ЭМД-аар үйлчилдэг байгууллага хурууны хээгээр үйлчилнэ

Twitter Print
2021 оны 05-р сар 27-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр /2021.5.27/ "Эрүүл мэндийн даатгалын цахим шинэчлэл" сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

ЭМДЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга А.Бат-Оргил "Иргэд, даатгуулагчийн цагийг хэмнэх үүднээс тодорхой үйлчилгээнүүдээ цахимжуулж байна. Энэ хүрээнд цэнхэр дэвтрийг халж, цахим бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд эрүүл мэндийн даатгалын төлбөрөө өгөх гэж банкинд дараалалд зогсч цаг үрэх шаардлагагүй болсон. Ухаалаг утасны аппликейшнийг ашигласнаар эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг авах боломж бүрдсэн. Эмнэгийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд хурууны хээгээ уншуулж үйлчлүүлдэг болсон зэрэг давуу талуудыг дурдаж болно.

“E-daatgal” аппликейшныг ашиглах бүтээгдэхүүний гол зорилго хамгийн түгээмэл үйлчилгээг иргэдийн өөрсдийн гарт хүргэж байгаа хэлбэр юм. Даатгалын төлбөрөө төлөх болон эрүүл мэндийн даатгалаар эрүүл мэндийн тусламж авсан хувийн түүхээ харах боломжтой. Хэрэв аваагүй тусламж, үйлчилгээ байх юм бол даатгалын байгууллагад хандана. Мөн тусламж авсан сэтгэгдлээ хуваалцах боломжтой. Эм тарианы мөнгө авсан гомдол санал иргэдээс их ирдэг. Үүнийг цахимаар ЭМДЕГ-т илгээж болно. Холбогдох мэргэжилтнүүд асуудлыг шуурхай шийдвэрлэж, ажиллаж байгаа. Үүнээс гадна иргэд, аж ахуй нэгжүүдийн санал хүсэлтийг авч байна. Ингэснээр иргэд өөрийн эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээгээ хянах боломж бүрэн хэмжээнд бүрдсэн гэж ойлгож болно. Хэрэв цахим системд нэвтрэх болон бусад асуудал үүсвэл 1800-1363 дугаарт хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

ЭМДЕГ-ын орлогыг Нийгмийн даатгалын байгууллага бүрдүүлдэг. Даатгал төлөлтийг цахим хуудаст хандах шалгах боломжтой. Мөн лавлагаа авах тохиолдолд “E-Mongolia” төрийн үйлчилгээний системээс авч болно.

-Эрүүл мэндийн байгууллагууд хурууны хээгээр үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байдлыг хангах чухал. Хурууны хээгээр үйлчлэх шийдвэрийг гаргасан учир нь хүний өмнөөс үйлчилгээ авах тохиолдол их гардаг байсантай холбоотой. Зарим иргэний хурууны хээ таарахгүй зөрөх тохиолдол бий. Энэ тохиолдолд тодорхой маягтыг бүрдүүлж, мэдээллээ илгээснээр ЭМДЕГ-аас хяналт тавьж даатгалыг олгох зохицуулалт хийж ажиллаж байгаа.

Цаашид “E-Daatgal” аппликейшныг хөгжүүлэх, хэрэглэгчдэд илүү хялбар болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн иргэд, даатгуулагч ЭМДЕГ-тай шууд харилцах боломжийг бүрдүүлж тусгай дугаарыг ажиллуулж байгаа. 

Нөгөө талаас ЭМДЕГ-ын гэрээт 2000 гаруй эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл зөвхөн тухайн аймаг, орон нутагтаа л харьяалагддаг байсан бол аймаг хооронд харилцан мэдээлэл солилцох томоохон шинэчлэлтийг хийж байгаа. Тухайлбал, Баян-Өлгийд байгаа эрүүл мэндийн байгууллага, Хэнтий, Хөвсгөлд байгаа эрүүл мэндийн байгууллагатай мэдээллээ солилцох, үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Үүнийг нэвтрүүлэхийн тулд аж ахуй нэгжүүд нэгдсэн мэдээлэл солилцох платформд шинэчлэлтийг хийж, мэдээллээ оруулах шаардлагатай" гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.