

Жишээ нь титмийн ёслолын үер хоригдлуудыг эхлээд сайтар дайлж дараа нь унтсан хойно нь сэм баривчлан хөнөөгөөд махаар нь төрөл бүрийн хоол хийж зочдоо дайлан таашаал авдаг байсан гэдэг. Бокассагийн ноёрхлын үед залуу охид хүүхдүүд алга болох нь жирийн үзэгдэл байв. Тэдний араас цагдаагийнхан хөөцөлдөх ч үгүй. Мэдээж хүүхэд, залуу охидын мах ерөнхийлөгч Бокассагийн ходоодонд ордгийг бүгд мэдэж байлаа. Өөртэй нь зөрчилдсөн нэг сайдыг хоолны мах болгох тушаал өгч гүйцэлдүүлсэн бол нөгөө нэг сайдыг алж будаагаар хачирласан амтат зоог бэлдэн түүгээрээ гэр бүлийг нь дайлж байсан баримт байдаг. Бокасса төр улсынхаа цорын ганц математикч эрдэмтэн, мөн цорын ганц шүдний эмчийг алж махаар нь тансаглажээ. Улсын анхны “сайхан бүсгүй” тэмцээний ялагч эмэгтэйн хувь заяа мөн л ингэж шийдэгджээ.

Африкт тогтсон заншлын дагуу тэр эрх мэдлийг төрийн эргэлт хийж олж авсан бол мөн төрийн эргэлтийн улмаас эрх мэдлээ алджээ. 1972 оноос Бокасса өөртөө бүх насаараа ерөнхийлөгч байх эрхийг, харин 1977 оноос эзэн хаан байх эрхийг олгожээ. Энэ их эрх мэдэлд хүрэхээсээ өмнө тэр Францын цэргийн албан хаагч байсан бөгөөд, хожим нь ТАБНУ-ын хаан болохдоо ч Францын иргэн хэвээр үлдсэн байдаг. Бокасса дарангуйлагч, садист, алуурчин байсан ч түүхэнд тэрээр хүний мах иддэг хаан гэдгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ бүхэнд нь нөлөөлсөн хүчин зүйл нь түүний удам угсаа аж. Хэдийгээр Францын соёл, иргэншсэн нийгэмтэй танилцах сайхан боломж байсан ч ертөнцийг үзэх үзэл нь африкийн бөглүү тосгоны бөө мөргөлийн зан заншлаас хэтрээгүй юм. Бокасса каннибал ёсоор дайсныхаа махыг идэж өөрийгөө хүч чадлыг тунхаглан зарлаж байна гэдэгт итгэлтэй байдаг байв. Францын тусгай албаныхан түүнийг түлхэн унагаасны дараа хааны ордонд нь нэгжлэг хийхэд хөргөгчнөөс нь хүний биеийн мөчилсөн хэсгүүд олджээ.

Эзэн хааныг татан буулгасны дараа түүний хувийн тогооч Филипп Ленгисийг байцаахад хүний махаар төрөл бүрийн хоол хийдэг байснаа хүлээжээ. Бусад гэрчүүдийн мэдүүлснээр /үүн дотор түүний 17 эхнэрээс төрсөн тоймгүй олон хүүхдүүд ч багтаж байгаа /тэр ойр ойрхон “чихэрлэг амттай гахайн мах” /энэ нь тарган хүний мах/ идэх дуртай байсан гэнэ. Нэг удаа өсвөр насны нэг хүү нь эцгийнхээ дуртай зоогноос амсаж үзэх гэтэл хаан ихэд уурлаж “Энэ бол дайсны мах бөгөөд үүнийг заавал эр чадал нь тэгширсэн эр хүн л идэх ёстой. Эс тэгвэл дайсны сүнс шингэж бяр муутай хүнд хорлол болдог” гэж тайлбарлажээ. Хилийн чанадад байх үедээ Бокассо нэгэнт хөргөгчөө авч явж чадахгүйгээс хойш хувийн тогооч нь тусгай саванд даршлан бэлдсэн хүний махыг авч явдаг байсан учир тэр хаана ч гэсэн дуртай хоолоо зооглосоор байдаг ажээ. 1970 онд тэр Москвад ирж Брежневтэй уулзахдаа хүртэл дээрх зоогоо авчирсан байна. Брежневийн нөхөрсөг үнсэлтийг бид бүгд л мэднэ. Тэгвэл Бокассо “Брежневийн үнсэлтээс түүний амтыг мэдэрлээ. Би түүнийг дуртайяа идэхсэн” гэж хошигнож байсан гэж тогооч Филипп Ленгис дурсан ярьжээ.

Гэтэл Африкийн орнуудад коммунизмын халдвар тараахыг хүсэж байсан Зөвлөлтийн засаг төрийн удидагч түүнд Ил-18 нисэх онгоц, багийнханы хамт бэлэглэж байсан гэдэг.

Францын цэргийн хүчнийхэн Бокассог түлхэн унагаах болсон шалтгаан нь тэрээр 1979 онд болсон залуучуудын тайван жагсаалыг цус урсган дарсан явдал байсан юм. Энэ ажиллагаанд Бокассо өөрийн биеэр оролцож, 150 хүнийг /тэдний дунд маш олон хүүхэд байсан/ өөрийн гараар алжээ. Түлхэн унагаагдсан хаан эх орондоо цаазаар авах ял сонссон байсан ч 1979-1986 оны хооронд тэрээр Франц улсад өөрийн цайздаа / хаан байх үедээ худалдан авсан/ амар жимэр амьдарсаар байсан юм. Эрх мэдлээ алдсан тухай бодол нь түүнийг амар заяа үзүүлэхгүй зовоосоор байсан бөгөөд 1986 онд тэр ТАБНУ-д эргэн ирэхэд нь түүнийг баривчлан хорьсон боловч цаазаар авах ялыг нь 20 жилийн цөллөгөөр сольсон байна. Тун удалгүй хугацааг нь 10 жил болгон өөрчилсөн ч долоон жил болгон багасгасан байдаг. 1993 онд Бокасса эрх чөлөөтэй болж, ТАБНУ- д амьдрахаар үлдсэн бөгөөд дахин Ерөнхийлөгч болохын тулд улс төрийн жагсаал цуглаанд оролцож байжээ.

Эрх мэдэлд хүрсэн хамгийн алдартай хүний махан хоолтон болох түүнийг  эх оронд нь дурсан санасаар байдаг төдийгүй ер нь хүмүүс ямар нэгэн юмны мах иддэг шүү дээ хэмээн ярьцгаах нь хачирхалтай. 1973 оны наймдугаар сарын 28-нд ЗХУ-ын хүүхдийн “Артек” зусланд түүнийг хүндэт зочноор халуун дулаанаар хүлээн авчээ. Тэр зуслангийн хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ баясаж тоглож, өөрийн орны дуу шүлгийг хүүхдүүдэд сонирхуулжээ. Түүнд хүндэт зочны зангиа зүүж өгөхөд тэр орос хүүхдүүд үнэхээр хөөрхөн юм гэж хэд хэдэн удаа санаа алдаж байжээ. Ер нь тэр хүүхдүүдэд маш хайртай байсан бөгөөд харин хайртай хүүхдүүд нь түүний зоогийн ширээг нь чимэх болдог байсан нь үнэхээр жихүүцмээр.

1996 оны аравдугаар сарын 28-ны өдөр тэрээр зүрхний шигдээс өвчний улмаас нас баржээ. Түүнийг ерөнхийлөгчөөс суудлаас түлхэн унагасны дараа хүүхдүүд нь тал тал тийшээ тарж хувийн амьдралаа зохицуулсан байна. Харин Францад амьдарч байсан түүний нэг хүүгийн гэрийн хөлдөөгчнөөс нь хүний мах, биеийн жижиглэсэн хэсгүүдийг олсон францчууд хэр их цочирдсон нь ойлгомжтой. Тэрээр охид бүсгүйчүүдтэй үерхэж байгаад алж иддэг байсан тухайгаа 1980-аад оны сүүлээр болсон шүүх хурал дээр хүлээж байсан гэдэг.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.