Г.Батдорж: Хөтөлийн цементийн үйлдвэр Монгол Улсын нийт хэрэгцээний тал хувийг үйлдвэрлэх хүчин чадалтай

Twitter Print
2014 оны 05-р сар 15-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Хөтөлийн “Цемент-шохой” ХК 30 жилийнхээ босгон дээр хүчин чадлаа 4 дахин нэмэгдүүлж, дотоодын цементийн хэрэгцээний 50 хувийг үйлдвэрлэж чадахаар боллоо. Үндэсний компаниуд хөрөнгө гаргаж, Хөгжлийн банк дэмжин ажилласнаар жил 6 сарын хугацаанд шинэ үйлдвэр барьж ашиглалтад оруулсан нь энэ юм. 2001 оноос эхлэн үндэсний хөрөнгө оруулагч "Бэйзмент" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар технологийн шинэчлэл хийж хоногт гурван мянган тонн цементийн чулуунцар үйлдвэрлэх эргэх зуухтай хуурай технологийн үйлдвэрийн үйл ажиллагаагаа ийнхүү эхлэв. Шинэчлэлийн Засгийн газар орон сууцжуулах хөтөлбөр, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зэрэг бүтээн байгуулалтын олон томоохон ажил өрнүүлж жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа.

Манай улсын хувьд 2013 онд 2 сая тн цемент хэрэглэсэн бол шинэ үйлдвэр энэ хэрэгцээний 50 хувь буюу жилд 1 сая тн-ыг үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Түүнээс гадна төслийн хүрээнд нийт 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд дотоодын зах зээлийн 60 хувийг хангах бүрэн боломжтой ажээ. "Хөтөлийн Цемент Шохой" ХК-ийн үндсэн үйлдвэрлэх хүчин чадал нь жилийн нэг сая тонн цемент, шохой 65 мянган тонн үйлдвэрлэх юм байна.

Г.Батдорж: Хөтөлийн цементийн үйлдвэр Монгол Улсын нийт хэрэгцээний тал хувийг үйлдвэрлэх хүчин чадалтай

Монголын үндэсний хамгийн том бүтээн байгуулалт болох Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн үйлдвэрийн өргөтгөлийн ажил хэр явцтай явагдаж байна?

Монгол Улсад сүүлийн 24 жилийн хугацаанд анх удаа гэж хэлж болохуйц үйлдвэрийн шинэчлэлтэд хөрөнгө оруулагчаар төрийн өмчит компани, Монголын үндэсний хувийн хөрөнгө оруулагч “Бейзмент” компани, Улаанбаатар хотын банк, Худалдаа Хөгжлийн банк, Хөгжлийн банк болон үндэсний хөрөнгө оруулагчид хамтран нийтдээ 250 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалт  хийгээд байна. Монголд анх удаагаа нэвтрүүлж буй хуурай аргын технологийн үйлдвэрлэлийг 30 жилийн туршлагатай зөвлөх компани ХБНГУ-ын “Humboldt Wedag KHD”,"Beratungsbuero AMBROSY компани, тоног төхөөрөмж нийлүүлэгчээр БНХАУ-ын “Жансү Пенгфей" групп ажилласан. Түүнээс  гадна бүтээн байгуулалтын ажилд Монголын үндэсний 9 компани хамтран ажиллалаа.

Хүчин чадлын хувьд дотоодын зах зээл дээрх цементийн хэдэн хувийг хангах вэ?

Жилд нэг сая тонн цементийн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ нь өнгөрсөн оны бүтээн байгуулалтад хэрэглэж байсан нийт цементний 70 орчим хувь юм.

Хуурай аргын технологи гарч байгаа түүхий эдийн үндсэн чанарт хэрхэн нөлөөлөх вэ?

Технологийн хувьд илүү нарийн, хүчин чадлын хувьд сайн чанартай. Мөн түүхий эдээр өндөр зэрэглэлийн шохойн чулуу шаарддаггүй. Явцын дунд технологиор орж ирж буй түүхий эдээ тохируулаад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бололцоотой. Хөтөлийн цементийн үйлдвэр анх 1987 онд ЗХУ-ын техник, технологиор жилд 500.0 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ашиглалтад орсон ч бүрэн хүчин чадалдаа хүрч ажиллаж байгаагүй. Жилд 360 тонныг үйлдвэрлэж байсан бол одоо  улсын цементийн хэрэглээний тал хувийг хангах үйлдвэр албан ёсоор ажиллаж эхэлсэнд баяртай байна.

Үйлдвэрлэлийн зардлаа хэдий хугацаанд нөхөх вэ?

Зардлын асуудалд Монгол Улсын Засгийн газраас явуулж буй бодлого, томоохон бүтээн байгуулалтын ажил, зам тээвэр болон барилга хот байгуулалтын ажлууд их уялдаа холбоотой явагддаг. Цаашид барилгын салбар тэлж, хөгжил нь хурдасвал эдийн засагчдийн тооцооллоор гурван жилийн дотор зардлаа нөхөх боломжтой гэж тооцож байгаа. 

Бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай, хичнээн жилийн хугацаатай вэ?

Бүтээгдэхүүн хуваах гэрээ 10 жилийн хугацаатай. Гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш гурван жилийг ардаа орхисон байна. Тиймээс бүтээгдэхүүн хуваах гэрээ өнөөдрийн байдлаар 90,10-ийн харьцаатай явагдаж байна.

Одоогоор хичнээн ажилчин ажиллаж байна. Цалингаа авч чадахгүй хоёр гурван сар явж байгаа гэсэн?

Нийт 8800 ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байна. Үүнээс 900 гаруй нь гэрээт ажилчид. Зөвхөн цементийн үйлдвэрлэлийн инженерүүд, ажилчид биш юм. Уулын олборлолтоос эхлүүлээд төмөр замчид болон 10 гаруй мянган Хөтөлчүүдийн дулааны асуудлыг шийдвэрлэж байна. Тухайлбал, дулааны станцад үндсэндээ 70 гаруй хүн ажиллаж байна. Тэгэхээр манайд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс ажилладагаараа онцлогтой. Ажилчдын цалингийн хувьд миний бие 2013 оны 12 дугаар 20-нд ажлаа хүлээн авсан. Намайг ажлаа хүлээж авахад 9,10, 11 дүгээр сарын цалин тавигдаагүй байсан. Хамгийн түрүүнд энэ асуудлыг хурдан шуурхай зохицуулахын тулд гол хөрөнгө оруулагч болох Улаанбаатар хотын банкинд санал тавьснаар эхний ээлжинд ажилчдын 9,10 дугаар сарын цалинг тавьсан.  

Энэ жилийн борлуулалт дөрөвдүгээр сарын сүүлээр эхэлсэн. Тэр хүртэл санхүүжилтийн асуудлыг манай хөрөнгө оруулагчид, "Бэйзмент" компани ажилчдын цалинг шийдвэрлэж ирсэн. Цалингийн хэмжээ харьцангуй бага байгаа. Тиймээс Төрийн өмчийн хорооноос томилогдсон ТУЗ-ийн гишүүдтэй харилцан ярилцсаны үндсэн дээр хоёр үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнийг ч гэсэн хөрөнгө оруулагч банк, санхүүгийн байгууллагатай тохиролцсон байгаа.

Нэг тонн цемент үйлдвэрлэсэн зардал хэд вэ, хуучин ямар борлуулалттай байсан юм бол?

Хуучин борлуулж байсан үнээсээ өртөг давчихсан учраас ноднин жил алдагдалтай ажилласан. Манай улсад цементийн зах зээлийн ханш 2012 онд нэг тонн нь 145 мянган төгрөг, 2013 онд 175 мянган төгрөгийн ханштай байсан. Одоо шинэ үйлдвэр ноднин жилийн дүнтэй харьцуулахад 30 хувиар доогуур үнэтэй бүтээгдэхүүн гарч байна. Энэ нь урд хөрш болох БНХАУ-аас импортоор оруулж ирж байгаа цементтэй өрсөлдөх чадвартай болсон гэж үзэж байна.

Чанарын хувьд хэр сайн бэ?

БНХАУ-ын гүнээс ирж байгаа цементийн чанартай өрсөлдөхөөс биш ойр зэргэлдээ Эрээн болон Өвөрмонголын зарим нутагт үйлдвэрлэж байгаа цементээс манайх хамаагүй илүү. Бид 30 жилийн туршлага, орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон ISO/IEC 17025:2005 (MNS ISO/IEC 17025:2007) стандартын шаардлага хангасан итгэмжлэгдсэн лабораторид түүхий эд болон бүтээгдэхүүнээ шинжлэн өндөр чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн болохоор чанарын талаар санаа зовохгүй байна.

Г.Ганчимэг

 

 

 

 

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.