
СТРЕССГҮЙ АМЬДРАЛ
Сөрөг стрессийг хэрхэн сөрөх вэ? Юуны өмнө сандарч мэгдэж болохгүй. Стресс нь туйлын тааламжгүй мэдрэмж боловч анагаах бүрэн боломжтой. Гэхдээ хамгийн гол нь хувь хүний өөрийн хүчин чармайлт чухал юм.
Стрессийг давах аргууд:
1.Хаана ч явж сууж байсан эргэн тойрноо тасралтгүй харж анхаарлыг үргэлж шилжүүлж байгаарай. Унаанд явахад хүртэл ямар нэг наргиантай зүйлийг олж харж болно. \жишээ нь сайтар бодож боловсруулаагүй сурталчилгаа гэх мэт\, буудлын сонирхолтой жижиг сажиг зүйлсийг харж тэдний дүрслэлийг сайтар ажиглана. Хэн нэгний яриа сонсох юм уу этгээд сонин хүнийг ажиглан харж болно. Хажуу дэргэд байгаа юм уу зөрж өнгөрөх хүмүүсийг сайтар ажиглах нь цаг нөгцөөж, стресс тайлах сайн аргад тооцогдоно. Тэднийг ажиглаж харангаа зан аашийг нь дотроо төсөөлж, хаачиж явааг тааж, юунд санаа зовж байгааг төсөөлж, ямар ажил хийдэг хүн болохыг таах гэж оролдоорой. Автобусанд явахдаа тасалбарын дугаарыг шалгаж тоглоом шоглоомоор “азын” тасалбар таарсан эсэхийг харж байгаарай. Дотроо янз бүрийн мөрий тавих нь их чухал байдаг. Автобус хөөж гүйж яваа хүн амжих юм уу эсвэл дараагийн унаа хүлээхээр үлдэх эсэхийг тааж өөрөө өөртэйгээ мөрий тавиарай.
2.Өөртөө шаардлага тавихын зэрэгцээ бас энэрэнгүй хандаж сураарай. Таны дэргэд байгаа бусад хүмүүс тав тухтай байгаасай гэж хичээнэ. Гэхдээ бас хэн нэгнийг гомдоочихлоо гээд хэдэн цаг өдрөөр өөрийгөө дотроос нь хэмлэх хэрэггүй. Тэр хүнээс уучлал гуйгаад л болоо. Тэр хүн таныг уучлах юм уу эсвэл уучлахгүй байх нь хамаагүй. Хүн уучлал гуйснаар хамгийн гол нь өөрөө өөрийгөө уучилж стрессээ тайлдаг юм. Та чин сэтгэлээс уучлал гуйж эвлэрэх оролдлого хийсэн нь хамгийн чухал. Ингэснээр та стрессээ тайлж харин таныг уучлахгүй гоморхох хүн стресстэй чигээрээ үлддэг. Тийм болохоор хүн танаас уучлал гуйвал түүнийг уучилж өөрийгөө стрессээс гаргаарай.
3.Биедээ тав тухтай хувцаслах хамгийн чухал байдаг. Бусдад сайхан харагдах моод хөөх гэх шалтгаанаар өөрт тавгүй хувцас өмсвөл байнга стресст ордог. Гэхдээ тэглээ гээд ажил дээрээ анх ямар өнгөтэй байсан нь мэдэгдэхгүй болтол гандаж өвдөг товойсон өмдтэй очиж болохгүй л дээ. Энэ нь хамт ажиллаж байгаа хүмүүсийг стресст оруулдаг. Товчоор хэлбэл ойр хавийн хүмүүсийг хүндэлж санаа тавих ёстой боловч хамгийн гол нь өөртөө ая тухтай хувцас сонгож өмсөх ёстойг бүү мартаарай.
4.Таарсан бүхнээ идэх хэрэггүй. Гудамжнаас авч идсэн ямар нь мэдэгдэхгүй махтай хэр удаан дарж хадгалсан нь ойлгомжгүй хуушуур таны хоолны дуршилыг эвдээд өнгөрвөл наад захын хэрэг. Гэтэл гэдэсний өвчин хоолны хордлого авч гэртээ юм уу эмнэлэгт урт удаан хугацаагаар хэвтвэл түүний стресс барагдахгүйд хүрнэ.
5.Аль болох байнга хөдлөхийг хичээгээрэй. Ялангуяа удаан суухаас зайлсхий. Зөвхөн танд тааламжтай арга чаргыг өөртөө бодож олоорой. Цэцэрлэгт явган зугаалах, усан санд сэлэх, дасгалын танхим, фитнес клубт хичээллэх, гэртээ гүйлтийн зам дээр гүйх ямар ч хамаагүй хөгжим тавиад замбараагүй хөдөлж бүжиглэх гээд юу ч байж болно. Гагцхүү өөрт тааламжтай таашаалтай байвал болох нь тэр... ер нь юу ч хийж болно шүү. Хамгийн гол нь хөдлөөд байгаарай. Компьютер дээр ажиллаж байхдаа хүртэл аль болох олон удаа суниаж, биеэ тал тал тийш эргэлдүүлж, толгойгоо гудайж, гэдийж, хөлөө эвхэж, жийх гэх мэтээр санаанд орох тоолонд хөдөлгөөн хийгээрэй. Хөдөлгөөн хийхийн хэрээр зүрхний цохилт түргэсч, бие махбодид очих хүчилтөрөгчийн хангамж нэмэгдэж таныг тасралтгүй зовоох бодол санааны “бохь”-ноос хүн сатаардаг. Хэрэв та оюуны биш биеийн хөдөлмөр хийдэг бол мэдээж энгийн хөдөлгөөн дасгал ачаалал өгөхгүй тул биеийн илүү хүнд дасгалыг сонгоорой. За тэгээд тулалдааны урлаг, цэнгээнт бүжиг, уран гулгалт, його гээд зөвхөн бие махбодь биш хүний оюун санаанд үйлчилдэг олон хөдөлгөөн бий.
6.Бие махбодио чийрэгжүүлэхэд анхаарна. Үүний тулд болж өгвөл ер бусын нөхцөл орчинд оруулж байгаарай. Жишээ нь шүршүүрт зогсож байхдаа гэнэт хүйтэн усаар шүрших гэх мэт. Энэ бүхэн таны бие махбодийн тогтоолцоонуудыг тэр чигээр нь сэргээж дасгалжуулж өгдөг.
7.Унтлагын өрөө, ор дэр, хөнжил гудас гээд иж бүрэн хэрэглэж, ая тухтай нойрсох орчин ба нөхцөл бололцоог бүрдүүлэх нь стрессээс зайлах сайн арга юм. Зөв сайхан унтахаас гадна зөв сайхан сэрэх нь бас хамгийн чухал байдаг. Унтахаас өмнө юм идэж болохгүй. Ачаалал авсан ходоод шөнөжин хоол боловсруулах хэмнэлд ажиллана. Энэ нь эргээд хүнийг бөх бат эрүүл нойрсоход саад болдог. Гэтэл бас өлсөж хонхолзон унтахаар хэвтэж болохгүй. Энэ тохиолдолд сэтгэл тайвширч, бие сулрахын оронд хоолны тухай бодолд автана. Унтахдаа өрөөндөө салхи оруулж агаарыг сэлгэнэ. Цэнгэг агаар илүү хурдан бөгөөд бөх бат нойрсоход тустай. Унтахаас өмнө аймшгийн, инээдмийн гэх мэт мэдрэлийн тогтолцоог өдөөх кино үзэж ном уншиж болохгүй. Унтахаас өмнө бие махбодийг сэргээх үйлчилгээтэй шингэн ууж болохгүй. Зөгийн бал найруулсан аяга бүлээн ус юм уу аяга сүү эсвэл тайвшируулах үйлчилгээтэй цай ууж болно. Унтахаар хэвтэхийн өмнө шүршүүрт орох юм уу онгоцонд ус тосч хэвтэн тайвширч болно. Анхилуун үнэртэй тос хольсон усанд хэвтвэл сайн тайвширдаг. Өглөө сэрээд шууд огло харайх гэж бүү оролдоорой. Нүдээ аньсан чигээр бага зэрэг хэвтэж суниаж, ямар нэг аятай таатай юмны тухай бодож, сэтгэл санаагаа засахыг хичээнэ. Орноосоо босолгүй хөнгөхөн дасгал хийж бас болно.
8.Агаар салхинд гарах нь мэдрэлийн тогтолцооны ачааллыг авч, тайвшируулдаг. Та долоо хоног амралтын өдөргүй ажилладаг байлаа ч гэсэн ядаж хоёр удаа хагас цагаар агаар салхинд гараарай. Шувуудын жиргээн, царцааны царгиан, навчисын сэрчигнээн, горхины хоржигноон юм уу хөл доор цас чихрах дууг сонсох нь стрессийг сайтар тайлдаг. Саарал хана сүлжилдэх, нийлж холилдох хүмүүсийн царайны оронд цэцэгсийн төгс төгөлдөр гоо үзэсгэлэн, цасны шидэт гялбаанд тэнгэрт элэн халих шувууд, моддын хачин жигтэй сүүдэр дүрсийг ажиглах нь эмчилгээ гэлтэй. Хот дотор явахдаа хүртэл замд таарах амьд байгалийн өчүүхэн тасархай бүхнийг заавал анхаарч ажиглаарай.
9.Зөв амьсгалж сур. Хүн түгшүүрт байдалд орж, сандралын дайралтанд автах үед салгалж чичрэн урт гүнзгий амьсгаа ойр ойрхон авах замаар аль болох их агаар сорохыг хичээх боловч цус хүчилтөрөгчөөр огцом хэт хангасанаас болоод бүр эсрэг үр нөлөө үзүүлдэг. Тийм болохоор ямар ч тохиолдолд жигд алгуур тайван цээж дүүрэн амьсгалахыг хичээгээрэй. Зөвхөн уушигны дээд хэсгээр яаруу сандруу агаар сорж, буцаан гаргах хэрэггүй. Дорнын анагаах ухаанд амьсгалын дасгалыг нэн чухалчилдаг. Амьсгаа авч гаргах уртын хэмжээ амьсгалыг түгжих юм уу хурдасгах зэрэг нь хүний бие махбодидод янз бүрийн хариу үйлдлийг өдөөх хүчтэй. Тиймээс дор хаяж хоёр ширхэг амьсгалын аргыг эзэмшиж аваарай. Заримдаа стрессийн хэцүү төвөгтэй нөхцөл байдалд ердөө ганц сайн амьсгалын дасгал мэддэг хүн төвөггүй мултардаг байна.
10.Ээж аав, хань ижил, үр хүүхдийнхээ аливаа дутагдлыг ойлгож энэрэнгүй хандаж сураарай. Та бас бурхан тэнгэр биш шүү дээ. Тэгээд ч хүн бүр хамаатан садан, хань ижил, найз нөхдөө байгаагаар нь хайрлавал өөрөө стрессгүй амьдарна. Таны хань шүдний оо хэрэглэчихээд таглахгүй орхидог зуршилтай бол тухай болгонд уурсан хэл амаа билүүдэж өөрийгөө стресст оруулахын оронд ганцхан агшин дотор таглачихсан нь дээр шүү дээ. Хүний дутагдал гэдэг амьдралын их далай дунд хөвж яваа өчүүхэн жижиг зомгол төдий. Гэтэл хайр болоод тус дэм гэдэг жижиг сажиг өөнтөгч зантай харьцуулахын аргагүй амин чухал бүрэлдэхүүн хэсэг.
11.Зөвхөн танд баяр баясгалан бэлэглэдэг дуу хөгжмийг сонсоорой. Бусдыг бодож өөрт цухал төрүүлдэг юм уу шаналж зовоход хүргэдэг дуу хөгжим сонсож ерөөсөө болохгүй. Жишээ нь эргэж буцаах аргагүй алдсан хүнийг дурсаж уйлахад хүргэдэг тийм дуу хөгжим стресс тайлах арга ерөөс биш юм. Хүн бүрт өөрт таалагдах дуу хөгжим байдаг. Хүн болгонд өөрийн хэмнэл хэв маяг гэж бий. Хамгийн гол нь дуу хөгжим танд өөрт сэтгэлийн ханамж авчирах ёстойг чухалчлаарай.
12.Бодит байдлаас аль болох тасарч сурах нь стресс тайлах шилдэг арга юм. Хавь ойроо мэдрэхгүй байдалд орох сонирхолтой ном унших, ханамж таашаал авчирах кино үзэхийг хичээгээрэй. Өөрт тааламжтай бүхнийг өөртөө зөвшөөрч байгаарай. Зайрмаг идэх, иллэг хийлгэх, морь унах гэх мэт юу ч байж болно шүү дээ.
Гэхдээ стрессийг тайлах цорын ганц хамгийн шилдэг аргыг үргэлж сахиж яваарай. Тэр бол инээд хөөр юм. Танд юу ч тохиолдлоо гэсэн инээмсэглэж сураарай.
“СТРЕССИЙН ЭМ” номын хэсгээс…
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.