Жагсагчид улс төрд цоо шинэ хүчин гарч ирэхийг хүсч байна

Twitter Print
2022 оны 01-р сар 06-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Казахстаны хотуудын гудамж талбайд иргэд Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевийг улс төрөөс бүр мөсөн гарахыг шаардаж байна.

30 жилийн турш Казахстан улсыг удирдсан Нурсултан Назарбаев 2019 онд албан ёсоор албан тушаалаа өгсөн ч Казахстаны улс төр дэх нөлөөллөө хадгалж үлдсэн юм. Казахстаны иргэд төрийн тэргүүн нь солигдсоноор улсад нь өөрчлөлт шинэчлэлт гарна гэсэн хүлээлттэй байсан ч ямар ч өөрчлөлт гараагүй юм. Шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь Нурсултан Назарбаевын ойрын хүрээллийн хүн бөгөөд тэрээр төрийн тэргүүний албан тушаалыг хүлээн авсаныхаа дараахан нийслэл Астана хотын нэрийг Нур-Султан болгон өөрчилсөн юм.

Уг үйл явдлаас иргэд Нурсултан Назарбаевын босгосон тогтолцоо ажилласаар байгааг ойлгосон гэж хэлж болох юм. Эхэндээ иргэд нийгэм, эдийн засгийн байдал сайжирч байгааг харж байсан учраас Нурсултан Назарбаевын дэглэмд үнэнч байсан бол 2015 оноос хойш эдийн засгийн нөхцөл байдал дордож, сүүлийн хоёр жилд коронавирусын цар тахлын үеэр инфляцийн түвшин огцом өссөн болохыг Их Британийн Эзэн хааны институтын Олон улсын харилцааны мэргэжилтэн Кэйт Маллинсон онцолж байна.

Иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаантай холбоотойгоор Казахстаны засгийн газар огцорч, эрх баригчид хийн түлшний үнийг буулгахыг амласан ч иргэдийн жагсаал цуглаан намжих бус улам өргөжин тэлээд байна. Казахстаны засгийн газар үе үе огцордог ч засгийн газар огцорсноор нөхцөл байдал өөрчлөгддөггүйг иргэд мэдэх ба иргэд энэ удаад ч гэсэн эрх баригчид амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэхгүй байна.

Жагсагчдын зарим нь Казахстаны улс төрд томоохон өөрчлөлт шинэчлэлт гарч байж ард иргэдийн амьдрал сайжирна гэж үзэж байна.

Жанаозен хотын жагсагчдын эрх баригчдад тавьж буй шаардлагууд дотор мужийн удирдлагуудыг Ерөнхийлөгч томилдог явдлыг болиулж, сонгуулийн дүнгээр томилох, Ерөнхийлөгчийн эрх хязгаарлагдмал байсан 1993 оны Үндсэн хуулийг буцааж хэрэгжүүлэх, эрх барьж буй улстөрчидтэй ямар ч холбоо сүлбээгүй хүмүүсийг төрд гаргах зэрэг зүйл заалтуудыг тусгажээ.

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусныхаа дараа Казахстаны Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр ажиллаж эхэлсэн Нурсултан Назарбаевыг мөнхлөх хөшөө дурсгалуудыг ядуурал, эрх тэгш бус байдал, авлига хээл хахуульд автсан Казахстаны иргэд эвдлэн нурааж байна.

Өнгөрсөн лхагва гарагт Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Н. Назарбаевын оронд Аюулгүй байдлын зөвлөлийг удирдахаа мэдэгдсэн ба үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Н. Назарбаев эмчилгээ хийлгэх нэрээр Казахстанаас зугтахаар төлөвлөж буй тухай яригдаж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.