
Гиннесийн дээд амжилт шинэчлэх мөрөөдөлтэй, монгол залуу Ц.Гантулга цар тахлын үед Улсын онцгой комисст зориулан хандив цуглуулахаар 28 тонн жинтэй, залгаа автобусыг шүдээрээ чирэх үзүүлбэрийг цахим сүлжээнд үзүүлсэн.
28 настай тэрбээр өмнө нь 15 тонн жинтэй автобус, тус бүр нь 3.3 тонн жинтэй жийп машиныг чирж байсан бөгөөд олон хүн цуглуулахгүй байх журмын дагуу үзүүлбэрээ онлайнаар үзүүлж, "5019767799" гэх өөрийн дансанд үзэгчдээсээ хандив хүссэн байсан юм.
Тэгвэл түүний дансанд 230000 төгрөг цугларч, уг мөнгөөр 230 ширхэг маск авч Улсын онцгой комисст өнөөдөр хандивлажээ. Ц.Гантулга “Коронавируийн халдварын эсрэг сайн үйлсийн аян хийх, хандив цуглуулах зорилго энэ үзүүлбэрээ хийлээ. Цугласан бүх хандивыг УОК-т хандивлана. Эмээ минь гурван жилийн өмнө өөд болсон. Эмээгийнхээ гэгээн дурсгалд үзүүлбэрээ зориуллаа. Энэ үзүүлбэр дэлхийд №1. 28 тонныг дэлхийд чирсэн хүн байхгүй. Ингээд дэлхийн гурав дахь рекордтой боллоо. Миний Монголын төр намайг харна гэдэгтэй итгэлтэй байна. Үзүүлбэрээ Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэхэд туслаарай. Миний дараагийн зорилго онгоц чирэх. Монголын авиа компаниуд онгоц чирэхэд туслаарай. Онгоц чирсэн дээд амжилт 50 тонн байгаа. Одоо надад ямар нэгэн зовиур алга. 48 цагийн дараа маш их өвдөнө. Эрсдэлтэй үзүүлбэр” хэмээн тухайн үед хэвлэлд ярьж байсан юм.
Г.Ганаа