М.Уранцэцэг Бакуд түрүүлснээр дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Twitter Print
2014 оны 05-р сар 13-нд 18:28 цагт
Мэдээний зураг,

Олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга" тэмцээн энэ сарын 9-11-нд Азербайжаны нийслэл Бакуд боллоо.

Азербайжаны ерөнхийлөгч агсан Хейдар Алиевийн нэрэмжит болон зохион байгуулагдсан тэмцээнд 41 орны 246 (эрэгтэй 156, эмэгтэй 90) зодоглосны дотор Монголын цагаан өмсгөлтөн долоо байв. Нийт 156 мянган ам.долларын шагналын сантай Бакугийн тэмцээний татамид эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр "Их дуулга"-д түрүүлж амжаагүй байсан бөгөөд ийнхүү энэ тэмцээний анхны алтан медалиа Бакуд зүүсэн юм.

Туүнчлэн эрэгтэйчүүдийн 73 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тав, 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн долдугаар байрт шалгарав.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн чансааны есдүгээрт эрэмбэтэй, ОУХМ Г.Хэрлэн "А" хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөж, дараагийн даваанд эзэн орны Расим Алмаммадовыг 3:26 минутад цэвэр ялсан. Харин шөвгийн наймд ОХУ-ын Роберт Мшвидобадзед 3:26, дагах барилдаанд Узбекистаны Шарафуддин Лутфиллаевт 2:41 минутад цэвэр ялагдав. Тэрбээр өнгөрсөн жил Улаанбаатарт болсон "Чингис хаан" Гранпригийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Лутфиллаевыг ялж байсан юм.

73 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жингийнхээ бүх бөхчүүдийг тэргүүлэн барилдсан. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөж, дараагийн даваанд Азербайжаны Исмаэль Пириевийг барилдаан өндөрлөхөөс 20 секундын өмнө нь цэвэр буулгасан ч шөвгийн наймд Францын Пьерре Дупратад 2:34 минутад цэвэр ялагдав. Дагах барилдаанд Узбекистаны Сарвар Шомуродовыг 4:16 минутад цэвэр ялсан ч медальтай үлдэх шийдвэрлэх барилдаанд АНЭУ-ын Виктор Сквортовт вазаригаар ялагдсан юм. Цагаанбаатарын хувьд медаль хүртэж чадаагүй ч бүх "Их дуулга"-д (Токио, Парис, Москва, Рио-де-Жанейро, Баку) медалийн төлөө барилдсан Монголын анхны жүдоч боллоо. Тус жинд энэ жилийн улсын аварга, ОУХМ Б.Хишигбаяр нэгдүгээр тойрогт дэлхийн чансааны 19 дүгээрт бичигддэг, ОХУ-ын Денис Ярчевт торгуулиар дийлдсэнээр үзэгчдийн суудалд шилжив.

"Лондон-2012" олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очирын хувьд 2014 оны
анхны тэмцээн нь Бакугийн "Их дуулга" болсон. Тэрбээр жин өгсөж, 81 кг-д барилдсан бөгөөд
нэгдүгээр тойрогт "Казань-2013", "Универсиад" наадмын мөнгөн медальт, Узбекистаны Яахо Имамовт 2:42 минутад цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн.

100 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нэгдүгээр тойрогт Швейцарийн Флавио Орлект 1:46 минутад цэвэр ялагдав.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг жингийнхэнийгээ тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогт гоц мөргөж, дараагийн даваанд эзэн орны Алиш Гурбанлиг 1:29, хагас шигшээд ТУркийн Сумевве Аккусыг 3:06, алтан медалийн   төлөөх   барилдаанд дэлхийн чансааны 11 дүгээр байрт эрэмбэтэй, Израшшйн Амели Россенеуг 0:47 минутад цэвэр ялснаар "Их дуулга"-ын анхны түрүүгээ хүртсэн. Тэрбээр Бакуд түрүүлж,  500 оноо авснаар "Лондон-2012" олимпийн наадмын аварга Бразилийн Сара Менезесийг гүйцэж, жингийнхээ дэлхийн чансааг тэргүүлэхээр боллоо.

Өнгөрсөн жилийн "Мастер"-ийн хүрэл медальт, ОУХМ А.Цолмон жин өгсөн 57 кг-д барилдсан ч эхний даваанд аварга болох ерөөлтэй Австрийн хашир туршлагатай жүдоч Сабрина Фильцмозерт 4:00 минутад цэвэр ялагджээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.