Тал бүрт минь эргэлдэх транс тос мину

Twitter Print
2019 оны 12-р сар 09-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Саяхан дэлгүүр орохдоо хөргөгчний өмнө зогсоо бүсгүй ямар цөцгийн тос авахаа эргэлзэн зогсч байгааг анзаарав. Анзаарахаас аргагүй маш удаан зогссон.

Монгол цөцгийн тос барьж нэг үзээд бас импортын маргариныг илүүд үзнэ гайхширна. Аль нь дээрийг шийдэж чадахгүйдээ тэгж удаж байгаа нь ойлгомжтой. Бид ч бас саяхан хүртэл маргариныг ялгаж чадахгүй л байдаг байсан даа. Франц цэргүүдийг өлсгөлгүй дайн тулааныг үргэлжлүүлж, ядуучуудыг өлсгөлөнгөөс гэтэлгэх зорилготой хүнс олохыг III Наполеон даалгаж, химич Ипполит энэ даалгаврыг сайтар гүйцэтгэжээ.

Шингэн тосон дундуур устөрөгчийн атом гүйлгэхэд тос хатуурч, бидний мэдэх цөцгийн тостой адил болдог. Ходоодонд ороод задрахгүй удтал цатгалан мэдрэмж төрүүлдэг байдал нь тухайн үедээ өлсгөлөнгийн үеийг гэтэлгэх түүхэн үүргээ гүйцэтгэжээ. Гэхдээ байгалийн амьтанд байгалийн бус энэхүү хүнс таарахгүй нь одоо нэгэнт тодорхой болжээ. Харамсалтай нь хааны шагнал авсан энэ бүтээл зуун зуунд дамжин бидний хэрэглээнд нэвтэрч, харин уг маргариныг задлах фермент хүний биед байхгүй учраас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн.

Нэг үеэ бодвол бид ялгаж салгаад байгаа ч өдөр тутамдаа хүүхдүүддээ идүүлж байгаа боов шоов, печень жигнэмэгт нөгөө нөхрийг хэрэглэсээр байгаа учир устөрөгчөөр хатуурсан транс тосыг бид биедээ авсаар л байгаа. Ерээд онд юм ховордох үед Оросоос манай ах савтай масло гээд явуулж, ховрын юмыг талархан хүртдэг байлаа. Багадаа идэж өссөн маслоноос нэг л өөр, зөөлөн гэмээр юм уу заримдаа эвгүй амт агуулсан гоё савтай маслыг транс тос гэж мэддэг байсан бол юу гэж идэх вэ дээ. Маргарин дахь трансжирын агууламж холестрины хэмжээ өсөхөд шууд нөлөөлдөг байна. Ийм хэрэглээ өндөртэй хүмүүс зүрхний шигдээс, чихрийн шижингээр өвдөх магадлал хамгийн өндөр гэнэ.

Манайд өндөр өвчлөл шүү дээ. Бас манайд номер нэг үхлийн шалтгаан байдаг зүрх судасны өвчлөлийн эрсдлийг шууд нэмэгдүүлдэг байна. Бид дэлгүүрээс авч иддэг боов боорцог, бялуу нарийн боовноосоо энэ тосыг маш ихээр авч байдаг. Мацагтан П.Анужин маань гадуур байгаа бялуунуудад итгэхгүй байгаагаа, жинхэнэ сайн чанарын цөцгийн тосоор бялуу хийхэд үнэ нь наад зах нь 40-50 мянгаас буухгүй байх талаар бичсэнийг харж байсан юм байна. Үнэхээр манай үйлдвэрийн цөцгийн тос 100 гр нь 2500, 200 гр нь 4800 орчим төгрөг байдгаас энэ батлагдана.

Транс тос буюу маргарин бол шингэн тосыг хатуу хэлбэрт оруулж, хадгалалт удаан болгож, эдийн засгийн хэмнэлт гаргах зориулалттай хүнс. Олон үйлдвэрүүд ийм тосыг бүтээгдэхүүндээ ашиглаж байна. Нөгөөх нь биед ороод задрахгүй, цус өтгөрүүлж, судас нарийсгаж, зүрхний шигдээсийн томоохон шалтгаан болсоор. Тэнд хүмүүс ашиг бодож, харин бид биедээ цуглуулсаар байлтай биш. Хүүхдийн үдийн цайны хоол хүнсийг задаргаад харахад л бөөн асуудал. Бидний эргэн тойронд транс тос. Тал бүрт маань эргэлдэх транс тос мину л гэмээр.

Э.Энэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.