Дэлхийн улс орнууд Энэтхэгт дэлгэрээд буй вирусын хувирсан хэлбэрээс сэргийлэх арга хэмжээг авч байна

Twitter Print
2021 оны 04-р сар 25-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Энэтхэг улсад хүчтэй тарж буй ковидын хувилбарын улмаас олон мянган хүн амиа алдаад байна. Энэтхэгийн тэрбум гаруй хүн амынх нь 10-аас бага хувь нь л вакцинд хамрагдаж чаджээ. Энэтхэг улсад халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж нэг хоногт 346,0 мянга, Нийслэл Дели хотод хоногт 24,3 мянган халдварын тохиодол бүртгэгдэж байгаа амаргүй нөхцөлд тус улсын хэт халуун дулаан уур амьсгал нь халдвар авч хүндэрч байгаа өвчтөнүүдэд хүндээр тусч байна.

Эмнэлгийн ор болон амьсгалын аппарат хүрэлцэхгүй байгаа тус улсад хүндэрсэн өвчтөнүүд амьсгалын дутагдалд орж улмаар нас барах явдал ихээхэн гарч байна.

Чандарлах газруудынх нь урд талийгчдын цогцос ээлжээ хүлээн дугаарлаж, ариун Гангын эрэг дагуу нас барагсдыг шатаах түүдгүүдийн утаа май хөшиглөж буй дүр зургийг сүүлийн хэдэн өдөр дэлхий нийтийн хэвлэл мэдээллээс харж байна.

Энэтхэг улсад бүртгэгдсэн, эрчтэй тархаж байгаа ковидын хувилбарын тухайд:

- Сүүлийн өдрүүдэд Энэтхэг улсад хоногт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо хоногт 340.0-350.0 мянгад хүрч байна.

- Тус улсад ийнхүү халдварын тархалт эрчимжиж буй шалтгаан нь уг халдварын үндэс болсон “B.1.617” гэсэн шинжлэх ухааны нэршил бүхий ковидын хувирсан хэлбэр.

- Уг хувирсан хэлбэр нь Калифорнийн хувирсан хэлбэр, Өмнөд Африкийн болон Их Британы хувирсан хэлбэрүүдийн шинжийг агуулсан тул судлаачид “давхар мутацлагдсан” вирус ч гэж нэрлэж байна.

- Энэтхэг улсад дээрх В.1.617 вариантаас гадна Өмнөд Африкийн В.1.351 болон Их Британы В.1.1.7 вариант ч нэгэн зэрэг тархаж байгаа тул халдварын тархалтын хурд өндөр байна гэж судлаачид үзжээ.

- Ийнхүү олон удаа хувирсан, одоогоор бүтээгдсэн вакцинууд уг хувирсан хэлбэрээс хир зэрэг хамгаалж чадах талаар судалгаа хийгдээгүй байгаа тул бүхий л улс орнууд энэхүү хувирсан хэлбэрээс сэргийлэх арга хэмжээг авч байна.

Иймд энэ асуудалд манай холбогдох байгууллагууд ЭМЯ, ХӨСҮТ, УМХГ онцгой анхаарал хандуулж дараах арга хэмжээг юуны өмнө яаралтай авах шаардлагатай гэж үзэж байна.

Үүнд:

- Ойрын 2 сарын хугацаанд Энэтхэг улсруу нислэг үйлдэхгүй байх, тус улсаас ирэх ямар нэгэн зорчигч хүлээн авахгүй байх;

- Энэтхэг улсад зорчихгүй байхыг иргэддээ анхааруулах, зөвхөн Монголоос бус бусад оронд байгаа манай улсын иргэд мөн адил;

- Энэхүү хувирсан вирусын талаар ДЭМБ болон бусад судалгааны байгууллагуудаас шинэ мэдээллийг байнга авч анхаарлын төвд байлгах, судлах;

- Одоо хийгдэж буй дархлаажуулалтын үйл ажиллагаанд бүхий л хүн хүчийг төвлөрүүлж, шуурхай оночтой зохион байгуулах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.

Одоо дотооддоо тархаад байгаа халдварын тархалттай тэмцэхэд бүхий л хүч, хөрөнгөө дайчилж,хүндэрч байгаа улс орнууд хэрэв ковидын дээрх хувирсан хэлбэрийг гаднаас алдаж дотоодод оруулсан нөхцөлд Бразил, Энэтхэг улсын адил “Гамшигт нөхцөл байдал”-д хүрч болзошгүй юм шүү гэдгийг онцгой анхаарна уу!

Н.Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.