Авзага хайрхан залуугийн сэтгэлт бүсгүй

Twitter Print
2019 оны 12-р сар 10-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Эрт үед нэгэн язгууртан тайж нутаг усандаа гайхагдсан Өгий гэдэг үзэсгэлэнт сайхан охинтой байж гэнэ.

Тайжийнх адуу малаар баян, зарц хамжлага олонтой байв. Өгий охин нас бие гүйцэж нутгийнхаа өндөр сайхан нуруутай адуучин залуутай үерхэж хайрлан дурлажээ. Учралт хоёр малын бэлчээрт уулзаж, хоёр биендээ эрхэлж байхыг нь тайжийн хамжлага зарц нараас нь сэм мэдээд баян тайж болон эхнэрт нь хов хүргэж гэнэ. Тайжтан охиноо ядуу гуйлгачин залууд өгөхгүй гээд сурвалжит баян хүнтэй гэрлүүлэхээр яарч адуучин залууг хороохоор шийджээ.

Төд удалгүй нэгэн өдөр Өгий бүсгүйг сэтгэлт залуутайгаа уулзаж байхад нь тайжийн хамжлагууд ирж адуучин залууг барьж аван хороох мөчид бүсгүйдээ “би нутагтаа “Авзага хайрхан” уул болж, харин чамдаа нэгэн сайхан нуур өгье” гэж хэлээд хагацаж гэнэ. Өгий охин хайртай залуугаа санан шаналсаар унагасан нулимс нь нуур болон тогтож Өгий хэмээн нэрлэгджээ. Тэр цагаас хойш Өгий нуураас гарсан уур манан хөөрсөөр Авзага хайрханаа ирж шингэдэг болсон хэмээн нутгийн өвгөд хуучилсаар ирсэн аж.

Ийнхүү Өгий нуур нь Авзага хайрхан залуугийн сэтгэлт бүсгүйн нулимснаас үүссэн учир “Өгий нуурыг эм савдаг сахиж байдаг, эмэгтэй хүн усанд нь умбавал гуниг зовлонтой учирна” хэмээн цээрлэж эргэн тойронд нь байх Баяртын овоо, Цагаан овоо, Алтангэрэлийн овоог тахиж аргаддаг болсон гэдэг.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.