Ж.Чинбүрэн: Бид элэгний хавдрын бүх шатны эмчилгээг Монголдоо нутагшуулж чадлаа

Twitter Print
2019 оны 12-р сар 08-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

Эх орондоо элэг шилжүүлэн суулгах ес дэх удаагийн хагалгааг амжилттай хийгээд байгаа ХСҮТ-ийг зорьж, Ж.Чинбүрэн эмчтэй ярилцлаа. Манай улсын хамгийн ачаалалтай, нарийн мэргэжлийн эмнэлгийг удирдан ажиллаж буй тэрээр хавдарын өвчлөлтэй ямар бодлогоор хэрхэн тэмцэж байгаа талаараа бидэнтэй хуваалцсан юм. Ж.Чинбүрэн эмч биднийг очиход “ХСҮТ-ийн мэс заслын багийнхан элэг шилжүүлэн суулгах ес дэх удаагийн хагалгааг амжилттай хийлээ. Гэхдээ хагалгаа амжилттай болсон гээд баярлах арай эрт байна. Элэг солиулсан хүн сар гаруйн хугацаанд эрчим эмчилгээ хийж, эмчийн хяналтад байх ёстой. Эмнэлгээс гарсаных нь дараа л тайвширна даа” хэмээн угтлаа. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Хоёр жилийн өмнө танитай ярилцаж байхад “Монгол Улсыг хавдартай тэмцэж чадсан жишиг орон болгоно гэж ярьж байсан. Тэр зорилт нь бага багаар биеллээ олоод явж байх шиг байна. Элэгний хавдрын эсрэг эрт илрүүлгээс эхлээд нэлээд өргөн цар хүрээнд тэмцэж, шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байгаа нь харагдаж байна?

-Хавдар судлалын үндэсний төвийн гол үүрэг үндэсний хэмжээнд хавдрын тусламж үйичлгээ үзүүлэх, хавдартай тэмцэх үндэсний бодлогыг тодорхойлох чиглүүлэх үүрэгтэй. Элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар, улаан хоолойн хавдар Монголд тохиолдож байгаа хорт хавдрын 70 орчим хувийг эзэлж байна. Үүнээс элэгний хавдар 40 хувийг, ходоодных 16 хувийг, умайн хүзүүнийх 8,  улаан хоолойн хорт хавдар 6 хувийг эзэлж байна.

Бид эхний ээлжинд зонхилон тохиолдож байгаа элэгний хавдрын эсрэг арга хэмжээ авч, бодлогын төвшинд ажиллаж байна. Хорт хавдарыг эмчлэхэд эмчилгээний цогц аргуудыг хэрэглэдэг. Эм уугаад эсвэл мэс засал хийгээд л эмчлэгддэг өвчин биш тул мэргэжлийн багаараа хамтарч өвөрмөц эмчилгээ хийх шаардлагатай болдог. Тухайлбал, туяа эмчилгээ, хими эмчилгээ, мэс засал эмчилгээг цогцоор нь хийх шаардлагатай байдаг.  

Монголчуудад зонхилон тохиолдож байгаа элэгний хавдрыг бодлогын хувьд ялахаар ажиллаж байна. Үүний тулд “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Монголын нийт хүн амын 25 хувь нь B, C вирусийн халдвартай байна. Үүнээс 10 хувь нь В вирусийн, 15 хувь нь С вирусийн халдвартай байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд С вирусийн эмийг нэвтрүүллээ. Ингэснээр гурван жилийн өмнө эмчилж чадахгүй байсан С вирусийг эм уугаад устгаж байна. Анагаах ухааны ололт, технологийн дэвшлийн үр дүн, боломжуудыг ашиглаад элэгний хорт хавдартай тэмцэж байна.  B, C вирусийн шинжилгээг хийж, илрүүлж эхэлснээр элэгний хавдрыг эрт үед нь илрүүлж байна. ХСҮТ дээр ирж, оношлогдож байгаа хүмүүсийн хавдрын хэмжээ багасч байна. Хавдар нь хожуу үедээ 80 орчим хувьтайдаа ирдэг байсан бол дунд болон эрт үедээ оношлогдоод ирж буй тохиолдол нэмэгдэж байна. Энэ бол маш том ололт юм. Хорт хавдрыг эрт илрүүлэх тусмаа эмчилгээний үр дүн сайжирдаг. Элэгний хорт хавдрыг гурван см-эс бага үед нь оношилж чадвал эмчлэх боломжтой байдаг. 10 минут түлэх эмчилгээ хийлгээд маргааш нь тэр хүн ажлаа хийх боломжтой юм. Ийнхүү элэгний хавдрын шалтгааныг бага багаар устгаж, эрт илрүүлэх ахиц дэвшил гарч байна. Мөн дээрээс нь бид элэгний хорт хавдрын бүх шатны эмчилгээний аргыг нутагшуулж чадлаа. Элэгний эрт үеийн хавдрыг түлэх эмчилгээг хийж байна. 11 жилийн туршлага хуримтлууллаа. Мөн судас бөглөх эмчилгээг жилд 700 гаруй хүнд хийж байгаа. Мэс засал эмчилгээг жилд 450 орчим хүнд хийж байна. Хагалгааны дараах нас баралтын хувь буурсан. Монголд хийсэн элэг тайрах хагалгааны дараах нас баралт 1.6 хувьтай байна.  98 хувиас дээш нь эндэгдэлгүй эрүүл саруул амьдарч байна гэсэн үг. Эрсдэл эндэгдлийн хувь дэлхийн жишигтэй харьцуулахад маш бага байгаа. Дэлхийн жишгээр бол хагалгааны дараах нас баралтыг 3 хувь гэж үздэг. 100 хувь эндэгдэлгүй эмчилж байгаа гэж хэлж чадахгүй ч 100 хувь болгохын төлөө ажиллаж байна.

Мөн элэг нь хатуурлын нэлээд хүнд шатанд орсон, дээрээс нь хавдартай хүнд өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг боллоо. Энэ бол маш том амжилт. Ийнхүү бид хавдрын шалтгааныг нь устгаж, эрт илрүүлж, элэг шилжүүлэн суулгаж эхэлснээр элэг бүтэн монгол болж байна. Бүгдээрээ элэг бүтэн монгол болсон гэж хэлж чадахгүй ч цогц эмчилгээний үе шатуудад ахиц дэвшил гарч байна.  Энэ бол Монгол Улс хавдартай тэмцэж чадаж буйн илрэл, бодлогын хэрэгжилтийн үр дүн юм.

Нөгөөтэйгээр ХСҮТ жилийн хугацаанд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд есөн хүнд хийлээ. УНТЭ гэхэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг 50 гаруй хүнд хийгээд байна. Энэ нь монгол хүн анагаах ухааны том ололтын үр дүнг эх орондоо санхүүгийн дарамтгүй хүртэх зорилт биелэж байгаа юм. Олон арван саяараа гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг Монголдоо үлдээж, эх орондоо олон мянган хүний амийг аврах боломжийг нээлээ.  Үүнийг эдийн засагт өгч байгаа маш том үр өгөөж гэж хэлж болно.

-Энэ удаагийн элэг шилжүүлэн суулгах хагалгааны үеэр Эрхүүгийн хавдрын төвийн эмч нар манай эмч нар туршлага судлахаар ирсэн гэж дуулсан?

-Тийм. Хавдар судлалын үндэсний төв сүүлийн 20-иод жил хавдартай хүний яаж, хэрхэн эмчлэх асуудал дээр нэлээд ажилласан. Энэ хугацаанд асар их туршлага хуримтлууллаа. Бид өдөрт 4-5 хүнд элэг тайрах хагалгааг хийж байна. 

Өвчлөл их байхын хэрээр эмч нар илүү туршлагажиж байгаа юм. Энэ удаа 2.4 сая хүн амд үйлчилдэг Хавдар судлалын төвийн эмч нар ирж туршлага судаллаа. Тэднийд элэгний өвчлөл нь манайхтай харьцуулахад маш бага. Ховор өвчинд багтдаг тул эмчилгээний арга барилын талаар биднээс туршлага хуримтуулахаар ирсэн.

Өвчлөл их байх тусам эмч нар шинэ төрлийн эмчилгээний арга барилд суралцаж, эх орондоо нутагшуулах ёстой юм. Аливаа нэг муу зүйл байхад түүнээс сайн талыг нь гаргах ёстой.   Боломжийг маш сайн ашиглаж, өгөөжийг нь гаргаж байгаа юм.

-Тэгвэл хэн хавдар тусах эрсдэлтэй вэ. Хавдарт хүргэж буй шалтгаан юунд байна вэ. 2,4 сая хүн амтай Эрхүү мужид элэгний хавдар ховор тохиолддог өвчинд багтдаг гэж байна. Яагаад Монгол Улсад хавдрын өвчлөл ийм их байна вэ?

-Зонхилон тохиолдож буй элэг, ходоод, умайн хүзүүн хавдарт хүргэж буй шалтгаанууд нь бүгд тодорхой. Элэгнийх гэхэд В, С вирусийн шалтгаантай, умайн хүзүүнийх HРV вирусийнх, ходоодных хелико бактеритай холбоотой. B, C вирус гэхэд элгийг хатууруулдаг. Элэг хатуурснаас элгэнд зангилаа үүсч, эсийн төвшинд эдгэрэхгүй сорвитой болж, улмаар хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог. Үүнийг устгачихвал 10 жилийн дараа элэгний хавдрын өвчлөл асар бага болно.  Дээрээс нь Монголчуудын амьдралын хэв маяг, B,C вирусаар элэг нь гэмтэж байгаа хүмүүс архи хэрэглэх, илүүдэл жинтэй байх нь вирусийн элэг рүү дайрах довтолгоог улам хурдасгадаг.  Үүнээс гадна D вирусийн халдвар хавдар үүсгэх нөхцөлийг хурдасгаж байна. В вирусийн халдвартай  хүмүүсийн 60 орчим хувь нь D вирусийн халдвартай байх магадлал өндөр байна. Энэ чиглэлд олон улсын судалгааны төвүүдтэй хамтран судалгаа хийж байна.  Үр дүн нь 2020 оноос гарч эхэлнэ.  

Ходоодны хорт хавдрын тухайд хеликобактерын халдвар нөлөөлнө. Гэхдээ хеликобактеритай хүн бүр ходоодны хавдар тусахгүй.  Тухайн хүний биеийн онцлог, удамшил, зохистой эрүүл хоололтоос шалтгаална. Хеликобактеритай мөртлөө давсны хэрэглээ өндөр,  илүүдэл жинтэй, буруу хооллох юм бол ходоодны хорт хавдартай болно. "Хеликобактеригүй Монголчууд" хөтөлбөрийг эхлүүлж, нийтээрээ тэмцэх хэрэгтэй. 

Умайн хүзүүний хорт хавдарт HРV буюу хүний хөхөнцөр вирус шууд нөлөөлнө. Шалтгаан нь тодорхой байгаа юм. Энэ вирус нь бэлгийн замаар дамждаг. Шалтгааныг нь бид мэдэж байгаа юм чинь шалтгааныг хянах нь энэ хавдрын өвчлөлийг бууруулах боломж байна гэсэн үг. Тиймд умайн хүзүүний хорт хавдрыг 35-45 насны эмэгтэйчүүдэд илрүүлэх гээд ЭМЯ-наас ДЭМБ-тай хамтарсан үндэсний хэмжээний судалгааг хийх гэж байна.   

-Ярилцсанд баярлалаа. 

С.Цэрэндэжид

IToim.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.