Д.Амарсайхан хэний золиосонд явсан бэ

Twitter Print
2014 оны 05-р сар 14-нд 15:29 цагт
Мэдээний зураг,

Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан өчигдөр 17 цагийн орчимд хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд нас барсан. Сүүлийн үед тэрбээр тархиар хатгуулах зовиуртай байсныг эх сурвалжууд хэлжээ. Хорих ангийн эмнэлгийн ажилтнууд түүнд анхны тусламжийг шуурхай үзүүлсэн  ч тэрээр сэхэл аваагүй юм. Д.Амарсайхан нь “Петрочайна Дачин тамсаг” компанийнхантай хуйвалдан 50 орчим тэрбум төгрөг угаасан байж болзошгүй гэх хэрэгт шалгагдаж байсан юм.

Тэрээр уулзалтын өрөөнд өмгөөлөгчтэйгөө уулзах гэж байгаад гэнэт амьсгал нь хаагдаж нас баржээ. ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас мэдээлж байгаагаар тухайн үед эмнэлгийн яаралтай тусламж аваад амьсгалын аппарат залгасан боловч амийг нь аврах боломж гаргаагүй гэсэн. Харин талийгаачийн өмгөөлөгч Д.Пүрэвлхамтай утсаар холбогдон юу болсон талаар тодруулахад “Өчигдөр ар гэрийнх нь шүүх эмнэлэгт орж талийгаачийг хараад гарсан. Өнөөдөр задлан шинжилгээ хийж үхлийн шалтгааныг тогтоох байх, талийгаачийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн цагдан хориод яг 28 хонож байсан юм. Цагдан хорих хугацаанд биеийн байдал нь муу байгаа, толгойн өвчин нь хүндэрч үхэлд хүрэх аюултай байгаа талаар хэд хэдэн хүсэлт гаргаж батлан даалт гаргахыг хүссэн боловч прокурор, шүүх аль аль нь хүлээж аваагүй. Хавтаст хэрэгт ч энэ тухай дурдсан. Өмнө нь бас цагдан хорьж байхад биеийн байдал нь муудаж арай гэж батлан даалтанд гаргуулж байсан” гэжээ.

Талийгаачийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн ШШГЕГ болон хууль хяналтын байгууллагад гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн байна. Газрын тосны газрын дарга асан, талийгаач Д.Амарсайханыг 2013 оны тавдугаар сард УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан анх шалгаж эхэлсэн. Улмаар 50 орчим тэрбум төгрөгийг Хятадын талд биш Хонгконгийн хувийн дансанд байршуулан мөнгө угаасан байж болзошгүй хэмээн харьяалалын дагуу Авлигатай тэмцэх газар шалгаж байжээ. Дээрх мөнгө нь Монголын талаас Хятадын талд шилжүүлэх мөнгө байсан гэнэ.

50 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Иймд энэ хэргийн цаана байгаа эрхмүүд Д.Амарсайханыг золиосонд гаргачихлаа гэж хардах хүмүүс гарч ирсэн. Хэрэг хүлээгээд хоригдож байгаа ганц хүн нь Д.Амарсайхан учир түүнийг ам алдахаас нь өмнө дуугүй болгоё гэж бодсон учир дээрээс эмнэлгийн тусламж үзүүлж болохгүй шүү гэсэн даалгавар өгсөн байж магадгүй. Учир нь түүний өмгөөлөгч Д.Пүрэвлхам өмгөөлж байгаа хүнээ бие нь муу байгааг удаа дараа холбогдох газарт нь мэдэгдэж эмнэлгийн тусламж үзүүлэхийг хүсч байсан. Гэтэл прокурор, шүүх аль аль нь хөдөлж өгөхгүй байсаар байгаад амиа алдахад хүргэсэн аж. Ямартай ч шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар чухам ямар шалтгаанаар нас барсан болох нь тогтоогдоно. Гэхдээ хоригдож байгаа ганц хүн нь одоо үг дуугарч чадахгүй болсон болхоор цаана нь байгаа хүмүүс хэргээс мултрах таатай орчин бүрдэж байгааг хэн ч үгүйсгэхгүй юм.

Э.Гүнтөмөр

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.