Сүүлчийн шоудалт

Twitter Print
2015 оны 04-р сар 07-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

Энхрийхэн охид, гэнэхэн залуус минь, хэнтэй нөхөрлөж, ямархан хүмүүстэй наргин хөгжилдөхөөр яарцгаана вэ. Өдөр нь танилцаж орой нь бааранд хэсэгхэн мансуураад, шөнө нь зэрлэг араатны гарт толгойгоо таслуулах гэж тэгтлээ дурлацгаах нь юуны учир, ямар гээчийн гай хорлол вэ. Арван хэдхэн настай охид архи, тамхины эхүүн үнэрт мансуурч, ирээдүй хойчоо байтугай хоёр, гуравхан цагийн хойтохыг төсөөлөн бодох, ухаарч ойлгох тэнхэлгүй болтлоо хөлчүүрхэж, хагас солиорлын байдалтай амьдарцгаах болсон нь юутай их сүйрэл вэ.

Баянзүрх дүүргийн IX дүгээр хорооны нутаг дэвсгэрт өдөр нь бааранд танилцаж хамтран архи уусан шинэ танилынхаа гарт аймшигтайгаар зэрэмдэглүүлж, амиа алдсан хоёр охин дөнгөж л хорь шүргэцгээж явж. Хаа байсан Ховд, Өвөрхангай аймгаас сурч боловсрох, цаашлаад ирээдүйн сайхан амьдрал мөрөөдөн түм түжигнэж, бум бужигнасан их хотод орж ирэхдээ ийм аймшигтайгаар хорвоогоос буцна чинээ зүүдлээгүй нь тодорхой. Зүрх шимширмээр аймшигтайгаар нартаас буцсан хоёр охины нэгнийнх нь дүрс сүүлчийн удаа шар айраг шимж суусан баарных нь камерт хадгалагдан үлдэж. Хэн ч харсан их хотын дэгжин охидын л нэгэн гэмээр түүний харамсалтай үхэлд өөр хэн ч биш зугаа цэнгэл, хөнгөн амьдралд дэндүү эрт хөл тавьсан хөөрхий охин өөрөө л гол буруутай. Дөнгөж өдөр нь танилцаж, нэр усыг нь ч сайн тогтоож амжаагүй нэгнийг дагаад харанхуй шөнө архи уух гээд арсгар барсгар хад чулуутай уулан дээр гарч чадсан хөөрхий охидын гэнэн томоогүйг яалтай.

Толгойг нь тасдаж, гар хөлийг нь санжуулах хүн дүрстэй араатантай нэг лонхноос гашуун хар ус ууж байгаагаа хөөрхий охид даанч анзаарсангүй. Нөгөө талаар “Танихгүй хүнтэй, орой үдэш архи хамт уух нь байтугай, дагаж явж хэрхэвч болохгүй” гэж сургааль хайрлах аав, ээж, ах дүүс нь хотод байсангүй. Үзэсгэлэн гоо нь ид жигдэрч, ёстой л цэцэг цэрвүү шиг гунхах насандаа огт танихгүй нэгнийг даган архи уун мансуурч явахдаа тэд чухам юу бодож явсан бол. Чухам ямар дон шүглэхээрээ цас хялмаалсан харанхуй шөнө уулын орой дээр архи ууж суусан юм бол.

Сүүлийн үед ажил тараад гэр рүүгээ явж байхдаа ч юм уу, автобус хүлээн буудал дээр зогсож байхдаа ичиж умартахыг мартах шахсан годогносон охидтой тааралдах нь арай л дэндүү их болсон. Нэгэн хошин шогийн үзүүлбэрт “Цаад муу хүүгийн чинь хамар нармайг наад охин нь таслаад идэх нь ээ” хэмээн олны хөлийн газар ичиж нэрэлхэлгүй үнсэлдэж байгаа охин, хүү хоёрын тухай өгүүлдэг хэсэг бий. Одоо ч тэгээд айж ичилгүй үнсэлдэх нь дүүрч. Харин хажуугаар зөрөх охид, залуусын “За, хэн нэг нь утсаа тавьчихаач дээ, сүртэй ш дээ. Хэдэн шил пиво ууя л даа” хэмээн эрээ цээргүй хашхиралдахыг юу гэж ойлгох, тэдэнд хандан юу гэж хэлбэл зохилтой вэ. Ялангуяа Багшийн их сургуулийн өмнөх автобусны буудал хавиар халамцуухан охид ёстой л “нүдэнд эвэр ургатал” холхилдох болж. Тэдэнд “Охид эмс нь самуурвал үндэстэн сүйрдэг” тухай учирлаад нэмэргүй. Ёстой “нохой хуцах”-ын чинээ авч хэлэлцэхгүй. Аягүй бол хамт хөлчүүрхэж яваа хөвгүүдтэйгээ нийлээд архиралдан дайрч зодоон, нүдээн үүсгэнэ.

Уг нь өдөр ирэх тусам Монголын маань охид, залуус улам л царайлаг, улам л өндөр гоолиг болцгоож байгаа. Харин ганцхан дэндүү эрх танхи, үрэлгэн цамаан, наргих, жаргах сонирхолтой болж буруу зам нь даамжирсаар буцахдаа толгойгоо залгиулах нь их боллоо. Амар хялбар аргаар амьдарч, ихэвчлэн наргих жаргах сонирхолтой болсон охидуудын даржиндуу хэсэг нь ийнхүү гадаа, хөдөө мансуурцгааж байгаа бол арай илүү зальтай, хорвоогийн амьдралын шаар, шавхруутай арай илүү хутгалдсан зарим нь Хууль зүйн сайдтайгаа ч асуудал үүсгэж дөнгөөд байна. Тэд үзэсгэлэн гоо гэдэг зөөлөн хэрнээ аймшигтай зэвсгээрээ халхавч хийж, хэний ч таамаглаагүй хэрэг хийж, эцэст нь шоронгийн хаалга татаж, үгүй бол эмгэнэлтэйгээр хорвоогоос буцаж байна.

Өөрийн гараар босгоогүй, амар хялбар, өнгө мөнгөний замаар олсон алтан байшин байгаад ч хэрэггүй. Тийм байшинд аз жаргал хэзээ ч эгшиглэдэггүйг гэм зэмтэй олон хүний амьдрал та бидний нүдэн дээр сургамж болон сүйрсээр л байгаагаас харж болно. Охид, бүсгүйчүүд минь архи, тамхи, мансууруулах хоронд юундаа ингэтэл татагдана вэ. “Аманд орохдоо алтан шумуул мэт, амнаас гарахдаа арслан барс мэт” болгодог архи уун самуурч, адаг сүүлд нь алтан амиа алдаж байгаа гэнэн томоогүй охид, бүсгүйчүүд минь хүн дүрст араатантай сүүлчийн удаа шоудаж суугаа хөөрхий охины дүрийг харж ухаараач, сэргээч. 

Харин дээр дурдагдсан хэргийн шүүгдэгч Б.Идэрзаяа нарт холбогдох хэргийн 2015 оны 4-р сарын 6-ны өдөр болсон Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Д.Идэрзаяад 25 жилийн хорих ял оноосон бөгөөд оноосон ялын 20 жилийг гянданд, таван жилийг онц дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Мөрдөн байцаалтын явцад Сэжигтэн Б. Идэрзаяа нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9-р хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн үүний гадна хамт явсан иргэн Б.Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдаг.

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.