Хэт халалт болон нүүрсний хомстлын улмаас Энэтхэгт эрчим хүчний хямрал үүсжээ

Twitter Print
2022 оны 05-р сар 09-нд 13:53 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн сараас эхлэн Энэтхэг даяар цахилгаан эрчим хүч тасрах, хязгаарлах явдал нэмэгдэж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдож, сургуулиуд хаагдахад хүрчээ.

LocalCircles агентлагаас 322 дүүргийн 21 мянга гаруй иргэдийн дунд хийсэн судалгаагаар 3 айл тутмын 2 нь цахилгаан эрчим хүчний хязгаарлалтанд өртсөн бол 3 айл тутмын 1-д нь цахилгаан эрчим хүч өдөр болгон 2 ба түүнээс олон цаг тасардаг гэжээ.

Энэтхэгийн багадаа 9 муж цахилгаан эрчим хүчний хямралд өртөөд байгаа ба уг хямралын гол шалтгаан нь нүүрсний хомстол аж. Энэтхэг улс нүүрсний олборлолт болон хэрэглээгээрээ дэлхийд хоёрт жагсдаг.

Эрчим хүчнийх нь 3/4 нь нүүрсний эрчим хүч бөгөөд нүүрсний нөөцөөрөө дэлхийд 3-т бичигддэг тус улсад дэлхийн хамгийн том нүүрсний уурхай үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

Өнгөрсөн жилийн 10-р сард Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг цахилгаан эрчим хүчний станцуудын талаас илүү хувьд нь нүүрсний нөөц огцом буурч, заримынх нь бүр дууссан тухай мэдээлж байсан бол өнөөдрийн байдлаар 173 станцын 108-д нь нүүрсний нөөцийн төвшин аюултай бага хэмжээнд очжээ.

Украинд болж буй дайнаас үүдэн дэлхий даяар нүүрс болон байгалийн хийн үнэ нэмэгдэж, улс орнуудад импортоор нүүрс авах нь хүндрэлтэй болоод байна.

Түүнээс гадна Энэтхэгт цаг агаарын хэт халалтын үзэгдэл тооцоолсноос эрт эхэлсэн нь цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхэд хүргэжээ.

Мөн коронавирусын цар тахлын улмаас 2 жилийн турш халдвар хамгааллын дэглэм баримталсан энэтхэгчүүд хэвийн амьдралдаа эргэн орж байгаатай холбогдуулан зорчигч тээврийн галт тэрэгнүүдийн тоо нэмэгдэж, нүүрс тээвэрлэж буй галт тэрэгнүүд цөөрчээ.

Энэтхэгийн засгийн газар нүүрсний нийлүүлэлтийг хэвийн явуулахын тулд чадах бүхнээ хийж байгаагаа онцолжээ. Дэлхийн нүүрсний хамгийн том уурхайн компани болох Coal India олборлолтоо 12 хувиар нэмэгдүүлж, өнгөрсөн сард өмнөх жилийнхтэй харьцуулахад 15 хувиар их нүүрс нийлүүлжээ.

Мөн Энэтхэгийн төмөр зам станцуудад шаардлагатай нүүрсийг нь нийлүүлэх зорилгоор зорчигч тээврийн 1000 гаруй галт тэргийг цуцалжээ.

Нөгөө талаас Энэтхэгийн төмөр тасалбарын үнээ барихын тулд нүүрс тээвэрлэж буй галт тэрэгнүүдээс илүү их төлбөр шаардах болсон байна.

Энэтхэгийн эрх баригчид нүүрсний эрчим хүчний хамаарлаас гарахын тулд сэргээгдэх эрчим хүчнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээ амласан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.43) 2013-11-02 08:42
      • 0
      • 0

      Nalaad l tsaanaa neg chihend naaldatstai duu baisan yumaa. Munkhjargalyn aya baij l dee. Saihan duu zohioson, duulsan buh humuust bayarlalaa. Amjilt husiye!

      Хариулах