Сүүлчийн хатантны нулимсыг “арчиж өгөхсөн”

Twitter Print
2022 оны 05-р сар 27-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

...Зөнгөөрөө амьдран суусан Гэнэнпилийг ногоон малгайтнууд зүгээр орхисонгүй, Монголын хамгийн том феодал байсан Богдын хатантныг зоргоор байлгах нь улааны номд харш байсан төдийгүй зөвхөн хааны хатан байсан нь зөвлөлт, монголын чекистүүдэд түүнийг үгүй хийх санаархлын үндэс, хангалттай аян шалтаг болжээ...

 

Бүсгүй хүнийг уяхан гэлцдэг. Баярлаж, гомдох, гуньхрахдаа нулимс мэлмэрүүлэх нь энүүхэнд. Монголчууд хөвгүүддээ, “эр хүн байтлаа охин хүүхэд шиг уйлж болдоггүй юм” гэж сургаал айлдаж ирсэн нь тэр учраас үүдсэн биз.

Уг нь байгаль эх бүсгүйчүүд, харчуудад ч ялгалгүй нулимсаа гадагшлуулж байх эрхтэн хайрласан боловч уйлж болохгүйн учрыг эртээ эрт хар нялхаараа ойлгосон эрчүүд хашир зан гаргаж, гаднаа хээв нэг царайлах хэр нь зүрх сэтгэлдээ өмөлзөх нь олонтоо гэлцдэг.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед улаан терроризмын эрүү шүүлтэд өртөж хувь заяа нь төгссөн сайд түшмэл, дарга цэрэг, лам хар, ард тайж олон мянган монгол эрчүүдийн мөрдөн байцаалтын хавтаст хэрэгт цусан толбо байхаас бус нулимсны ул мөр анзаарагддаггүй.

Харин зарим хэрэгт цус, нулимс нэвчсэн байдаг нь “мангас” Доржоос эхлүүлээд монгол, орос харгис байцаагчдын гарт нухлуулж, хорихын хүйтэн өрөөнд шаналж суусан хөөрхий монгол бүсгүйчүүдийнх.

Судлаачдын саяхны тооцоогоор монголын нийт хэлмэгдэгсдийн 0.2% буюу 60 орчим бүсгүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгджээ. Энэ нь 500 хэлмэгдэгч бүрийн нэг нь эмэгтэй хүн байсан гэсэн үг.

Эл бүсгүйчүүдийн дунд Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт хааны хатан байсан нь нэн эмгэнэлтэй.

Богдтой хориод жил ханилсан Улсын эх дагина Дондогдулам хатан 1923 оны эхээр таалал болов. Зун нь Богд хааны баз хүргэн, шадар сайд, Хөвчийн жонон ван Цогбадрахын хошууны Дэчинчойлин хийд дээр Богдтой ивээл жилтэй 15 бүсгүйг цуглуулан буддын шашны ёсоор нэрсийг шодоход хамгийн эхэнд 1906 оны Сүрээр дарсан хэмээгч гал морь жилтэй Цэенпилийн нэртэй хуудас гарснаар түүнийг Эх дагинын хойд төрөл мөн хэмээн тодруулжээ.

Богд хаан Цэенпилд Юмчагмаа гэдэг нэр хайрлан Цагаан дарь хэмээн өргөмжилснөөс гадна унадаг өвчтэй байсан тул чойжин болгож, сахилын нэр хүртээсэн нь Гэнэнпил болой.

Гэвч 1924 оны хавар Богд хаан тэнгэрт хальсны хойно Гэнэнпилд Богдын сангаас тусгай өмч хөрөнгө олгож төрхөмд нь буцаасан тул тэрээр нутагтаа очоод Лувсандамба гэдэг бөх залуутай ханилж, хоёр гурван охин төрүүлэн амар жимэр суух болов.

Зөнгөөрөө амьдран суусан Гэнэнпилийг ногоон малгайтнууд зүгээр орхисонгүй, Монголын хамгийн том феодал байсан Богдын хатантныг зоргоор байлгах нь улааны номд харш байсан төдийгүй зөвхөн хааны хатан байсан нь зөвлөлт, монголын чекистүүдэд түүнийг үгүй хийх санаархлын үндэс, хангалттай аян шалтаг болжээ.

Гэнэнпил хатан руу дайрсан Дотоодыг Хамгаалахынхны 1932 оны довтолгоог Арвайхээрийн Гэндэнгийн Шинэ эргэлтийн бодлого хааж чадсан боловч олон мянган монголчуудын амийг залгисан 1937-1939 оны улс төрийн их шуурга тэр бүсгүйг ор мөргүй хаман одсон юм.

Баримт сөхвөл, Японы тусламжтайгаар ардын хувьсгалт засаг төрийг устгах гэж байсан хэргийн материал цугласан гэх үндэслэлээр Н.Гэнэнпилийг баривчлан хорьж байцаах тогтоолыг Дотоод Явдлын Яамны Хэнтий аймаг дахь Ангийн Эсэргүүцэн тагнах хэлтсийн хэргийг эрхэлсэн төлөөлөгч Очирпүрэв төлөвлөж, тус Ангийн дарга Л.Рэнцэн 1938 оны 9 дүгээр сарын 21-нд баталжээ. Улмаар маргааш нь хатантныг дайчлан баривчлах ордерт гарын үсэг зурж Н.Гэнэнпилийг баривчлах үүргийг ажилтнууддаа өгчээ.

Үнэн хэрэгтээ энэ нь жүжиг байсан бөгөөд баривчилгааг хууль ёсны дагууд явуулсан мэтээр харагдуулах гэсэн оролдлого байсан юм. Учир нь, тэд Н.Гэнэнпил хатантныг хэдийн Өндөрхааны шоронд хориод мөрдөн байцааж байжээ. Цаг тийм л цөвүүн байсан ажгуу.

Хавтаст хэрэг дэх баримтаас үзэхэд ДЯЯ-ны Онон Хурх дахь Ангиас тусгай томилогдсон төлөөлөгч Дамдинжав гэгч буриад эр баривчлах ордер батлагдахаас 8 хоногийн өмнө 1938 оны 9 дүгээр сарын 13-нд Адуутын Наваанлувсангийн өргөмөл охин Гэнэнпилийг баривчлан, гэр орныг нь нэгжин хөрөнгийг нь хураачихсан байв.

Хатантныг хэдэн удаа байцаасан нь тийм ч тодорхой бус боловч архивд 3 удаагийн байцаалтын тэмдэглэл хадгалагдан үлджээ.

Шарав гэгч төлөөлөгч 1938 оны 9 дүгээр сарын 22-нд зөвхөн биеийн байцаалт авсан байна. Эл мэдүүлэгт:

“Наваанлувсангийн Гэнэнпил би 33 настай. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, багийг мэдэхгүй. Барьцын булан хавиар нутагладаг. Гэр 1, ам 6. Эцэг Наваанлувсан нас 60 гаруй, эх Тунгаа нас 60 гаруй, миний нөхөр Лувсандамба нас 38, миний хүү эмэгтэй Цэрмаа нас арваад, мөн эмэгтэй Доржханд нас 10 гаруй” гэх зэргээр өчсөн нь тэмдэглэгдэн үлджээ.

Харин “Лхүмбийн хэрэг”-ийг мөрдөн байцаагч оросуудаас “хэрэг хүлээлгэх” аргад суралцаж, Хэнтийн До яамыг олон жил тэргүүлсэн “шар” хэмээх Л.Рэнцэн 1938 оны 10 дугаар сарын 26-ны байцаалтын үед Н.Гэнэнпилд улс төрийн хэрэг тулгаж,

  1. 1935 онд Улаанбаатарт нөхрийн хамт ирж Цогбадрах вангийнд буудаллахдаа Ардын засгийг устгах талаар түүнээс сонсож байсан.

  2. 1936 онд Барайбун хийдийн Номун хан лам Найдансүрэнгийн удирдсан хувьсгалын эсэргүү байгууллагад элсэн орж, шашныг мандуулахын тулд Ардын засгийг устгах зорилгоор бослого гаргахаар бэлтгэж байсан.

  3. Түүнээс хойш ойр хавийн ардуудад Ардын засаг өөрчлөгдөх тухайд суртал ухуулга хийж байсан ба өөрөөс нь гарч бусдад үрчлэгдсэн хараа муутай бүсгүйг Богдын хойд дүр мөн байж болзошгүй гэх зэргээр ярьж ардуудыг хувьсгалын эсэргүү хэрэгт татаж байсан.

  4. Богдыг залах ба шашныг дэлгэрүүлэх зорилтоор 1936 онд Гүртэн ламын хуралд 130 төгрөг шилжүүлэн нэгэн хурал дааж хуруулсан гэх хэргүүдийг хүлээлгэсэн байдаг.

Улмаар 1938 оны 10 дугаар сарын 12-нд Очирпүрэв гэгч нөгөөх эр Цагаан дарийг байцааж, хувьсгалын эсэргүү улс төрийн хэрэг үйлдсэн гэдгийг нь баталсан мэдүүлгийг дахин гаргуулснаар Н.Гэнэнпил хатан улс төрийн хэрэгтэн болон хувирч, зам мөр нь шулууджээ.

Хавтаст хэргийг уншиж, хуудас болгоныг нь мэдэрч суухдаа Н.Гэнэнпил хатантан Дотоод яамны эрүү шүүлтийг өөрийн хэр чинээгээр тэсвэрлэсээр эцэстээ улс төрийн хилс хэрэгт унахаас өөр аргагүй болсон нь анзаарагддаг.

Мэдүүлгүүдийн төгсгөлд гарын үсэг нь байхгүй, зөвхөн ягаан өнгийн бэхэнд дүрж дарсан хурууны хээ буй. Хаант төрийн есөн эрдэнийн нэг хатан хүн монгол, төвөд бичгийн аль алинаар нь мутрын үсгээ зурчих эрэмбэтэй байсан нь эргэлзээгүй юм. Тиймээс хурууны хээ Н.Гэнэнпил хатанд улс төрийн зохиомол хэрэг тулгасны баталгаа болон үлджээ.

Тэрчлэн, намрын жиндүү цагаар Хорих газрын хаяа хатавчаар нь салхи сийгсэн, галгүй, чийг даасан ханхай гэрт хоол ундгүй шахам хоригдож байсан цэл залуухан бүсгүй Н.Гэнэнпил хатантан ямар их зовлон зүдүүрийг гэтлэн, турьхан биеийнхээ тэнхээгээр амьдралын төлөө чин үнэнийг хамгаалан тэмцэж байсныг цус, нулимс нэвшрэн толботож, дэрийн хатсан хавтаст хэргийн хуудас бүр илчлэн, сэтгэл зүрхийг шимшрүүлнэ.

Гэтэл Н.Гэнэнпил хатантны махбод нь Өндөрхааны хориход, хавтаст хэрэг нь Хэнтий аймаг дахь Дотоод яамны хэлтэст байхад 1938 оны 11 дүгээр сарын 22-нд ДЯЯ-ны төв байранд хуралдсан тус яамны сайд Х.Чойбалсан, МАХН-ын Төв Хорооны дарга Д.Лувсаншарав, Шүүх яамны сайд Г.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй Онцгой Бүрэн Эрхт Комисс гэгч шүүх эрх мэдлийг шүүхээс гадуур эдэлсэн хууль бус байгууллага түүнийг “Эх орноосоо урваж, Ардын засгийг устгаж, империалист Японы дэмжлэгтэйгээр Хаант Засгийг сэргээн байгуулахаар завдсан” гэж буруутган, буудан алж, хөрөнгийг нь хураах ял оноов. Тэр гурван эрхтнийг сүүтэй цай, бууз хуушуур зөөлгөн ууж, идэж байх зуурт Монголын сүүлчийн хатантан бурхны оронд залагдчихаад байжээ.

Харин 1990 оны Ардчилсан хувьсгалын үрээр улс төрийн хэрэгт шийтгэгдэгсдийн асуудлыг нягтлан шалгах явцад Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1991 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110 дугаар тогтоолоор 1938 оны уг хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Гэнэнпилийн нэр төрийг сэргээн цагаатгажээ.

Гэвч нугалаатны дүйвээнээр 1932 онд эсэргүү феодал гэж хөрөнгөө хураагдан баривчлагдаж, хар гэрт хоригдон хавчигдаж байсныг нь нягталсангүй орхигдуулснаас манай Монголын сүүлчийн хатантны нэр нь сэвтэй, аньсага нь чийгтэй оршсоор байна. Хатантныхаа гэгээн нэрийг бүрмөсөн цайруулж, нулимсыг нь “арчиж өгөх сөн”.

Түүхийн ухааны доктор Халтарын Мөнхбаяр
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.