Б.Батболд:”Гудамж” төслийн цаад үр өгөөжийг нь олж хараасай

Twitter Print
2014 оны 05-р сар 15-нд 18:15 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Улаанбаатар хотод хоёр дахь жилдээ өрнөж буй “Гудамж төсөл”-ийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Мэдээллийн дараа “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Б.Батболдоос цөөн асуултад хариулт авсан юм.

-“Гудамж” төсөл төлөвлөсөн ёсоор явж байгаа юу?    

-Өнгөрсөн оны тавдугаар сард “Гудамж” төсөл эхэлсэн. Уг төслийн хүрээнд “Хотын төв”, “Хурдны зам”, “Гэр хороолол” гэсэн гурван дэд төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд нийт 33 уулзварыг шинэчлэхээс өнгөрсөн жил 18-ыг засч, Чингисийн өргөн чөлөөний 2.2 км замыг өргөтгөн шинэчлэх, “Хүй долоон худаг”-ийн 8.5 км зам барьж, нийт 10.7 км авто замын ажил, 5496 авто машин, 102 автобусны зогсоол байгуулж, 12.6 га үйлчилгээний талбайг тохижууллаа. Энэ жилийн хувьд гурван уулзвар, 21 км авто зам, 479 у/м гүүр, Гандангийн гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц, Туул голын хурдны 33 км зам, Сэлбэ голын 26 км хурдны замын ажлыг хийнэ. Замын уулзварыг шинэчлэх ажлын тухайд, эхний ээлжинд тодорхой болсон гурван уулзвар нь 100 айл, Ахуй үйлчилгээний төв, “Цэцэг” төвийн уулзварууд юм. Мөн “Гудамж” төслийг орон нутагт хэрэгжүүлнэ.

-Гэр хорооллын дэд төсөл болон хурдны замуудын ажил эхэлсэн үү?

-Авто замын хэвтээ тэнхлэгийн дагуу Баянзүрхийн товчооноос Азийн автозамын АН-3 тэнхлэг хүртэл Туулын хурдны зам, авто замын босоо тэнхлэгийн дагуу Хандгайтаас Яармаг хүртэл Сэлбэ голын хурдны замыг барихаар төлөвлөж байна. “Гудамж” төслийн хүрээнд Туулын болон Сэлбийн хурдны замууд Маршалын гүүрний зүүн талд олон төвшний уулзвараар холбогдох юм. Тус байршилд цахилгаан, дулаан зэрэг инженерийн байгууламжийн давхцал их байгаа тул холбогдох мэргэжилтнүүд техникийн шийдлийн олон хувилбар гарган ТЭЗҮ-г боловсруулж дуусгалаа. Тиймээс эдгээр ажлууд удахгүй өрнөнө. Тавдугаар сарын сүүлч, зургаадугаар сарын эхээр хурдны замын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэх юм. Мөн гэр хорооллын дэд төслийн хүрээнд зураг төслийн ажлыг гүйцэтгэж ТЭЗҮ-ийг нарийвчлан боловсруулсан.

-Замын уулзваруудын засварын ажил юу болж байна. Үлдсэн 15 уулзарт нийт хичнээн төгрөг гаргахаар төсөвлөсөн бэ?

-Нэг уулзварт 1-1.5 тэрбум төгрөг зарцуулж байна. Үлдсэн 15 уулзварт 20-25 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Бид ганцхан зам засаад байгаа юм биш. Дулааны шугамууд буюу дэд бүтцийн шинэчлэлийг давхар хийж байгаа. Мөн газар чөлөөлөхөд хөрөнгө, мөнгө зарцуулж байна.

-“Чингис бонд”-ын хөрөнгөөс 200 сая ам.доллар буюу 360 тэрбум төгрөгийг “Гудамж” төсөлд зарцуулахаар болсон. Үүнээс болж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр багагүй хэл аманд орооцолдож байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-“Гудамж” төсөлд зориулж баталсан нийт 200 сая ам.долларын санхүүжилтээс энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар Хөгжлийн банкнаас 50 тэрбум, 648 сая төгрөгийн санхүүжилт авснаас 50 тэрбум, 171 сая төгрөгийг зарцуулаад байна. Бүх уулзварын 80 орчим хувь нь жилдээ багтаан өртөгөө нөхнө. Бондын мөнгөөр хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, энэ зам, уулзвараас мөнгө олохгүй нь үнэн. Гэхдээ үр ашиг нь иргэдийн халаасанд үлдэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл бензин, шатахуун, цаг хэмнэсээр эдийн засгийн үр ашиг гарч ирнэ. Нэг тэрбум төгрөг зарцуулаад 1.2 тэрбум төгрөгийн үр ашигтай гэдгийг судалгаагаар гаргасан. Энэ мөнгө нь жил болгон давтагдаад явна гэсэн үг. Хэрэв дээрх уулзваруудыг засаагүй байсан бол дахиад бензин дэмий шатаагаад цагаа үрээд явж байгаа гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Улс орны эдийн засагт бэлэн мөнгө орохгүй ч иргэдийн халаасан дахь мөнгийг хэмнэж байгаа. Өмнө нь жолооч нар тойрч явдаг байсан зам түгжрэлгүй болсон шүү дээ. Юмыг дандаа муу талаас нь бодолгүй бас нэг жаахан цаадах наадахыг  нь харах хэрэгтэй л дээ.

Д.Энхтүвшин

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.