Вьетнамын дайнаас 58,318 америк цэрэг гэртээ эргэж ирээгүй юм

Twitter Print
2023 оны 03-р сар 17-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

"Аз жаргалын тэсрэлт” зургийг авсан өдөр

1973 оны 03 сарын 17-нд Ассосэйтед Пресс агентлагийн гэрэл зурагчин Слава Ведер /Slava "Sal" Veder/ “Burst of Joy” буюу “Аз жаргалын тэсрэлт” зургаа авчээ. Түүний энэхүү бүтээл нь дэлхийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог Пулитцерийн шагналыг 1974 онд шилдэг гэрэл зургийн төрөлд авсан юм.

Зурган дээр Вьетнам дахь цэргийн албаа дуусгаад эх орондоо ирж байгаа аавыгаа угтан гүйж буй хүүхдүүдийн хязгааргүй баяр хөөрийг дүрсэлсэн байна. Зурганд харагдаж байгаа цэрэг бол Америкийн цэргийн нисэх хүчний хурандаа Роберт Л Стирм /Robert L.Stirm/ байсан юм. Тэрээр Вьетнамын дайнд оролцон Ханой хотыг бөмбөгдөж байсан бөгөөд 1967 оны 10-р сарын 27-ны өдөр дайсандаа олзлогдсон. Дайн дуусах ойртон хоёр талаас дайны олзлогдогсдоо солилцох үеэр Стирм таван жилийн дараа олзноос суллагдсан. Түүнийг бусад 20 хүний хамт эхний ээлжинд Филиппинд хүргэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсны дараа бусадтай нь хамт Калифорнид авчирсан байна. Энэ нислэгээр нийт 400 орчим олзлогдогсод Вьетнамын дайнаас гэртээ эргэн ирсэн билээ.

Хөлөг газардсаны дараа гэртээ ирж байгаа албан хаагчдын төлөөлөл болон хурандаа Стирм үг хэлсэн. Үүний дараа л гэр бүлийнхэнтэйгээ уулзах баярт мөч ирэн, аавыгаа амьд ирэх эсэхэд эрэлзэж байсан хүүхдүүд нь түүнрүү гүйж байгаа үеийн зургийг олон сэтгүүлчдийн захд зогсож байсан гэрэл зурагчин Ведер анзаарч, яг торгон агшинг буулгаж чадсан. Тус зураг нь гэр бүлийн удаан хүлээсэн уулзалтын баяр баяслыг харуулахаас гадна дайн дуусах мөч ойртож байгааг давхар харуулж чадсанаараа онцлог юм.

Тиймээс ч ийм гайхалтай нэр өгч, энэ бүтээлийг харсан хүн бүрийн сэтгэлд аз жаргал мэдрүүлж чадсан тул сэтгүүл зүйн хамгийн том шагналын нэгийг хүртсэн. Ведер зургаа тэр даруйд нисэх буудлын эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд боловсруулан, найз Уолт Зеборскийн /Walt Zeboski/ зурагнуудтай нийлсэн зургаан зургийг хэвлэлүүдэд түгээжээ. Гэвч тэр зурагнууд дотроос “Аз жаргалын тэсрэлт” нэртэй энэ зураг л алдаршин үлдсэн юм.

Харамсалтай нь зургийн ард нэр шигээ сайхан, харагдаж байгаа шигээ аз жаргалтай амьдрал үргэлжлээгүй юм билээ. Учир нь зургийн гол дүр Стирм гэртээ ирэхээсээ 3 хоногийн өмнө эхнэр нь түүнээс нэг мөр салж байгаа тухай сэтгэл өвтгөсөн захидал хүлээн авсан бөгөөд хэд хэдэн удаа эргэн гэрлэх санал тавьсан боловч эхнэр нь түүнийг олзонд байх хугацаанд өөр хүнтэй амьдрах болсон тул эргэж нийлээгүй юм. Стирм 1977 онд армиас халагдсаныхаа дараа тэтгэмжийнхээ 43%-ийг эхнэртээ өгсөн.

Хурандаа нэг удаагийн ярилцлагадаа “Энэ зургийг харах тусам би маш аз жаргалтай гэр бүлийг дүрсэлсэн гайхалтай агшинг хардаг. Гэвч олон олон гэр бүл дайны урт удаан томилолтын дараа эргэж нийлэхээргүй салж, түүнээс ч цөөнгүй гэр бүлүүд хэзээ ч эргэж нэгнийгээ харахгүйгээр өнчирсөн гэдгийг санадаг. Би бол харин ч амьд мэнд нутагтаа ирж чадсан азтай нэгэн юм” гэж хэлжээ.

Вьетнамын дайнаас 58,318 америк цэрэг гэртээ эргэж ирээгүй юм.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.