
Адал явдалд дуртай хүмүүсийг гижигддэг нэгэн газрыг Өмнөд туйлын төв 0 цэг буюу Амундсений цэг гэдэг. Энэ цэгт анх хүрч чадсан Норвегийн эрдэмтэн судлаач Р.Амундсен 1911 оны 12 сарын 14-нд зорьсон газраа очжээ. Харин түүнтэй өрсөлдөж тийшээ зүтгэсэн Английн судлаач Р.Скотт багийнхантайгаа үүнээс сарын дараа 0 цэгт хүрсэн боловч буцах замдаа харамсалтайгаар амь үрэгдсэн байдаг. Монголчуудаас анх удаа 0 цэгт хүрч, Монгол улсынхаа далбааг мандуулж, тэндхийн гайхамшигийг нүдээр үзэж, судлаад ирсэн хүн бол доктор Л.Дүгэржав. Энэ эрдэмтэн 2009-2019 онуудад талдаа 20-30 мянган км замыг туулан Антарктид тивд долоон удаа хөл тавьж чаджээ. Тэрээр өөрийнхөө нэрээр мөсөн тивийн нэгэн оргилыг нэрлүүлж, Монгол гэрийнхээ ханыг мөсөн тивд анх тэрлүүлсэн гавьяатай эрхэм. Баруунтурууны сургуулийн анги хамууд бид түүний зориг тэвчээрээр бахархахгүй байхын аргагүй.
Антарктид тивийн нутаг дэвсгэрийн хэмжээ 15 сая км. кв. Энэ нь эх дэлхийн хуурай газрын аравны нэг, манай улсын нутгаас даруй арав дахин том гэсэн үг. Эрэг хавийн жижиг арлуудыг эс тооцвол гадаргуу нь бараг нилдээ мөсөөр бүрхэгдсэн ба мөсний дундаж зузаан нь 1600м, төв хэсэгтээ 4000 метрт хүрдэг.
Мөсөн тивийг хүн төрөлхтөн нилээд эртнээс нээн судалж эхэлсэн ч олонхийн хувьд одоо хүртэл оньсого хэвээрээ байна. Одоогоос 200 жилийн тэртээ 1820 оны 1 сарын 19-нд Оросын эрдэмтэн Лазарев, Беллинсгаузен нар Антарктидыг анх нээж “мөсөн тив” хэмээн нэрлэжээ. Албан ёсоор оросууд анх нээсэн энэ тивийг Америкийн нэгэн далайн дээрэмчин яг энэ үед би тэнд хөл тавьсан гэж маргасаар тивийг нээсэн хоёр дахь орон АНУ болж, үүнийг нь ч дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн гэдэг юм билээ.
Манай гаригийн зургаа дахь тив Антаркидад бөмбөрцгийн бусад таван тивээс ялгаатай гайхалтай 9 үзүүлэлт бий. Үүнийг товчхоноор илэрхийлбэл:
1.Хамгийн хүйтэн тив. /2014 онд Японы эрдэмтэд - 91,2℃ хүртэл хүйтэрснийг тогтоосон/,
2.Хамгийн хуурай тив /Агаарын чийгшил хэзээ ч 20%-аас дээш гардаггүй/,
3.Хамгийн олон хоног цасаар шуурдаг газар /Жилийн 330 хоног цасаар шуурч, салхины хурд 90м/сек хүрдэг/.
4.Далайн түвшнээс дээш хамгийн өндөр өргөгдсөн, хамгийн сийрэг агаартай тив. /3500- 4000м/. Ийм учраас тэнд очсон судлаачид байнга хүчилтөрөгчийн дутагдалд ордог.
5.Дээрээ хамгийн том озоны цоорхойтой тив /Энэ жил хамгийн том талбай буюу энэ жил 24сая кв.км-д хүрээд байгаа аж/.
6.Дэлхийн цэнгэг усны 80 хувийг агуулдаг тив.
7.Уугуул оршин суугчгүй тив. Өөрөөр хэлбэл тэнд хүн төрж өсөөгүй гэсэн үг. Харин Аргентинчүүд өөрсдийнхөө нутаг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд судалгааны бааз дээрээ жирэмсэн эмэгтэй зориуд аваачиж, Эмилио Маркос гэдэг хүүг 1978 оны 1 сарын 7-нд төрүүлсэн гэнэ лээ.
8.Ан амьтан, өвс ургамалгүй битүү цас мөсөөр хучмал тив. Тивийн эрэг хавийн цөөхөн оршин суугч нь оцон шувуу, далайн хав. өвөл зунгүй амьдардаг орон орны мянга орчим судлаачдыг эс тооцвол эзэнгүй хоосон нутаг гэсэн үг.
9.Тивийн гүнд хур тундас огт ордоггүй, дэлхийн хамгийн том хуурай цөл. Хүмүүс хамгийн том цөлийг Сахарын элсэн цөл гэж андуурдаг. Харин сүүлийн үед эрэг хавиар нь зунд очиж, оцон шувуу, далайн хав, халим үзэх жуулчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа гэсэн.
Антарктид бол дэлхийн ёроол. Тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс бидний хувьд уруугаа хараад зогсож байна гэсэн үг. Тиймээс нар зүүнээс биш баруунаас гарч, зүүн тийшээ шингэдэг буюу бидний хувьд нар буруугаар эргэдэг нутаг. Манайтай адил зундаа алаглах цэцэг ногоо байхгүй, шулганалдан жиргэх шувуудын дуу сонсогдохгүй, нартай, наргүй гэсэн хоёрхон улирал л ээлжилдэг. Манай энд ид зун болж байхад тэндхийн -80С хүйтэн өвөл эхэлж, тас харанхуй цасан шуургатай шөнө 8.9 сар үргэлжилдэг орон. Дээр нь догшин хүйтэн цасан шуурга өдөржин шөнөжин балбана. Өдөр ч гэж дээ тас харанхуй өдрүүд юм даа. Манай энд дүн өвөл болж байхад Антарктидын -40С хүйтэн боловч нартай зун эхэлж, тэнд өвөлждөг хэдэн судлаачдын дотор онгойдог гэнэ лээ.
“Яг 0 цэг дээрээ хэзээ ч хур тундас ордоггүй учир хязгааргүй гялгар мөсөн далай. Дэлхийн цагийн бүх бүс энд ирж огтлолцдог учир хэдэн цаг болж байгааг хэлэхэд хэцүү, Цаг уурын ажиглалтыг Гринвичийн цагаар хийдэг. Тэнд байгаа хүмүүс салхи, чийг нэвтэрдэггүй, дулаалгатай сансрын нисгэгчийн скафандр аятай тусгай хувцастай ажиллана. Нартай үед нарны гэрэл маш хурц учир хар шил зүүх, онцгой хүйтэн учраас амьсгалын баггүй явахыг хориглодог. Баггүй удаан цагаар гадаа явбал хатгаа авах эрсдэлтэй. Мөн Антарктидын мөс олон сая жилийн настай, гайхалтай цэнгэг, хүчилтөрөгчөөр маш баялаг учир үүнийг ууж залуужих гэсэн өндөр настан, өвөө эмээ нар сүүлийн үед Японоос бөөн бөөнөөрөө ирдэг болсон” гэж Дүгэржав доктор ярьсан юм.
Монголчуудаас анх удаа мөсөн тивд 1972 онд хөл тавьж, бүтэн жил оросуудтай Антарктидын хүнд нөхцөлд ажиллаад ирсэн хүн бол Увс аймгийн харьяат, Байгаль орчны анхны гавьяат ажилтан, доктор Ж.Цэрэндэлэг агсан билээ. Энэ хүний хэмжээлшгүй тэсвэр тэвчээрийн ачаар Монгол улс Антарктид судлалд өөрийн хувь нэмрээ оруулсан дэлхийн 34 дэх орон болсон юм. Ж.Цэрэндэлэг гуай мөн тахийг Голланд улсаас Монголд авчирч нутагшуулах ажлыг анх эхлүүлсэн гавьяатан. Түүний гаргасан мөрөөр замнаад доктор Д.Чулуунбат, Л.Дүгэржав судлаач Д.Ганбаатар, Х.Пүрэвдагва, доктор Д.Батмөнх, Д.Түвшинбаяр, Х.Баяраа, докторант Д.Чинзориг гээд олон судлаачид мөсөн тивд ажиллажээ.
Өмнөд туйлд таван төрлийн 6 сая гаруй оцон шувуу амьдардгаас хамгийн том нь хаан оцон шувуу. Нас бие гүйцсэн нь 1м өндөр, 30-40 кг жинтэй. Харин хамгийн жижиг нь цэнхэр оцон шувуу нь 40-хөн см өндөр, 1 кг жинтэй байдаг аж. Насаараа ханиа сольдоггүй эцэг оцон шувуу бол энэ дэлхийн хамгийн халамжтай аав бөлгөө. Тэрээр үнэнч ханиасаа дөнгөж төрсөн өндгийг нь хэвлийдээ чихэж аваад хүйтэн шуургатай, харанхуй өвөл ямар ч хоол тэжээлгүй хэдэн сарын турш шүд зуун тэсч зогсох нь үнэхээр гайхалтай. Хавар болж ходоод дүүрэн хоолтой эхнэрээ алс холын аянаас буцаж ирэхэд нь Австралийн имж аятай гэдсэн доторхи уутанцарт аль хэдий нь ангаахай болон торнисон үрээ ээжүүдэд нь хүлээлгэн өгөх мөчийг харахад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Хонь хурга нийлж байгаа хэдэн мянгаараа аятай шаагилдах тэд яг ижилхэн өнгө зүстэй, яаж ч бие биеэ ялгаж таниад байгааг таахын аргагүй. Шинээр төрсөн өндөгнийх нь байгалийн хатуу ширүүн, далайн хавнуудын довтолгоонд 20-30 хувь нь үхэж үрэгддэг, амьд үлдсэн нь 20-25 жил насалдаг байна. Ядаж гэрийн тахиа шиг хоёр гуравхан метр газар нисэж буугаад байж чаддаггүй, далавчгүй энэ амьтныг шувуу гэхээсээ ер нь амьтны тоонд оруулж тооцвол зохилтой.
Антарктидын эрэг хавиар амьдардаг бас нэг зүйл нь далайн хав гэж монголоор нэрлэдэг ч ядаж далайн гахай гэж нэрлэмээр аварга том тарган цулцгар амьтан оцон шувуугаар хооллоно.. Энэ амьтны эр нь эмээсээ биеэрээ бараг хоёр дахин том 2 м гаруй урт, 200 кг хүртэл жин татдаг гэнэ.
“Антарктид бол дэлхийн үүц. Антарктид бол байгалийн баялагийн асар их нөөцтэй тив. Нүүрс, нефть, алт, мөнгө гэх мэт бүх л ашигт малтмал бүр алмаз ч бий гэсэн. Хэдхэн жилийн өмнө алмазны агууламж маш өндөртэй чулуулаг эндээс олдож, зузаан цас, мөсөөр хучигдсан тивээс илэрсэн анхны үнэт эрдэнэс гэж эрдэмтэд мэдээлж байлаа.
Тэнд газрыг зөвхөн эзэмшинэ, өмчилнө гэж байхгүй. Судалгаа хийж байгаа багийнхан өөрсдөө дуртай газраа сонгож станцаа барина. Ашигт малтмалын гол нөөц нь хаана хаана байгааг судалгаа явуулж буй орнууд сансраас аль хэдийнэ олоод тогтоочихсон гэжуга. Цаашдаа олон улсын гэрээнд нэгдсэн орнууд тухайн баялгийг хуваан эзэмших эрхтэй болох учраас АНУ тус тивд ихээхэн хөрөнгө хаяж байна. Тэд Антарктидийн зузаан мөсөн хучлага дор газрын тос, байгалийн хийн асар их нөөц байгааг сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар судалж тогтоосон ч Антарктидийн тухай хэлэлцээрийн дагуу уг тив дээр газар нутгийн хил тогтоох, ашигт малтмалуудыг эзэмших, боловсруулах эрх одоохондоо аль ч оронд байхгүй.
Гэхдээ үндсэн хуулиндаа Антарктидийн зарим хэсгийг өөрийн нутаг дэвсгэртээ оруулдаг хэд хэдэн орон бий. Тухайлбал, Австрали улс энэ тивийн 1/3-ийг эзэмшдэг гэж хуулиндаа тусгасан байдаг. Мөн Аргентин, Англи, Чили Австрали, Шинэ Зеланд, Норвеги, Франц улс ч бас Антарктидад санаархдаг. Шинэ Зеланд, Франц, Норвеги улсууд Антарктидад газар эзэмших эрхтэй гэж өөрсдийгөө үздэг. Норвеги улс л гэхэд Антарктидын тэг дунд, өөрийнхөө газар нутгаас бараг 10 дахин том газрыг яваандаа хувьчилж авах санаархалтай горьтог татсан байдаг гэнэ лээ. Манай Дүгэрээ ч бас жижигхэн ч гэсэн Монгол улсын гэх газрыг эзэмшилдээ авсан байгаа, их хүсвэл түүнийгээ зарж ч мэдэх байх шүү.
Энэ тивд шинжилгээ, судалгаа хийж, тэндээ станцаа байгуулаад амжсан хориод орон ч бас Антарктидэд газар хувьчилж авах санаагаа өөрсдийнхөө улсын хуулинд тусгах гэх мэт янз бүрийн аргаар илэрхийлээд байгаа. Үүнээс үзэхэд аль ч орны Антарктид судлалд оруулсан хувь нэмрээрээ ирээдүйд зургаа дахь тивд өөрийн гэсэн газартай болох магадлал байгаа. Байгалийн нөөцийн дутагдалд орж буй өнөө үед улс хоорондын харилцаа ширүүсч эхлэх нь ойлгомжтой. Гэхдээ эцэстээ Антарктидийг ганц нэг орон биш олон улсын том том корпораци консорциумууд эзэмших магадлал өндөр гэж судлаачид үздэг.
Сүүлийн үед Антарктид руу хамгийн эрч хүчтэй зүтгэж орон бол БНХАУ. Хятад улс 1983 онд Антарктидын гэрээнд нэгдэж анхны баазаа байгуулж байсан бол тэр нь одоо зургаа болсон байна. Тэд жуулчдад зориулсан том каймп байгуулж, “Цасан луу” нэртэй мөс хагалагч онгоцоор асар зузаан мөсийг цөмлөх ажлаа ч амжилттай туршчихлаа. Ингэснээр Хятадын судалгааны баг материаллаг бааз хангалттай бүрдэж, одон орон судлалын төвөө ч байгуулж амжсан байна. Цар тахлынхөл хориотой энэ үед тэд ажлаа зогсоосонгүй, бааз байгуулахад шаардагддаг тэрбум доллар тэдний хувьд юу ч биш бололтой. Каймпдаа жилд 8000 жуулчин авч, баячууд нь хурим найраа хүртэл тэнд хийдэг болсон гэнэ. Сансарт нисэхийн тулд сая саяар нь төлж байгаа улсад чинь 50,60 мянган доллар юу юмб, нохой долоо гэж.
Оросууд ч мөн 10-20 метр зузаан цасанд дарагдчихсан хуучин “Восток” баазаа хаян шинэ баазаа барьж дуусгаад ирэх жилээс ашиглалтанд оруулахаар бэлдэж байгаагаа саяхан ТВ-ээр харуулав. Энэ зорилгоор тэд одоогоор 4 тэрбум рубль зарцуулаад байгаа гэсэн. Хамгийн гайхалтай нь “Восток” станцын байгаа газар 4000 метрийн гүн мөсөн дороос судлаачид 1996 онд аварга том цэнгэг нуур илрүүлж, дэлхий даяар сенсаци дэгдээсэн юм. Нуур олдсон үйл явдлыг ХХ зууны газарзүйн том нээлтэнд зүй ёсоор тооцож, нуураа “Восток” гэж нэрлэжээ. Хэмжээгээрээ 15,5 мян км², гүнээрээ 1200 м энэ нуур зүйрлэбэл манай Хөвсгөл нуураас даруй 6 дахин том гэсэн үг. Дэлхийн дулаарал огцом нэмэгдэж байгаа үед энэ том нуур мөсөн дороос дэлбэ үсрээд халиад гараад ирэхвий гээд бодсон чинь аймшигтай санагдчихлаа. Оросуудын Антарктидад хэнбугай нь ч өрсөлдөөд дийлдэггүй нэг давуу тал бол тэндхийн хүйтэн салхи шуургатай нөхцөлд хэдэн зуун тонн ачаа тээвэрлэж очоод саадгүй буудаг тэдний “ИЛ-76” онгоц. Мөсөн тивд олуулаа ачаа ачин очих хүсэлтэй 20 мянган Америк жуулчдаас авахуулаад хэнбугайн ч өнөөдөр энэ л онгоцыг түрээсэлнэ, өөр сонголт одоогоор даанч үгүй юм билээ.
“Хятад улс гэхэд тийшээ оройхон гараад ширүүхэн дайрч, одоо зургаан бааз байгуулчихаад байна. Япон улс шинээр гурван станц барилаа. Тэд мөсийг хэрхэн ямар аргаар өрөмдөж, ашигт малтмалыг яаж гарган авах талаар судлаад эхэлсэн. Судалгаанд хөрөнгө гаргаж хамтран оролцоод байж чадвал бид ирээдүйд Антарктидын баялгийг хамтран ашиглах боломжтой болно” гэж Дүгэрээ маань ярьсан юм.
Антрактидын олон улсын гэрээ 14 зүйлтэй. Анх 1959 онд 12 орон нэгдэж байгуулсан энэ гэрээ нь тус тивийг цөмийн зэвсгээс ангид, зөвхөн судалгааны зорилгоор ашиглахыг тунхагласан олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Тус гэрээгээр Антарктидийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах бөгөөд цэргийн шинжтэй аливаа арга хэмжээ явуулах, цөмийн аливаа туршилт хийх болон цацраг идэвхт материалын хаягдал хаяхыг хориглосон байдаг. Уг гэрээнд одоогоор нэгдсэн 54 улс байгаа бөгөөд эдгээр улс орон мөсөн тивд судалгаа хийж хэрэгжүүлэх цаашлаад ирээдүйд энэ тивийг хэрхэн ашиглах тухайд санал санаачилга гаргах бүрэн эрхтэй орнууд юм. Монгол Улс Антарктидын олон улсын гэрээнд 53дахь орноор элсэн орсон гавьяа бол тэнд Болгар нөхөдтэйгөө хамтран 10 гаруй жил судалгаа хийсэн доктор Л.Дүгэржавынх билээ.
Профессор Л.Дүгэржав өмнөд туйлд хүрсэн Монголын анхны эрдэмтэн гэж дэлхийн түүхэнд бичигдсэн. Антарктид судлалын төвийн захирал, профессор, туйл судлагч тэрбээр долоо дахь удаагаа Антарктид тивийг зорихоор 2019 оны 11 дүгээр сарын 19-нд эх орноосоо хөдөлсөн юм. Баруун Антарктидын нэгэн нэргүй оргилыг “Дүгэржавын оргил” хэмээн олон улсын гэрээний орнуудын удирдах байгууллага /CONNAP/-ын шийдвэрээр 2012 онд нэрлэжээ.
Мөн тэрбээр “Монгол орны цэвдгийн хилийн ба глобал цаг уурын өөрчлөлт” сэдэвт төслийн удирдагчаар ажилладаг бөгөөд Антарктид тивийн Ливингстоны арал дээр “Монгол Улсын Антарктид судлал” Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны бааз байгуулах ажлыг удирдан зохион байгуулж байгаа юм. Энэ удаа Болгарын Антарктидын 28 дугаар экспедицийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.
Тэрбээр, “Антарктид тив манай дэлхийн хуурай газрын 10 хувь, цэвэр усны нөөцийн 80 хувийг агуулдаг. Манай дэлхий 150 сая хавтгай дөрвөлжин км нутагтай, түүний 15 сая хавтгай дөрвөлжин нутагт дунджаар 2400 м мөсөөр хучигдсан Антарктид тивд монголчууд “Манай дэлхийн глобал цаг уурын өөрчлөлт” судалгааны ажилд оролцдог.
Шаравын Пүрэвсүрэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.