Туршлагатай дипломатчийн 10 зөвлөгөө

Twitter Print
2021 оны 12-р сар 07-нд 14:44 цагт
Мэдээний зураг,

"Сэтгүүлч та бүхэн гадаад, дотоодод янз бүрийн үйл ажиллагааны хүлээн авалтад ихээхэн оролцдог улс. Зарим наад захын зүйлийг мэдсэн байхад илүүдэхгүй" гэж нэг дотны дипломатч зөвлөсөн нь бусдад тустай байж болох тул хуваалцаж байна.

1. Нэрийн хуудсыг харалгүй шуудхан халаасалдаг нь бүдүүлэг соёлгүй байдлаа илтгэж байгаа хэрэг. Тиймээс нэрийн хуудсыг аваад, үзээд "Баярлалаа, аа та чинь ийм ажилтай хүн үү? Таны нэрийг ингэж дуудаж болох уу? " зэргээр харилцаа үүсгэх ёстой гэв. Үнэндээ нэлээд боловсролтой хүмүүс ч тун хайрамжгүйгээр шуудхан цаашаа хийж харагддаг нь бараг тохиолдол доо.

2. Хооллохоосоо өмнө ширээн дээр байгаа алим жимс, усан үзмийг шуудхан аваад үмхэж болохгүй. Энэ бол десерт. Тэгэхлээр хоолоо идэж дууссаны дараа хэрэглэх ёстой.

3. Талх юмуу мантууг бүтнээр нь аваад идэхгүй, таллаж хагасалж иднэ. Гэхдээ талхаа шөлөндөө дүрж иддэггүй. Мань мэт нь шөлөндөө дүрчих гээд байдаг юм.

4. Талхыг хэзээ сэрээдэж болохгүй, барьж иднэ. Шөлний тавгаа аваад дуустал сорьж болдоггүй. Зарим хүн толгойгоо шөлөнд хийх шахан иддэг нь муухай харагддаг. Удаан зажлах ёстой юм байна.

5. Зарим орон хоолныхоо дунд чимэглэл хийдэг, түүнийг ажиглаж мэдсэн байх ёстой. Үнэхээр бидний сэтгүүлчид төрийн айлчлалыг сурвалжлахаар Япон улсад ажилласан юм. Нэг нөхөр маань "Энэ чинь ямар сонин эд вэ?" гээд шуудхан амандаа хийгээд хазсан чинь чулуун чимэглэл байж, тэр хүн эвгүй байдалд орж байсан.

6. Халбага юмуу сэрээг газар унагавал аваад дахиж хэрэглэхгүй, үйлчлэгч дуудаж шинэ халбага сэрээг авна.

7. Хоолыг хамгийн номоор нь идэх арга бол ширээнд сууж байгаа хамгийн соёлтой хүнийг дуурайх. Нэгэн нэртэй дипломатч настай ээжийгээ харь оронд зочдын хамт урьж, хооллолжээ. Ямар өө сэв гаргалгүй идэхэд "Та чинь гадаадын хүнээс дутахааргүй соёлтой байлаа шүү" гэхэд "Үгүй би чамайг л яг дуурайгаад байлаа" гэсэн гэдэг.

8. Амны цаасаар дарж байгаад шүдний чигчлүүрийг хэрэглэнэ, ил шүдээ ухаж болохгүй. Хоол сонгож авбал, дахиад олдохгүй юм шиг дүүрэн сагсайтал хийлгүй, дараа авч болохоор дундуурхан хийнэ.

9. Хоолонд болгоомжтой хандах. Нэгэн тохиолдол санаанд орж байна. Нэгэн сүрхий соёлтой эмэгтэй дэргэд суугаад бөөрөнхий махыг хальт сэрээдчихсэн чинь үсрээд хажуугийн хүний цагаан цамцан дээр унаж билээ. Тэгээд "Уучлаарай сайхан хооллоорой" гээд юу ч болоогүй юм шиг байж билээ.

1О. Кофе юмуу цай өгч байгаа бол хүлээн авалт дууслаа гэсэн үг. Соёлтойгоор та одоо явж болноо гэсэн үг. Түүнээс хойш удаан суугаад байх нь зохисгүй гэлээ.

Бас л бодууштай, анхаарууштай зүйлийг хэллээ гэж бодсон юм. Тэрбээр ярианыхаа завсраар "Манай Дүгэрсүрэн сайд гадаадад айлчлахаас өмнө 1О хоногийн турш усанд орж, махан хоол иддэггүй байсан, одоо манайхан хамаагүй туучуулж юу ч үнэртүүлж магад гэлээ. Бас нэг УИХ-ын гишүүн Германд айлчлахад "Танаас утаа үнэртэж байна" гэсэн шүү. Тэрийг одоо яалтай билээ. 

Эх сурвалж: Зохиолч До.Цэнджав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.