Хойд Солонгос цөмийн хүчээ нэмэгдүүлнэ

Twitter Print
2022 оны 04-р сар 27-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

БНАСАУ-ын зэвсэгт хүчин байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан цэргийн парадын үеэр тус улсын удирдагч Ким Жон Ун цөмийн хүчээ хурдацтайгаар нэмэгдүүлэх ажлыг дэмжихээ илэрхийлж, бусад улс орнуудын зүгээс өдөөн хатгалт ирсэн тохиолдолд цөмийн зэвсгээ ашиглана хэмээн анхааруулжээ. Тэрээр Хойд Солонгос улс пуужингийн туршилтуудаа үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдсэн нь тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоосон АНУ болон АНУ-ын түнш улс орнуудад дарамт үзүүлэх зорилго тээж байгааг нь харуулж байна хэмээн ажиглагчид үзжээ.

Индэр дээрээс цэргийн парадыг үзэж сонирхсон Ким Жон Ун цагаан өнгийн ёслолын дүрэмт хувцас өмссөн байсан ба индэр дээр гэргий Ри Соль Жү болон төрийн дээд албан тушаалтнуудын хамт зогсон, инээмсэглэн гараа даллаж буй гэрэл зураг Хойд Солонгосын төрийн өмчит телевизийн мэдээгээр цацагджээ. Тэрээр, "Бид улсынхаа цөмийн хүчийг хөгжүүлэх ажлаа хамгийн хурднаар явуулах арга хэмжээг авсаар байх болно. Манай цөмийн төслийн гол зорилго бол дайнаас урьдчилан сэргийлэх юм. Гэхдээ үүгээр хязгаарлахгүй. Ямар нэг гадны хүч манай улсын ашиг сонирхлыг зөрчвөл манай цөмийн хүч тухайн гадны хүчийг үгүй хийнэ." хэмээн мэдэгджээ.

Цэргийн парадын үеэр мянга мянган цэргийн албан хаагчид жагсаж, Хойд Солонгосын хамгийн хүчирхэг зэвсгүүдийг танилцуулсан байна. Үүнд тив хоорондын баллистик пуужингууд, ойрын зайн пуужингууд, мөн Ким Жон Уны өвөө агсан, БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений нэрээр нэрлэсэн тив хоорондын Хвасон-17 баллистик пуужин зэргийг үзүүлжээ.

Хойд Солонгосын зүгээс Хвасон-17 пуужинг өнгөрсөн сард туршсан хэмээн мэдэгдсэн ч уг мэдэгдлийг БНСУ-ын тал үгүйсгэж, тухайн пуужин нь Хвасон-15 байсан харин Хвасон-17 пуужингийн туршилт бүтэлгүйтсэн хэмээн мэдэгджээ.

Нөгөө талаас Хойд Солонгос улс тив өнгөрсөн сард хоорондын баллистик пуужингийн туршилт амжилттай явуулсан нь үнэн бөгөөд тухайн пуужин нь өмнөх пуужингуудаас илүү өндөрт хөөрч, илүү урт замыг туулжээ.

Ким Жон Уны хувьд АНУ болон барууны улс орнуудын хориг арга хэмжээ, олон улсыг дарамтыг үл харгалзан цөмийн төслөө үргэлжлүүлсээр байгаа билээ. Энэ он гарснаас хойш Хойд Солонгос пуужингийн 13 туршилт явуулсан ба туршилтын журмаар цөмийн төхөөрөмж дэлбэлэх зорилгоор газар доор хонгилууд барьж эхэлжээ.

Эх сурвалж: The Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.