Жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулах үед нярайд үзүүлэх нөлөө

Twitter Print
2022 оны 02-р сар 19-нд 13:31 цагт
Мэдээний зураг,

ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛАХ ҮЕД НЯРАЙД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ / ИЗРАЙЛЬ

Төрөхийн өмнөх эхчүүд COVID-19 эсрэг BNT162b2 mRNA (Pfizer) вакцин хийлгэх нь төрөлт эсвэл нярай хүүхдэд сөрөг үр дагавар үзүүлэх үү? Ингэж бодож өнөөг хүртэл эргэлзэж, вакцинд хамрагдаагүй байгаа жирэмсэн эхчүүд байгаа байх. Тэгвэл энэ асуултад хариулт болох судалгааны үр дүн нийтлэгдсэн байгааг хураангуйлж орууллаа.

Израиль улсад жирэмсний хугацаанд эх нь вакцин хийлгэсэн 16,000 гаруй нярайд хийсэн судалгаагаар дутуу төрөлт, бага жинтэй төрөлт, хөгжлийн гажиг, эмнэлэгт хэвтэлт, эндэгдэл зэрэг аль аль нь ураг байх хугацаанд нь вакцин хийлгээгүй жирэмсэн эхээс төрсөн нярай хүүдүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй байна.

Эх сурвалж: Inbal Goldshtein et al, JAMA Pediatr. Published online February 10, 2022. doi:10.1001/jamapediatrics.2022.0001

Дээр дурдсанчлан, жирэмсэн үед хийгдсэн коронавирусийн эсрэг вакцинжуулалт нь жирэмсэн эхэд болон түүнээс төрсөн нярайд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үл барам жирэмсэн эхчүүд болон нярай хүүхдийг шинэ коронавирусийн халдвараас хамгаалдаг болох нь.

Тэгвэл ер нь mRNA ВАКЦИН ХИЙЛГЭСНЭЭР ҮРГҮЙ БОЛОХ УУ? ЗУЛБАЛТ БОЛОН УРГИЙН ГАЖИГ НЭМЭГДЭХ ҮҮ? гэх мэт асуудлууд манай нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн санааг чилээж байж мэдэх юм. Хэрэв ингэж бодож эргэлзэж байгаа бол өнөөдрийг хүртэл Олон улсад хийгдсэн судалгаа шинжилгээнүүд үүнийг алдаатай ойлголт гэдгийг нотолж өгч байна.

mRNA вакцины хөгжүүлэлтийн шатанд туршилтын хулгана, харх, туулай гэх мэт амьтдад уг вакциныг хийж үзэхэд жирэмслэлтийн түвшинд огтын ялгаатай өөрчлөлт ажиглагдаагүй гэдэг.

АНУ-д 870,000 орчим жирэмсэн эмэгтэйн дунд хийсэн судалгаагаар вакцин хийлгэсэн жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдаагүй жирэмсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад коронавируст халдварын улмаас нас барах магадлал 15 дахин, дутуу төрөлт 22 дахин бага байгааг тогтоожээ.

Эх сурвалж: Chinn J et al, JAMA Network Open, 4:e2120456, 2021

Шотландад 18,000 орчим жирэмсэн эмэгтэйн дунд явуулсан судалгаагаар коронавирусийн халдварын 77.4%, КОВИД-19 өвчний 90.9%, КОВИД-19 шалтгаант нас баралтын 98% нь вакцинд хамрагдаагүй жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолдсон байна.

Эх сурвалж: Stock SJ et al, Nat Med, Jun 13, 2022

Жирэмслэхийн өмнөхөн эсвэл жирэмсний 20 дугаар долоо хоногоос өмнө mRNA вакцин хийлгэсэн 2500 орчим эмэгтэйг хамруулсан судалгаанд аяндаа зулбах түвшин вакцин хийлгээгүй хүмүүсийнхээс ялгаагүй байгаа болохыг тогтоожээ.

Эх сурвалж: АНУ-ын CDC-ийн мэдээлэл: https://doi.org/10.21203/rs.3.rs-798175/v1

Жирэмсэн үед mRNA вакцин хийлгэхэд эсрэгбие эхэсээс урагт дамждаг ба энэ эсрэгбие 6 сар орчим хугацаанд хадгалагддаг байна. Жирэмсэн үед mRNA вакцин хийлгэх нь жирэмсэн эх болон ургийг коронавирусийн халдвараас хамгаалж, шинэ төрсөн нярайг тодорхой хугацааны туршид коронавирусийн халдварт өртүүлэхгүй байх болно.

Эх сурвалж: Gray KJ et al, Am J Obstet Gynecol, 2021. Beharier O et al, J Clin Invest, 2021.

Яг үүнтэй ижил жирэмсэн байх хугацаандаа вакцин хийлгэсэн эхээс төрсөн хүүхдэд төрсний дараа 6 сар өнгөрсөн ч эсрэг бие нь хадгалагдсаар байсан бол жирэмсэн үедээ коронавирусийн халдварт өртсөн эхээс төрсөн хүүхдэд эсрэгбие арилаж байгаа болохыг тогтоосон судалгааны үр дүн саяхан нийтлэгдсэн байна (тайлбар зураг).

Эх сурвалж: Shook LL et al, JAMA Network. February 7, 2022. doi:10.1001/jama.2022.1206

Вакцин хийлгэсэн эхчүүдийг коронавирусийн халдварт өртсөн эхчүүдтэй харьцуулж үзвэл, вакцин хийлгэсэн эхчүүдэд титэм уургийн эсрэг эсрэгбиеийн түвшин өндөр байсан бөгөөд эдгээр эхээс төрсөн үр хөврөлийн цусанд ижил үр дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалт нь байгалийн халдвараас илүү сайн дархлаатай болохыг харуулж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, вакцин хийлгэсэн эхээс төрсөн ихэнх хүүхдүүдэд төрсний дараах 2 ба 6 сартай үед титэм уургийн эсрэгбие илэрхий эерэг гарч байсан бол коронавирусийн халдварт өртсөн эхчүүдээс төрсөн бүх хүүүхдүүдэд энэ эсрэгбие сөрөг бөгөөд эсрэгбиеийн үйлдвэрлэл үргэлжилдэггүй болох нь тогтоогдсон байна.

Коронавирусийн эсрэг үүссэн эсрэгбие нь вирусийн эсрэг эхэн үеийн хамгаалалтанд чухал ач холбогдолтой байдаг тул жирэмсэн үедээ эхчүүд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах нь төрсний дараа нярай хүүхдийг коронавиурсийн халдвараас хамгаалдаг болохыг илэрхийлж байна.

Жич: Дээрх судалгаануудын үр дүнгээс харахад жирэмслэхийн өмнө, эсвэл жирэмсэн байхдаа коронавирусийн эсрэг вакцинд (ялангуяа Pfizer вакцинд) хамрагдах нь жирэмсэн эхийг өөрийг нь цаашлаад төрсөн нярай хүүхдийг халдварын эрсдэл, хүндрэл нас баралтаас хамгаалдаг болох нь тодорхой байна.

2022 оны 01 сарын 31 ны өдрийн байдлаар манай улсын хэмжээнд 2021 оны 4 сарын 1 нээс хойш бүртгэгдсэн нийт 6067 жирэмсэн эх коронавируст халдварт өртөөд байгаа юм байна. Харин эдгээрээс хэд нь вакцинжуулалтад хамрагдсан байсан эсэх тухай тодорхой мэдээлэл олж харж амсангүй.

Жирэмслэхийг төлөвлөж байгаа болон жирэмсэн болсон байгаа эхчүүдийгээ айх аюулгүй вакциндаа хамрагдахыг, мэдээж хэрэг нэмэлт тундаа мөн хамрагдахыг хүсэж байна.

Ойдовын Баигэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.