37-р точкагийн шүүмж

Twitter Print
2020 оны 04-р сар 17-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

Хүлээлт, догдлол, шүүмж, дуулиан дагуулсаар “37-р точка” хэмээх 2 бүлэг олон ангит уран сайхны кино төгслөө. Төгсөөгүй ч байж мэдэх юм, бас...

Ялалт мэтийн паразитууд

Нийгмийн “хайр”-ыг бараг л 90 хувьтай татаж ардын баатар болох шахсан Ялалт буюу жүжигчин Баярбатын бүтээсэн дүр. Ялалтыг сайн сайхан, гэрэл гэгээнд тэмүүлсэн дүр хэмээн ойлгосон бололтой. Уг нь тиймгүй юм. Ах дүү нартайгаа багаасаа л хулгай зэлгийд гараа лавхан дүрсэн даруухан дүр. Ялалтыг тодотгож байгаа нь Лутаа буюу жүжигчин Барсаагийн дүр юм. Лутаа үгүй бол Ялалт товойхгүй байлаа. Ямар ч кино, жүжигт сөрөг дүр том байвал эерэг дүрээ тодотгодог “хуультай”. Энэ л ёсоор болов. Ялалтыг паразит гэхийн учир нь багаасаа хулгай дээрэмд оролцож байсан, шоронд дарангуйлагч байсан, шоронгоос гарч ирээд “профессор” хочит Содномын хамаг л муу муухай бүхнийг хийж гүйцэтгэсэн. Түүнийхээ төлөөсөнд сайхан амьдарсан. Киноны төгсгөлд ч Лутаагийн хууль бусаар олж авсан алтны уурхайг чимээгүйхэн халаасалж, амьдралаа өөд нь татаж буйгаараа Ялалт бол яах аргагүй паразит мөн.

Түүний зөв дүр эсгэж, чимээгүйхэн дээшээ яргаж амьдрах нь үзэгчдэд нэн таалагдсан бололтой. Лутаагийн өмнөөс ял үүрч шоронд орсон, дүүдээ хайртай болсон, гэр бүлээрээ элэг бүтэн байя гэж ярьдаг, эгзэгтэй үед халамжтай ахын дүр эсгэж чаддагаараа яах аргагүй манай өнөөгийн нийгэмд таалагдах сөрөг дүр. Киноны төгсгөлд Ялалт Лутаагийн үлдээсэн алтны уурхайн лицензийг авалгүй ачигч хийгээд ч болов амьдарсан бол “найс” байлаа. Даанч тэгсэнгүй. Өнөөх л гэмт хэргийн, шударга бусын замаараа хэдэн дүү нараа дагуулаад баттай алхав шүү, Ялалт. Ээ дээ, ийм л дүрүүдэд бид хууртагдсаар улсаараа дампуурч байгаа нь үнэн. Үүнийг бичигч би Ялалт мэтийн паразитуудыг үзэн ядагч мөнөөсөө мөн билээ.

Найруулагч Б.Тамирын “алдаа”

Юун түрүүнд Б.Тамирт баяр хүргэх ёстой. Тэр “Маш нууц”, “Байтаг богд”, “Зүрхний хилэн” хэмээх эх оронч сэдэвтэй кинонуудыг амжилттай бүтээж чадсан. Би ч энэ кинонуудад нь дуртай. Мөн “37-р точка” цуврал детектив киног урлаж нийгмээ маргаан мэтгэлцээнд татан оруулж чадлаа. Үүнийг найруулагчийн чадвар гэнэ. Чадалтай, авьяастай найруулагч гэдэг бол нийгмээ ч найруулж чадахын жишээ энэ. Гэхдээ “37-р точка”-д зарим дүр дээр алдаа гаргасан гэж үзэж байна. Тухайлбал, Ялалтыг тэр чигээр нь үхүүлчих л байсан юм. Гэдсэндээ буудуулах нь ч яах вэ, шороонд бүтэн булуулсан хүн амьд гарах боломжгүй. Гэхдээ энэ бол уран сайхны кино.

Би үүнийг ойлгоно оо. Төгсгөлийн ангийг хийчихсэн байсан уу, эсвэл нийгмийн уур амьсгал, үзэгчдийн “уур хилэн” нөлөөлсөн эсэхийг бүү мэд. Ямартай ч, Ялалтыг амилуулах байсан юм бол зүгээр л өндөр эрэг ганга руу буудчих боломж бас байсан шүү. Лутаа Ялалтыг буудсаны дараа Шизо дахин буудаж гүйцээх юм болов уу гэсэн таамаг байсан ч талаар боллоо. Эсвэл Галт. Учир нь тэр Лутаад бүрэн итгэдэггүй тэгээд ч цусан өшөөтэй хүн нь Ялалт болохоор заавал өөрийн гараар төгсгөх логик бас байлаа. Бас Шизогийн дүрийг “устгачихлаа”.

Munkhbayasgalan Bayasgalan-н зураг.

Хайран Шизо

Энэ киноны чимэг нь Шизо байлаа. Ийм хөөрхөн шизонууд аль ч салбарт байдаг даа. Хийж буй ажилдаа жигтэйхэн үнэнч, бүр амь хайргүй, буруу ч байсан зүтгэдэг тэгсэн атлаа цайлган сэтгэлтэй, үе үе жигтэйхэн уярамтгай болж хүн чанар ханхлуулдаг хүмүүс амьдралд байдаг аа байдаг. Шизогийн дүр багаасаа л гэмт хэргийн ертөнцөөр хүмүүжиж Галтад зүтгэдэг ч, түүний дүү охин Сувдаа, найз залуу болох Идэр нартай ойр дотно болсон нь зүрх сэтгэл нь төмөр шиг хүйтэн хатуу биш гэдгийг өгүүлнэ.

Гэвч Идэрийг буудуулах үед түүний хүн чанар цухалзана. За энэ ч яах вэ, байх л асуудал. Харин киноны төгсгөлд Лутаад өөрийнхөө барьж явдаг сүхээ өгч тусалж байгаа нь Шизогийн дүрийг бүхэлд нь үгүй хийлээ. Шизо хэн болчихов оо... Яагаад... Хэрэв энэ кино цааш үргэлжилбэл Тагнуулын юм уу, цагдаагийн мэдээлэгч байх л хувь заяа түүнд таарах биз. Өөр яана гэж. Хайран Шизо...

Munkhbayasgalan Bayasgalan-н зураг.

Найруулагч Б.Тамирын “оноо”

Найруулагчийн логик дээр зөрчилдсөн хоёр дүрээ ийнхүү бичлээ. Харин оноог бас хэлье. Гэмт хэрэгтэнд гишгэх газар үгүй. Тэд заавал яллагддаг тавилантай. Тэр утгаараа Галт, Лутаа нар тавилангаа дагав. Оросын алдарт Алексей Сидров ч “Бригад” киногоо энэ тавиланг дагуулж бүтээсэн. Бригадын гол дөрвөн дүр дөрвүүлээ үгүй болж төгсдөг. Харамсалтай, гомдолтой... Гэвч шударга төгсгөл юм. Олон жилийн дараа 2-р ангийг нь хийсэн ч амжилтад хүрээгүй. Аль ч улсын түүхэнд байдаг гэмт хэрэгтнүүдийн сэргэн мандалт хийгээд тэдний мөхөж үгүй болох үеийг үзүүлсэн кино болгон амжилт дагуулдаг. “37-р точка” ч тэр замаар замнав.

Найруулагч үүнийг олж харсан учраас киногоо бүтээсэн биз. Нийгэм шилжсэн 90-ээд он бол үнэндээ ардчилал хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэлийг авчирсан сайн талтай ч олон мянган залуус гэмт хэргийн ертөнц рүү хальтирч орсон нь үнээн. Нийгмийнхээ туулж өнгөрүүлсөн олон түүхэн үйл явдлыг яльгүй хэтрүүлэгтэйгээр уран бүтээлдээ тусгаж бас түүнийгээ тайлбарласан жижигхэн видео хийж олон нийтийн сүлжээнд тавьсан нь бүтээлч, өгөөжтэй тал нь байлаа. Уран сайхны кино юм чинь хэтрүүлэг байх ёстой. Тэр ч ёсоо болов. Харин энэ кинон дотроос өөрийгөө олж хараад уурлаад бухимдаад байгаа ганц нэг партизан нэр зүүгсэд цаашаа. Тэд бол Ялалт шиг паразитууд юм. Гаднаа сайхан, дотроо паланцаг, гэмт хэрэгтэн. Даанч түүнийг нь нийгэм мэдэхгүй, яг Ялалтын дүр шиг хайрласаар, дурласаар... Найруулагч Б.Тамирын оноо энэ. Ялалтыг эндүүртэл гарагж чадлаа шүү дээ. Магад энэ оноо түүнийг мөнхөд дагах биз. Мөнх дагах оноогоо арай л залуудаа бүтээчих шиг боллоо. Гайгүй байгаа...

Хавчиг буюу А.Баттүшиг

Дүрийнх нь хувьд ярих юм байхгүй. Жүжигчин, найрулагчийнх нь хувьд үнэхээр сонирхолтой этгээд шиг санагддаг. Би анх А.Баттүшигийг “Босуул” киноноос дотроо олзолж авсан ухаантай. Дараа нь “Долоон бурхан харвадаггүй” киноны Элбэгдорж Ренчиног үзээд сэтгэл үнэхээр ханаж билээ. Эвгүй дүр бүтээдэг “эвгүй гар”. Тун мэдрэмжтэй ч санагддаг. Гэхдээ түүний бүтээлцсэн кинонуудаас хоёр кино анхаарал татлаа. “Босуул”-ыг найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтарсан бол “37-р точка”-д Б.Тамиртай ажиллажээ. Ерөнхий найруулагч нараасаа хамаараад байна уу, эсвэл... гэсэн асуулт гарч байна.

Гэхдээ л “эвгүй гар” даа...

Монголын кино урлагт хоёр тийм хүн одоогоор оршиж байна. Нэгдүгээрт А.Баттүшиг, хоёрдугаарт Сувидын Баттулга. Анхаарахгүй байхын аргагүй, анхаарлын тэмдэг шиг. Бас төгсөөгүй үргэлжлэх гурван цэг (...) шиг.

Munkhbayasgalan Bayasgalan-н зураг.

Хөөрхөн Одноо

Бурмаагийн дүр. Сүүлийн жилүүдэд театраас дэлгэцэнд амилж яваа авьяаслаг жүжигчин бүсгүй Б.Одончимэг. Заяамал өнгөөрөө гарч ирж яваа жүжигчин. Үйл хөдлөл нь ч анхаарал татна. Төгсгөлийн ангид Болдтой хамт байрнаасаа гүйж гарч ирээд машинд сууж байгаа тэр хөдлөлийг хараарай. Зүгээр л гүйж гарч ирээд машинд суух агшиныг амь оруулж буй хэсэг. Бурмаагийн дүр бол нийгэмд жинхэнэ утгаараа оршиж буй мянга мянган бүсгүйчүүдийн төлөөлөл. Нөхөр нь гэмт хэрэгтэн ч бай хайрлана. Гэмт үйлдлийг нь ч амьдралын төлөөх зүтгэл гэж ойлгоно. Зүгээр л амьдралдаа, хайрандаа үнэнч. Хэн байх нь хамаагүй. Ямар айлд бэр орсон нь ч хамаагүй.

Өхөөрдөм, зүтгэлтэй, гэнэн ч юм шиг, мангар ч юм шиг дүр. Одноод баяр хүргэе. Чи шүү, Одноо. “37-р точка”-гийн хамгийн гоё эмэгтэй дүр. Бүсгүйчүүдийн дүрийг бичсэнийх энэ кинонд жүжигчин Алдармаа дутагдав. Ээ Алдармаа бол Тогосоо байсан юм даа. Тогосоогийн дүрд тоглосон жүжигчин муу тоглоогүй ээ, гэхдээ зохимж нь, харгис гоо үзэсгэлэн нь яах аргагүй “өргөстэй цэцэг” Алдармаа байв шүү...

Munkhbayasgalan Bayasgalan-н зураг.

Лутаа буюу жүжигчин Барслхагва

Барсаад зориулж би нэгэнтээ хөрөг бичиж байлаа. “Жүжигчин Б.Барслхагвын хүйтэн инээмсэглэл, нүдний харц, биеийн хөдөлгөөн... Дүрд хувирч тоглох нэг өөр. Дүрээ зурж үзүүлэх бүүр өөр. Барсаа дүрээ зурж үзүүлэв. Биеийн хэлэмжээр зурж тоглодог жүжигчин МУАЖ Цэрэндагваас хойш Барсаа л гэж бодож байна” хэмээн бичиж байлаа. Тийм ээ үнэн гэдгийг тэр баталсаар, тамгалсаар, бас шагшуулсаар... Алтан үеийн жүжигчдээс хойш сөрөг дүрд байр сууриа олох өрсөлдөөн цөөхөн хэдэн жүжигчдийн дунд өрнөсөн юм. Ариунбямба, Барслхагва... одоо Алтаншагай.

Зөвхөн дэлгэцийн дүрд шүү. Драмынхныг энэ удаа тоочихгүй. Барсаа бол “Зүрхний хилэн”-гийн Манж ноёны дүрийг тултал бүтээсэн бол “37-р точка”-д тоглосоноор өөрийгөө сөрөг дүрийн жүжигчин гэдгийг баталчих шиг. Гэхдээ ямархан мэдрэмжтэй найруулагч түүнийг эерэг дүрд урих бол... Чадах болов уу гэсэн хүлээлтийг бас үлдээлээ. Киноны төгсгөлийн ангид Лутаа Галтад зодуулдаг хэсэг. Лутаа бол миний хамгийн хайртай дүр. Хайртай дүр минь зодуулаад, дараа нь алуулчихлаа. Бусдын адил энэ кинонд “орсон” үзэгчийн хувьд уг нь уурлаж гуниглах биш үү.

Гэвч бах ханав. Ийм амттай зодуур, ийм амттай үхэл... ийм амттай ялалт гэж байх уу. Үхээд алга болчихсон атлаа байгаа юм шиг, оршоод байх шиг, дарамт үзүүлээд ч байх шиг. Зохиол сайн, найруулга сайн, зураг авалт сайн энэ хэсгүүдэд. Гэхдээ л жүжигчин ийм дарамттай, ийм амттай зодуулаад үхчих гэж. Төгсчихсөн атлаа төгсөөгүй мэт. Харамсах зүйлгүй, ерөөсөө уйлах өрөвдөх мэдрэмж төрүүлэхгүй. Ай Лутаа чи... үхсэн юм уу, амьд юм уу.

Munkhbayasgalan Bayasgalan-н зураг.

Хөгийн муу Галт

Хүчирхэг, гайхалтай сөрөг дүр бол Галт. Алтаншагайн тоглосон нэлээд хэдэн киног үзэж л байсан. Гэвч энэ удаа мэдрэмж төрүүлж гайхаш барав. Жүжигчин Алтаншагайн уурлахыг, муухай харахыг харна гэдэг ёстой өгүүлшгүй сэтгэл ханамж байлаа. Ямар ч сайн сайхан байхгүй, сэтгэл хөдлөлгүй шахам (яах вэ, зарим хэсэгт хөгжим өгч зөөлрүүлэхийг хичээсэн... ялангуяа төрсөн эцгээ хэн гэдгийг ээжээсээ сонсох, эцэгтэйгээ ярьдаг хэсгүүдэд) дүр. Нүднийх нь харцанд ямар ч гэгээ байхгүй. Тэгсэн атлаа Галтын хэсгүүдэд ямагт одоо тэгэх болов уу, ингэх юм болов уу гэсэн зөөлөн мэдрэмж сэм сэмхэн дагаад ч байх шиг. Магадгүй энэ киноны эргэж буцсан ээдрээгүй цорын ганц шийдчихсэн дүр. Тийм ч учраас дургүй хүрэм. Галтыг Сувдаагаар, Идэрээгээр, Шизогоор, Лутаагаар чимсээн чимсэн. Гэхдээ чимгүүдийг нь хуулаад нэг бодоод үзээрэй. Энэ утгаараа хамгийн шударга дүр. “Точка”-гийн цорын ганц шударга ёсны туйл. Ялалт, Лутаа, Шизо, Бурмаа, Содном, Хавчиг, Зоригт, Болд гээд дүрүүдэд шударга ёс байхгүй. Эргэж буцна, урвана, яаж ч мэднэ. Харин Галт бол ойлгомжтой. Мэдрэмжтэй үзэгч үүнийг л олж харна. Цаг хугацаа ч үүнийг тодотгоно. Ийм дүр улам тодордог. Гэхдээ энэ хэмжээнд хүргэж тоглох нь яах аргагүй авьяас чадвар. Хэрэв Алтаншагай ингэж тултал бүтээгээгүй бол зүгээр л нэг эргүү гэмт хэрэгтэн байх байлаа шүү дээ Галтын дүр. Эцэст нь дүгнэхэд Фантастикчуудын үндсэн жүжигчдээс яах аргагүй хоёр жүжигчин үеэ зарлалаа. Тэд бол жүжигчин Барслхагва, Алтаншагай нар юм. Үеэ зарлаж, өөрсдийгөө тунхагласанд баяр хүргэе.

Кино бүхэлдээ

“37-р точка” киноны нэг онцлог бол хувцаслалт. Бүх жүжигчдийн хувцасны дизайныг зурж, шинээр оёжээ. Хувцаслалт, донж маяг үзэгчдэд хүрсэн эсэхийг мэдмээр байгаа бол гудамж руу нэг өнгийгөөд хар. Бас залуусын зугаалах дуртай, очих дуртай газруудад оч. Тусгал нь тэнд бий. Энэ бол маш их хөдөлмөр, бас их хэмжээний хөрөнгө шаардах зүйл. Киноныхоо хэв загварыг ингэж бүрэн хэмжээгээр нь зурж бүтээсэн кино хэд юм бол... Киноны хөгжим дуу гоё. Хэлэх юм байхгүй. Хөгжмийн зохиолч дуучин Ганхуяг буюу Гаанг агсны бүтээл киног бүхэлд нь амь оруулсан. Хөгжимгүй кино бол жаазгүй зураг шиг, хувцасгүй хүн шиг, өнгөгүй цэцэг шиг... Ямар гоё хөгжимтэй, дуутай кино болсныг бүгдээрээ хүлээн зөвшөөрнө биз дээ. Бүхэлдээ энэ кино асар их хөдөлмөр, цаг хугацаа, зохион байгуулалт, итгэлцэл, нөхөрлөл дунд бүтжээ. Мэдээж хөрөнгө мөнгө. Гэхдээ хөрөнгө мөнгөө үзэгчдийн дэггүйтэл, шүүмжлэл, сэтгэл хөдлөл, маргаан, дуулиан бүхнээр нөхсөн байж таараа. Уран бүтээлийн эцсийн үр дүн энэ юм. Энэ бүхэн зөвхөн миний л үзэл бодол. Надаас өөр бодсон, дүгнэсэн хэдэн мянган үзэгч бий гэдэгт би итгэж байна. Эцэст нь хэлэхэд найруулагчтай нь хүртэл зөрж бодох орон зай үлдээж, үзэн ядуулж, бах хануулж, бахархуулж , гомдоож, догдлуулж чадсан “37- р точка” орштугай. Баяр хүргэе, Фантастикчуудад

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Unen

      (192.82.73.18) 2020-04-21 10:21
      • 0
      • 0

      Arai hudlaa yum ix baisan. Gexde dajgui e. Xiij bga xumuusiin xudulmur yumda. Barsaa bol NICE bsaan. Galt shal hudlaa bsaan. Aldarmaag oruulsan bol muuxai bolox bsaan. Nairuulga mash ix gologdsoon. Xuuchin xuvtsas tuxain orchind xumuusiig avaachsan n 37 r tochigiin anxasral tatsaan. Tuunees bdag baragtai neg kino bsaan. Munhbaysaa baga pyaldaaj bai

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.197) 2020-04-20 22:22
      • 0
      • 0

      шог кино ой гутсан

      Хариулах

    • Р

      (202.179.25.240) 2020-04-19 11:32
      • 0
      • 0

      Шаал хогийн кино

      Хариулах