Б.Амардорж: Нойр булчирхайн үрэвсэл эмнэлэгт хэвтүүлэх үндэслэл биш гэсэн дүгнэлт гарсан

Twitter Print
2014 оны 05-р сар 15-нд 07:26 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр орой буюу энэ сарын 13-ны өдрийн 16:00 цагийн орчимд цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэрээр 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийтдээ 28 хоног цагдан хоригдсон байна. Хэрэг гардаг өдрийн 15:00 цагийн орчимд түүний өмгөөлөгч уулзах хүсэлт тавьснаар, талийгаачийг хорих өрөөнөөс уулзалтын байранд аваачаад удаагүй байхад ухаан алдаж унан, нас барсан аж. Тэр үед нь хорих ангийн эмч нар болон 103-ын эмч яаралтай түргэн ирж, эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч аварч чадаагүй байна. Энэ хэргийн талаар өнөөдөр ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Амардорж мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Талийгаач хоригдож байх хугацаанд нь эмч нар хэдэн удаа биеийн байдлыг нь үзсэн байдаг юм бол. Гэнэт бие нь муудаад л нас барчихлаа шүү дээ?

-Түүний хоригдож байсан 28 хоногийн хугацаанд хариуцсан эмч нар нь нийт найман удаа эрүүл мэндийн байдлыг нь үзэж, биохимийн болон бусад шинжилгээнүүдийг авсан байгаа. Цагдан хорих төвийн эмнэлгийн зүгээс байнга хяналт тавьж, шаардлагатай шинжилгээнүүдийг авч байсан. Гэхдээ тухайн үеийн авсан шинжилгээгээр зайлшгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм байна лээ. Эмчээс өгсөн танилцуулгад ингэж дурдсан байсан. Өөрөө ч хоригдож байх хугацаанд нь эмч үзлэг хийхэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах тухай санал хүсэлт гаргаж байгаагүй. Гэхдээ толгой өвддөг гэдэг шалтгаанаар ар гэрээсээ өвчин намдаах эм авч хэрэглэж байсан тохиолдол бий. Харин өмгөөлөгч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх болон эрүүл мэндийн байдлын тодорхойлолтыг нь гаргаж өгөөч гэсэн хоёр хүсэлт тавьж байсан. Хүсэлтийн дагуу холбогдох эрүүл мэндийн тодорхойлолтыг өгсөн.

-Ар гэрийнхэн болон өмгөөлөгчтэйгээ хэр уулздаг байсан бэ?

-Хоригдож байх хугацаандаа өмгөөлөгчөөсөө байнгын хууль зүйн туслалцаа авч байсан. Нийтдээ давхардсан тоогоор 25 удаа өмгөөлөгчтэйгээ уулзсан. Холбогдох албан тушаалтны зөвшөөрлөөр найман удаа ар гэрийнхэнтэйгээ уулзсан байдаг. Хамгийн сүүлд өчигдөр 12 цагт зөвшөөрлийн дагуу ахтайгаа түр хугацаагаар уулзсан. Энэ хугацаанд биед нь ямар нэгэн өөрчлөлт орсон нь камерын бичлэгээс харагдаагүй. Хэрэв биеийн байдал нь муу байсан бол ах нь эсвэл өөрөө мэдэгдэх ёстой байсан байх.

-Цагдан хорихоос өөр төрлийн арга хэмжээ авч болохгүй байсан юм уу. Өмгөөлөгч болон ар гэрийнхнийх нь зүгээс удаа дараа гадуур байцаагдах хүсэлт гаргаж байсан тухай мэдээлэл байгаа?

-Сэжигтнийг цагдан хорих нь хэргийг шалгаж байгаа байгууллага, шүүх прокурорын асуудал. Өнөөдөр хуулийн дагуу шүүгчийн захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч байгаа. Тийм учраас манай байгууллагаас цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, санал хүсэлт хэлэх боломж байхгүй.

-Хорих ангийн эмч нарын дүгнэлтийг прокурор, мөрдөн байцаагчид хүргүүлж байсан уу?

-Дүгнэлтийг албан ёсоор өмгөөлөгч нь авсан. Прокурор бол байнга хяналт тавьж байгаа.

-Хорих ангийн эмч нарт талийгаачийг эмнэлэгт битгий хэвтүүл гэсэн тушаалыг дээрээс өгсөн. Тиймээс эмнэлэгт хэвтүүлээгүй гэж ярьсан мэдээлэл байна?

-Тийм юм байхгүй байх. Өвчтнөө эмнэлэгт хэвтүүлэх эсэх нь тэр эмчийн өөрийн асуудал. Үнэхээр зайлшгүй шаардлагатай бол эмч өөрөө үзлэгээ хийгээд эмнэлэгт хэвтүүлэх боломжтой. Харин цагдан хоригдогчийг гадны эмнэлэгт хэвтүүлэхээр бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид нь урьдчилан бичгээр мэдэгдэх ёстой байдаг.

-Хорих ангийн зүгээс ямар дүнэлт гаргасан юм бэ. Хоригдож байх хугацаандаа ангийн дүрэм журмыг зөрчсөн болон дарамт шахалтад өртсөн тохиолдол бий юу?

-Дээр хэлсэн хоригдож байх хугацаанд нь эмчийн үзлэг хийж, холбогдох шинжилгээнүүдийг авсан гэж. Тэр шинжилгээгээр нойр булчирхайн үрэвсэлтэй, энэ нь шууд эмнэлэгт хэвтүүлэх үндэслэл биш гэдэг дүгнэлт гарсан. Хорих ангийн дүрэм журмыг биелүүлээгүй юм байхгүй. Хорих өрөөндөө гурвуулаа байсан. Бүх өрөө камертай. Хоригдогчид дарамт, шахалт үзүүлсэн асуудалгүй. Хорих ангид гарсан хэрэг, зөрчил болгонд шалгалт хийдэг. Уг шалгалт одоо хийгдэж байгаа.

-Гурван цагийн өмнө ахтайгаа зүгээр уулзсан хүн гэнэт нас барсан гэхээр гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлага төрж байна?

-Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нас барсан шалтгаан нь шүүх шинжилгээний хариу гарсны дараа тодорхой болно. Өнөө өглөөний байдлаар задлан шинжилгээ хийж байгаа гэсэн мэдээ ирсэн. Ер нь шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байхад урьдчилан, таамаглаж ярих боломжгүй. Шүүх шинжилгээний дүгнэлт 14 хоногийн дотор гарна.

-Талийгаачийн холбогдон шалгагдаж байгаа мөнгө угаасан гэх хэрэгт Төрийн өндөр албан тушаалтан холбогдсон гэх мэдээлэл байна?

-Тийм өндөр албан тушаалтан холбогдсон асуудал байхгүй. Тэгээд ч хэргийн асуудлыг би мэдэхгүй. Цагдаагийн байгуулага, мөрдөн байцааж байгаа байгууллага нь мэднэ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.