Үр хүүхдэдээ хөгжим сургах гэж байгаа бол сайн багш, мэргэжлийн хүмүүст хандах нь зөв

Twitter Print
2023 оны 09-р сар 16-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

ХӨГЖИМ СУРАХ ҮЙЛ ЯВЦ БА БАГШИЙН ТУХАЙД

Монголд нэг үеэ бодоход хөгжим сурдаг хүмүүс их болжээ. Тиймээс мэдвэл бас анхаарахад илүүдэхгүй зүйлсийн талаар энд дурдахыг хичээлээ.

Сүүлийн үед олон хувийн хөгжмийн сургуулиуд шинээр нээгдсэн нь нэн сайшаалтай. Гэвч хувиараа болон, хувийн сургуулиудад багшилж байгаа хөгжмийн багш нарын мэдлэг боловсролд эцэг эхчүүд болон эхлэн суралцагсад төдийлөн ач холбогдол өгч сураагүй байгаа нь ажиглагдах боллоо. Энэ нь энэ талын мэдээлэл хомс мөн үүнээс үүдэх сөрөг үр дагаваруудыг хүмүүс төдийлөн мэдэхгүй байгаатай холбоотой болов уу.

Иймээс хувь хүний хөгжил, гоо зүйн үнэлэмж, урлагийн мэдрэмжтэй болоход үнэтэй хувь нэмэр оруулах хөгжим сурах үйл явц болон ач холбогдлын тухайд хэдэн тайлбар хийе.

Тэгэхээр хөгжим сурах үйл явц нь хүнд:

-Сонсгол болон хэмнэл мэдрэх чадвараа нэмэх,

-Анхаарал, төвлөрлөө сайжруулах

-Сэтгэл хөдлөлөө барих болон нээж илрүүлэх,

-Уран сэтгэх, төсөөлөн бодох чадвараа хөгжүүлэх,

-Биеийн хөдөлгөөнүүдээ хянан удирдах арга барилд суралцах

-Дээр дурдагдсан бүхнийг нэгэн зэрэг 1 цагт, үргэлжилсэн хугацаанд ажиллууллуулж сурах,

-Үүний тулд зохистой тэнцвэрийг (баланс) олох, мэдрэх, мөн илэрхийлж сургадаг ач холбогдолтой.

Үндсэндээ оюун, сэтгэл, биед нэгэн зэрэг явагдах цогц үйл ажиллагааг хослуулж сурах, үүний тулд өөрийгөө хянах зөв зохицол, тэнцвэртэй (баланс) болоход туслах ач холбогдолтой. Улмаар хүний мэдрэмжүүдийг сэрээж, нээж илрүүлэхэд тусалдаг тул хувь хүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг.

Тийм ч болохоор хүүхдийг багаас нь юм юмны захтай, "мэдрэмжтэй" болгох гэж хөгжмийн боловсролыг чухалчилдаг билээ.

Хөгжим сурах үйл явц нь дээр дурдсан олон талын үйл ажиллагааг хүнээс шаардахдаа таашаалтай, сайхан байхаас гадна зарим тохиолдолд адармаатай, өвдөлттөй байх нь ч бий.

Хөгжим сурахдаа анхнаас нь буруу, муйхруу сурвал хүн сурсан зүйлээсээ хөгжиж, эсвэл таашаал авах биш харин ч эсрэгээрээ олон сөрөг үр дагаварыг хүртэх нь бий.

Энэ нь ямар ч муу зуршлаас салахад амаргүй байдагтай адил нэгэнт суусан буруу дадал хэвшил тул их цаг хугацаа хичээл зүтгэл шаарддаг. Буруу цутгагдаад барьчихсан байшинг нурааж байгаад шинээр барихтай адил их хөдөлмөр, хүч, цаг шаарддаг нь харамсалтай.

Хөгжим сурахад бий болж болох өвдөлт яагаад, юунаас үүсдэг вэ? Үүнд:

-Олон зүйлсийг нэгэн зэрэг ажиллуулж сурахын тулд их хичээснээс,

-1 зүйлдээ хэт төвлөрсөнөөс болоод биеэ чангалах, хүчлэх

-хурдан тоглож сурах гэж хэт их яарах

Улмаар буруу дадал зуршил, биеийн хөдөлгөөн бий болж биеийн аль нэг хэсэгт ядралт, өвдөлт үүсгэдэг.

Үүнд жишээ нь төгөлдөр хуурын өмнө буруу суух (хэт ойрхон, эсвэл хол, өндөр эсвэл нам г.м), мөн гарын байрлал болон хуруунууд, алга, бугуй, тохой, мөр нурууг хэт чангалах гэх мэтээр дурдаж болно.

Барьж, тэвэрч тоглодог утсан болон үлээвэр хөгжмүүдэд ч мөн гарын буруу тавилт, зогсоц зэргийг анхааран хянаагүйгээс болоод хөгжим суралцагчид шантрах, ялангуяа гар, нуруу, хөл зэрэг нь өвдөж эхлэхэд чадахгүй, болохгүй юм байна гээд орхих, дургүй болох тохиолдол их байдаг.

Эдгээр бэрхшээлүүд нь анхлан суралцагчдад төдийгүй мэргэжлийн хөгжимчдөд ч мөн заримд нь байдаг. Анхнаасаа буруу сурсан, эсвэл дараа нь буруу дадал эзэмшсэн хөгжимчид амархан ядрах, бүрэн чөлөөтөй, илэрхийлэлтэй тоглоход байнга саад бэрхшээлтэй тулгарах нь бий.

Хүссэн хөгжмөө сайхан тоглож, сэтгэлийн болон оюуны таашаал авахын тулд эдгээрээс яаж зайласхийх вэ?

Үүнд хөгжмийн багш маш чухал юм.

Хөгжмийн хичээл танхимд олуулаа суугаад сурдаг хичээл шиг явагддаггүй. Ихэвчлэн ганцаарчилсан байдаг шалтгаан нь дээр дурдагдсан олон зүйлсийг 1 дор ажиллуулж сурахад суралцагчаас болон багшаас маш их анхаарал шаарддаг. Тиймээс зааж зөвлөх багшийн мэдрэмж, зориулалт, боловсролоос мөн ихээхэн хамаарна гэсэн үг. Буруу барил, дадал зуршлаас болоод өвдөлт үүссэн тохиолдолд түүнийг хэрхэн залруулах, зөв гольдролд нь оруулахыг мэддэг, зааж зөвлөх мэдрэмжтэй хүнээ олох нь л нэн чухал юм.

Мөн мэдээж сурч буй хүний хүсэл тэмүүлэл, тууштай нухацтай хандлага ч ихээхэн нөлөөтөй.

Ойрноос буруу сурсан дадал зуршлаасаа хэрхэн салах вэ, хөгжим тоглохоор гар өвдөөд тоглох дургүй болчихлоо гэсэн хүмүүстэй таарах болсон.

"Бурхангүй газар бумба галзуурна" гэдэгчлэн хөгжмийн хичээл заадаг багш нар дунд 4, 5 жил хувиараа дугуйланд суралцсан, эсвэл хөгжмийн өөр мэргэжилтэй хэрнээ ондоо хөгжмийн зэмсэг заах үзэгдэл манайд их байгаа.

Тиймээс та өөрөө болон үр хүүхэддээ хөгжим сургах, сайхныг нь мэдрэх гэж хүсч байгаа бол сайн багш, мэргэжлийн хүмүүстэй анхнаасааа холбогдоосой гэж хүсэх байна.

Яагаад гэвэл Мэргэжлийн хөгжимчин болохын тулд мэрэгшин суралцагсад эхлээд 10 (12, 13 газар болгон адилгүй) жилийн хөгжмийн дунд боловсрол, дээр нь дээд боловсролын 4 (3 Европд), нэмэх нь магистер гэвэл дахиад 2, 3 жил суралцдаг. Бодохлээр нарийн мэргэжил буюу хөгжимчин, хөгжмийн багш болно гэдэг нарийн мэргэжлийн эмчээс ч олон жил сурдаг юм шиг. Хөгжмийн багш болохоор мэргэшин суралцагсад хөгжмийн хичээлүүдээс гадна, сурган сэтгэл судлал, заах арга зүй гэх мэт хичээлүүдийг мөн үзэж судалдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй боловуу.

Тиймээс багшид өгөх ач холбогдлын талаар анхаараарна биз ээ.

С.Одгэрэл

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.