Япон, Солонгос диваажин биш

Twitter Print
2014 оны 05-р сар 16-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр үдэш Солонгосын “КВS” телевизээр Японы “WOPLD JAPAN” нэвтрүүлгийн хөтлөгч, нэрт найруулагч, хөтлөгч Сэкио Ёошимурагийн Монголын хөдөө нутгаар аялж явахдаа зургийг нь авсан “Пүүжээ” нэртэй баримтат кино гарав. Монголын хөдөө нутагт төрж өссөн Пүүжээ хэмээх 12-хон настай малчин охины гунигт амьдралыг харуулсан энэ кино 2006 онд Азийн кино наадам, 2009 онд Парисын кино наадамд түрүүлсэн түүхтэй юм билээ. Энэ кино хоёр жилийн өмнө бас л гарч байсан санагдана. Анх удаа Монголдоо гадны телевизээр үзэхэд харамсал төрж, хоолой гашуун оргиж байсан юмдаг. Энэ киног хамгийн эхлээд 2008 онд Солонгос улсад ажиллаж, амьдарч байхдаа үзэж байлаа. Японы найруулагч манай хөдөө нутгаар аялж явахдаа Пүүжээгийн гэр бүлийнхэнтэй санамсаргүй байдлаар учирч тэдний өдөр тутмын амьдралын хүнд бэрхийг гайхан алмайрч, зүгээр л камертаа буулгаад авчихсан юм билээ. Ерөнхийдөө сэтгэл эмзэглүүлсэн бараан амьдрал эхнээсээ аваад дуустал үргэлжилнэ. Пүүжээгийнх 600 гаруй бог, 30 гаруй тооны адуутай хөдөөдөө бол боломжийн л малтай айл. Харин хот орж сайхан амьдрал хайн одсон аав нь эзгүй болохоор эр хүнгүй айлын амьдрал нэг л ханхай хоосон харагдах ажээ. Хүнд хэцүү өвөл үргэлжилж олон мал нь осгож, бээрч үхсэн үзэгдэнэ. Хамгийн гол нь хөгшин эхдээ түшиг болж адуу малтай эгээ л эр хүн шиг ноцолдон гэрт орж эм, гадаа гарч эр хүн болж явсан Пүүжээгийн ээж залуухан эмэгтэй Сэкио Ёошимура найруулагчыг нэг жилийн дараа тэднийг эрж сурсаар очиход мориноосоо унаад өнгөрчихсөн байдаг. Яг тэр хэсгийн зураглалыг үзээд хар аяндаа л нулимс гарч ирээд болдоггүй юм. 

Настай ээж нь хадгаар бүтээсэн зургийг нь заагаад “Хөөрхий минь мориноос унаад ийм болчихсон шүү дээ” хэмээн нулимсаа арчиж байгаа хэсэг Монголын хөдөө нутгийн эмгэнэлтэй дүр зургийг үүнээс илүүгээр яаж ч гаргах билээ дээ гэж өөрийн эрхгүй санагдуулна. Залуухан Монгол бүсгүйн золгүй амьдрал диваажингийн орон шахуу Япон, Солонгосчуудад ёстой л харь гаригийнхны амьдрал шиг санагдах нь ойлгомжтой. Энэ киноны хамгийн оргил хэсэг нь хоёр гурван жилийн дараа Япон найруулагч Пүүжээ охиныг сурсаар Төв аймгийн Баянчандмань суманд очиход хичээлээ тараад зам хөндлөн гарч явсан 12-хон настай тэр охин машинд дайруулан харамсалтайгаар өнгөрсөн тухай өгүүлдэг хэсэг нь юм. Төрсөн охиноо туйлын харамсалтайгаар хорвоогоос буцаасан хөөрхий настай эх байгалийн аймшигт хүчний өмнө гар мухардан ихэнх малаа барчихаад сумын төв бараадсан нь сэргэлэн жаахан ач охиноосоо хагацах шалтгаан болжээ. Харь элгийн хүний нүдээр Монголын хөдөө нутгийн үнэн бодит амьдралыг буулган үлдээсэн баримтат киноны өрнөл иймэрхүү л бараан дүрслэлтэй. Бидэнд өөрсдөд маань ч хар дарсан зүүд шиг л үргэлжлэх энэ киног үзээд баян хангалуун Япон, Солонгосын үзэгчид Монгол орныг хэрхэн хүлээж авч, ямархуу сэтгэгдэлтэй үлдэхийг төсөөлөхөд л харамсал, уйтгар төрнө. “Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэдэгчлэн хэдийгээр гадныхан үнэн бодит амьдралыг үзүүлж байгаа хэдий ч ихэвчлэн Монголын аль л гунигтай, хар бараан талыг нь барьж авч үзүүлээд байгаад уур ч хүрэх шиг.

Гурав дөрөвхөн жилийн өмнө наадмын дараа бөөн ажил явдал болж, хэдэн өдрөөр дугаарлаж, халуун наранд харлаж, борлотлоо зогсож байж Солонгост гэрээгээр ажиллах 4000 хүний тоонд багтах гэж залуучууд үхэлдэн зүтгэдэг байлаа. Тэгвэл өнөөдөр хоёр, гурван өдрөөр бүртгээд ч Солонгос явах сонирхолтой залуусын тоо цаанаас ирсэн квотод нь хүрэхээ больжээ. Үндсэндээ хүний нутагт очиж, хахир эздийн хараа хяналтын дор сүүтэгнэн ажиллаж байснаас Монголдоо боломжийн ажил хийгээд сард 800.000-1000.000 төгрөгийн цалин аваад байх боломжтой болсон болохоор Солонгосыг зорих залуусын цуваа эрс хумигдсан. Тэгээд ч нэгэн цагт Монголчуудын хувьд мөрөөдлийн орон байсан Солонгост хөдөлмөрийн шинэ хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа. Энэ хуулиар ажлын таван өдөрт шилжсэн тул ихэнх үйлдвэрүүдийн цалин эрс буурсан. Нэгэн цагт миний ажиллаж байсан Угчон хотын машины үйлдвэр л гэхэд л илүү цаг хийхээ больж гадны ажилчид нь тарж бутраад тав, зургаахан хүн үлдсэн сурагтай байсан. Тэсч үлдсэн Монгол, Вьетнам, Узбекүүд хааяа нэг олддог болсон илүү цагийн төлөө гар зөрүүлсэн тохиолдол ч цөөнгүй гарсан дуулдсан. Хамгийн таагүй нь хагас сайн, бүтэн сайнд өөрөө л залхуурахгүй бол элбэг олддог байсан бүтэн өдрийн “Арбайт” буюу илүү цагийн ажилд гадны иргэдийг ажиллуулах тун ч дургүй болсон гэнэ. Гуч, дөчин жил цаг наргүй ажиллаж дэлхийн арван хүчирхэг эдийн засагтай орны нэгэн болсон Солонгос улс ард иргэдээ сунаж унатал нь ажиллуулахаа больж, ажлын таван өдөрт шилжсэн нь богинохон хугацаанд байрны мөнгө хийх хүслээр жигүүрлэн нисэн одоцгоосон манай иргэдэд хүндхэн цохилт болж байгаа. Энэ бүхнийг нуршсан нь заавал Солонгос, Японд очиж харийн хүний барлаг хийх шаардлага өнөөдөр Монгол орны тухайд алга болжээ гэдгийг л хаа хаанаа анхаарч үзээсэй гэсэнд билээ. Монголд ажил захаас аваад байна. Харин хийх хүн нь улам л цөөрөөд байна.

Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Офицерүүдийн ордноос урууддаг замд үерийн далан бариад жил гаруй хугацаа өнгөрлөө. Ойролцоогоор 600 орчим метр газар л бетондсон далан тавьсан юм. Тэрийг барих гэж хэдэн өдөр тэр хавийн замыг хааж, хүмүүсийг ёстой нэг хашраах шиг л болсон. Саяханы нэг орой албаны бололтой хэдэн хүмүүс өнгөрсөн борооноор хог, новшоор дүүрэх шахсан ус зайлуулах далангийн байдалтай танилцаж байв. Сонирхон очвол Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийн нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн түшмэл ”Уг нь энэ далангийн хог новшийг адаглаад сард нэг удаа цэвэрлэх учиртай юм. Даанч ийм ажил хийчих хүмүүс олдохгүй хэцүү байна” гэж байлаа. Ганц муу жижигхэн үерийн далан цэвэрлэчих хүмүүс олдохгүй байна гэдэг мөн ч хөөрхийлөлтэй хэрэг шүү. Тэгвэл Сайншандын аж үйлдвэрийн парк, Говь нутгаар хөндлөн тавигдах төмөр замыг хэн маань барьж гүйцэтгэх хэрэг вэ. Аль эсвэл хэдэн мянган Хятад орж ирээд хэдхэн жилийн дараа баахан эрлийз хүүхдүүд шулганалдаж байх хэрэг үү. 

Засгийн газраас нэгэнтээ “Зөгийн үүр” байгуулж Ази, Европ, Америк даяар хэрэн хэсч яваа эх орон нэгтнүүдээ буцаан авч ирж Монгол хэмээх нэгэн томхон бүл зөгийн үүртэй болно гээд хэсэг бужигнаад чимээ алдарсан. Одоогоор тэр томхон зөгийн үүр бүрэлдэх нь байтугай сураг ажиг ч үгүй л байна. Харин манай улстөрчдийг хоорондоо толхилцож байх хойгуур өнгөрсөн жилийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн 2000 орчим сайхан залуус буюу ажилчин зөгийнүүд Солонгосыг зорин дүнгэнэлдээд нисэн одоцгоох л байх. Цэцэг цэцгийн баланд согтсон зөгий гэдэг амьтан үүрээ олохгүй их л удаан тэнүүчилдэг юм гэсэн. Харин эх орон нэгтэй Монгол ажилчин зөгийнүүд маань хэзээ нэг үүр оромж руугаа эргэцгээх бол доо. Солонгос, Япон диваажин биш, Монгол яагаад ч гутамшиг биш шүү дээ.

Д.Энхтүвшин 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.