
Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын башё үргэлжилж байна. Өнөөдөр Нацү башёгийн зургаа дахь өдөр Монголын гурван их аваргаас нэг нь өвдөг шороодлоо. 69 дэх ёкозүна Хакухо уран барилдаант Аминишикиг давсан бол 71 дэх ёкозүна Какүрюү Монголын сумочдын алтан хараацай Кёкүтенхог давжээ. Харин мэргэжлийн сумод таван удаа түрүүлсэн 70 дахь ёкозүна Харумафүжи Тоёоношимад өвдөг шороодож хоёр унаатай болсон. Их аварга цолтой бөх эхний найман өдөр хоёр буюу түүнээс дээш унавал цаашид түрүүлэх боломжгүй болдог. Үүнийг нь их аваргуудын зөвлөл тэмцээний дараа хуралдаж ярилцахаар болсон аж.
Тэмцээний өмнө их аваргуудын зөвлөл Какүрюүг сайн барилдана гэдэгт нь итгэж байгаагаа хэлсэн. Манай бөх ч ёкозүна цолны эрэмбэнд барилдаж эхний зургаан өдрийн тавд нь даваад байна. Энэ сарын тэмцээний өдөр бүрийн барилдаан үзэгчээр дүүрэн байгаа нь сумогийн холбооны ажилчдын санааг бага ч гэсэн амрааж байгаа аж. Хамгийн сүүлд 2001 онд гурван их аваргатай башё болж байжээ.
Түүнээс хойш ихэнхдээ нэг ёкозүна башёг тэргүүлэн барилддаг байв. Зарим башёд хоёр их аварга банцүкэд бичигддэг байсан тухай үзэгчид ярьж байна. Мэргэжлийн сумогийн 68 дахь ёкозүна Асашёорюү зодог тайлж сумогийн ордон нэг хэсэг үзэгчгүй болсон ч Монголын гурван аваргын ачаар нэр хүнд нь эргэн сэргэж байгаа нь энэ юм.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
zochin
(202.21.124.133) 2014-05-19 16:14hoh tolbot erchvvd de amjilt
Хариулах