
Олон Улсын Олимпийн Хороо коронавирусын цар тахлыг үл харгалзан энэ зун болохоор төлөвлөгдсөн Токиогийн Олимп болон Паралимпийн наадмыг "амжилттай бөгөөд аюулгүй зохион байгуулахаар зорьж" ажиллаж байгаа тухай тус хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.
Түүний хэлж байгаагаар Токиогийн Олимпийн наадмыг зохион байгуулах ажилд оролцож буй бүх талууд тэр дундаа Японы засгийн газар Олимпийн наадмыг зохион байгуулах нэгдмэл нэг зорилготой байгаа аж. Коронавирусын халдварын дэгдэлтийн 3 дахь давалгаанд өртөж, дийлэнх мужууддаа онц байдлын дэглэм тогтоогоод байгаа Японы эрх баригчид Олимпийн наадмыг төлөвлөсөн ёсоор ирэх 7-р сарын 23-ндаа зохион байгуулахаар зорьж байгаа аж.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахын мэдэгдсэнээр Токиогийн Олимп коронавирусын цар тахлыг үл харгалзан зохион байгуулагдах ч Олимпийн наадмын түүхэнд анх удаа үзэгчидгүй болох аж. Тэрээр Олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулахын тулд зохион байгуулагчид шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгийг онцолжээ. Ямар тохиолдолд Олимпийн наадмыг цуцлах вэ гэсэн асуултанд Томас Бах, "Бидний даалгавар бол Олимпийн наадмыг цуцлах биш зохион байгуулах юм. Тийм ч учраас бид Олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулахын тулд өдөржин шөнөжин ажиллаж байна." хэмээн хариулсан байна.
Түүний мэдэгдсэнээр ОУОХ гарч болох бүх эрсдлүүдийг тооцож үзэж байгаа ба Японы болон олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч нартай ярилцаж байгаа гэжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.