Хүчтэй төрийн үндэс нь хүчирхэг иргэн буюу сул дорой монгол хүн танаа

Twitter Print
2020 оны 01-р сар 13-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

АТГ-аас “хүн ардыг соён гэгээрүүлэх тухай болон иргэдийн үүрэг оролцоо хариуцлагын талаар яриа хийж өгөөч” гэсэн хүсэлт ирэв.

Цаг зав бага байсан ч, намайг тоож яриа хийлгэж байгаад баярлан, бага сага юм бэлтгэв. Миний яриа хурлын төгсгөлд таарч, нэг их олон хүн сонсоогүй, гэхдээ ийм сэдэв хөндсөнд би сэтгэл хангалуун байлаа, бас, энэ сэдвийг олон хүнд хүргэх хэрэгтэй юм байна гэж бодсоноос өнөөдөр Үндсэн хууль батлагдсан тэмдэглэлт өдөр үүнийг бичиж сууна.

Манай нийгэм өнөөдөр амаргүй байдалд байна, авилга ихэслээ, шударга ёс маш ихээр үгүйлэгдэх боллоо. Хэний буруу вэ? Үүнд юуны өмнө, бид төр засгийг, улс төрчдийг буруутгадаг. Монголын улс төр төлөвших яагаа ч үгүй байгаатай, Монголын улс төрчид шударга бусын манлайлагчид болоод байгаа гэдэгтэй маргах хүн үгүй биз. Гэтэл, нөгөө талаас, улс төрчдийг, улс төрийн намыг сонгуулиар гаргаж ирэн, тэдэнд эрх мэдэл олгодог ИРГЭД БИД ямаршуухан байна вэ?

Монгол хүн бие бялдрын хувьд маш хүчирхэг, үүний нотолгоо бэлээхэн байна. Гуравхан сая хүн амтай Монголоос олимп дэлхийн аварга төрж л байна... гэх мэт. Харин монгол хүн ИРГЭНийхээ хувьд ямар вэ, маш СУЛ ДОРОЙ. Харьцуулж үзье, мэргэжлээсээ болоод би байнга л Японоос жишээ татдаг. Булчин шөрмөс нь зангирсан монгол эр, өндөр гоолиг бие хаатай монгол бүсгүйг туранхай намхан, майга хөлтэй, жижигхэн биетэй япончуудтай “булчин шөрмөсөөр” нь биш, иргэнийх нь хувьд харьцуулаад үзэхэд тэнгэр газар шиг ялгаатай. Япон хүн бол иргэн хүнийхээ хувьд маш хүчтэй. Тиймээс ч Япон төр хүчирхэг байдаг.

ЯМАР ХҮНийг ИРГЭН хүн гэх вэ? Иргэний үнэмлэх аваад л иргэн болчих уу? Үгүй. Иргэн хүн төлөвшиж бий болно. Төлөвшиж тогтворжоогүй иргэдтэй улсын төр хүчтэй байх боломж бараг үгүй. Төлөвшиж хүчирхэгжсэн иргэн хүн өөртөө шаардлага тавьж, үүргээ биелүүлж чадна, өрөөлд ч зүй ёсны шаардлагыг тавьж чадна. Иргэн хүн сайн сайхан, шударга нийгмийн төлөө тэвчих ёстой бол тэвчиж, зүтгэх ёстой бол зүтгэж чадна. Төлөвшсөн иргэнтэй улс оронд авилгачдад гишгэх газар хомсдоно. Иргэн болж төлөвшиж чадаагүй хүнийг хуурахад амархан. Талх боов тараана, тав арван цаас атгуулна, магтаал сайшаалд дуртай болохоор нь медаль өргөмжлөл нэртэй төмөр, цаасыг мянга мянгаар нь тараана.... гэх мэт... хөөрхий ингэж оюун ухааныг нь “хүүхдээр нь” байлгах олон арга байна доо.

Сул доройгоороо дуудуулсан Монгол хүн таны уур хүрч байна уу? Шуудхан үнэнийг хэлье, та ИРГЭН болж төлөвшиж чадахгүй бол соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэв гуайн хэлсэнчлэн, наад улс төрчид чинь хэдэн үеэр чинь “толгой дээр чинь суучихаад, дээрээс чинь угаадсаа асгасаар” байх болно.

“Сайн улс төрчид, шударга нам гарч ирвэл бүх юм сайхан болно” гэж та бодож байна уу? “Үгүй” гэдгийг дэлхийн түүх нотолсоор байна. Сайн нам, шударга улс төрчийг ХҮЧИРХЭГ ИРГЭН л гаргаж ирнэ, хянаж чадна. Хэрвээ надтай санал нийлж байвал цааш нь дамжуул, найз нөхөдтөйгээ санал бодлоо солилцоорой! Санал нэгдэхгүй бол хэрэлдэж маргалдаад хэрэггүй шүү.

Нам, улс төрчид биднийг аврахгүй ээ!!! Биднийг бид өөрсдөө л аварна! Бүгдээрээ ИРГЭНШЬЕ!!!!!

Япон судлаач Дэлэгийн Төмөрбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.20) 2014-05-18 00:14
      • 0
      • 0

      Сайхан мэдээнvvд байна. Vнэхээр олон жил мартагдсан бvтээн байгуулалт гэдэг зvйл энэ засгийн vед шижигнэж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна.

      Хариулах