Хятадууд терроризмийг өргөн фронтоор сөрөн зогслоо

Twitter Print
2014 оны 05-р сар 14-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Хятадын нийслэлд хөл хорио тогтоох шахуу юм болж байгаа аж. Амь, албаны ажлаар Бээжин зорьсон манайханд жаахан хэцүүхэн асуудал гарах нь. Учир нь хотын гудамж талбай бүрт цагдаагийн хуягт машинууд жижүүрлэж, мянга мянган цагдаа овор хэмжээтэй цүнх сав барьсан хүмүүс, сэжигтэй харагдсан хар толгойтнуудыг шалгаж байгаа гэнэ.  

China Daily сонинд тэмдэглэснээр, сүүлийн үед идэвхжих болсон террорист халдлагуудын улмаас төмөр зам, метроны буудлууд, олон хүн цугласан гудамж талбайд гэмт халдлага гарахаас сэргийлж цагдаагийн хүчлэн хамгаалалт гарган шалгалт явуулж байгаа бөгөөд болзошгүй халдлага гарахад гурван минутын дотор хэргийн газар очих тушаал заавартай ажиллаж байгаа аж.

Хятадын цагдаагийнхан уг арга хэмжээг "Зэвсэглэсэн харуул хамгаалалтын ажилтнууд террорист аливаа халдлагыг онцгой шуурхай ажиллагаагаар зогсоож, үр дүнтэй арга хэмжээ авна" хэмээн мэдэгдэж байгаа гэнэ.

Энэ үлгэр жишээгээр Хятадын бусад томоохон хотуудад аюулгүй арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд тус улсын баруун өмнөд хязгаарын Гуожоу Гуян мужид хуягт техниктэй цагдаагийнхан 24 цагийн турш эргүүл хамгаалалт хийж байгаа тухай Xinhua агентлаг мэдээлсэн байна.

Төмөр замын болон авто замын буудал, нисэх буудлууд дээр зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, тусгай хүчнийхэн эргүүл хийхийн хамт гудамжны камерийн хяналтанд анхаарал хандуулж байгаа аж. Ингэж өндөржүүлсэн хамгаалалт гаргасан нь өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээс эхлэн гарсан террорист халдлагуудаас сэргийлэх үндсэн зорилготой холбоотой. Өнгөрсөн сарын 30-нд гэхэд Шинжаан-Уйгарын төв Үрэмч хотын төмөр замын буудал дээр хоёр этгээд хутга барин дайрч, гурван хүний аминд хүрч, 79 хүнийг шархдуулж байсан, гуравдугаар сарын 1-нд мөн Шинжааны шашны тэрс үзэлтнүүд  Юнань мужийн Куньмин хотын төмөр замын буудал дээр цавчуур хутга барин дайрч 29 хүнийг хөнөөж, 160 хүнийг хүнд, хөнгөн шархдуулж байсан халдлагууд дахин гарахаас сэргийлэх нь зүй юм.

Бээжин хотын цагдаагийнхан террорист халдлагын эсрэг сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд гурван удаа сургалт зохион байгуулж, шуурхай ажиллагааны чиглэл боловсруулсан байна. Мөн Шинжаан-Уйгарын өөртөө засах мужид террорист сэдэлтэй гэмт халдлага зохион байгуулахаар зэхэж байсан гэж сэжиглэсэн этгээдүүдийг тусгаарлах ажиллагаа явуулжээ. Энэ үеэр интернэтэд экстремист утга санаатай зүйл тавьсан 230 хүнийг баривчилсан байна.

Шинжааны уйгаруудын үндэстэн, шашны хэт туйлширсан үзэлтэй идэвхтнүүдийг нийгмээс цаг алдалгүй тусгаарлах явдал хятадуудад өнөөдөр нэн чухал асуудал болж байна. Учир нь энэ мэт асуудал Хятадын төр засгийг эсэргүүцэн босох олны үзэл бодолд түлхээс өгнө. Төр засгаа эсэргүүцсэн хятадуудын үймээн самуун газар авбал зөвхөн тус улс дангаараа бус дэлхий дахинд хэдэн арван жилийн турш залруулахад бэрх сөрөг үр дүн авчирна. Ийм хүчин зүйлийг Хятадын Засгийн газар эртнээс мэдэх учир ардчилалын “үнэртэй” жагсаал цуглаанаас болгоомжилдог.

Тэгээд ч удахгүй ирэх сарын 4-нд Тяньмэний талбайд оюутны ардчилалын төлөө хөдөлгөөнийг нухчин дарсаны 25 жилийн ой тохиож байгаа учраас урьдчилан өндөржүүлсэн хамгаалалт гарган бэлэн байдалд орсон байх нь зүй. Энэ зэрэгцээ Украин, Латин Америкт болж байгаа олон нийтийн үймээн самуун Хятадын олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөхгүй гэх аргагүй. Үүнийг ч Хятадын цагдаагийн удирдлага анхаарч "Молотовын коктейль" хийж болох аливаа арга ажиллагаанд хяналт тавих болсон. Шинэ гарсан журмаар бол хэрвээ их хэмжээний бензин худалдан авах гэсэн этгээд биеийн байцаалтаа цагдаагийн газарт бүртгүүлж, хэрэглээний зорилгоо бичгээр тодорхойлж байхаар болжээ.

Хятадын хүчний байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжиж байгаа энэ үед ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 20-нд Бээжинд айлчлах гэж байна. Украины хямралын асуудлаас шалтгаалан өрнөдийн хориг арга хэмжээнд орсон оросууд сүүлд хятадуудтай ойртон түншлэх болсон. Энэ түншлэлийн үндсэн зангилаа болсон “стратегийн хамтын нөхөрлөл, улс төр, эдийн засаг, олон улс, хүмүүнлэгийн үйл хэрэгт хамтран ажиллах” олон чухал гэрээ байгуулах тухай хэвлэлийн урьдчилсан мэдээ гараад байгаа билээ. Харин энэ айлчлалын үеэр Орос, Хятадын тэнгисийн цэргийн хамтарсан сургууль дорнод хятадын тэнгист болохын хамт олон улсын анхаарлыг татсан онц чухал нэгэн гэрээ байгуулах гэж байна. ОХУ-ын төрийн өмчит "Газпром" компани БНХАУ-д жилд 38 тэрбум кубметр байгалийн хийг 30 жилийн турш нийлүүлэх гэрээг төрийн тэргүүнийхээ айлчлалын үеэр байгуулахаар төлөвлөсөн аж.

Л. Отгонбат

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.