Хадны завсар хавчуулагдсан О.Баасанхүү

Twitter Print
2014 оны 05-р сар 13-нд 15:02 цагт
Мэдээний зураг,

МАХН-ын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүд “татгалзах аргагүй санал” тавьсан дуулдана. Эрх баригч АН-тай нэг хөнжилд орж, засаг хамтран барьж байгаа МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва ойрын өдрүүдэд тун цухалдуу яваа аж. Түүнтэй нэг танхимд зэрэгцэн суугаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг УИХ-ын “цодгор хүү” О.Баасанхүү огцруулах санал оруулсанд ийнхүү хилэгнэжээ. Хэрэв Засгийн газрын гишүүд ганц нэгээрээ гайд гараад байвал Шадар сайдын суудал ч ганхаж болзошгүй тул МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва намынх нь жагсаалтаар УИХ-д орж ирсэн О.Баасанхүүд эр бяраа гаргаж эхэлжээ. Тэрээр намын дэд даргын хувиар О.Баасанхүүтэй олон үгний солиогүй “Тэмүүжинг огцруулах саналаа татаж ав. Үгэнд орохгүй бол МАХН-ын бодлоготой тэрсэлдсэн гэж үзэж намаас хөөнө. Чи МАХН-ын жагсаалтаар УИХ-д орж ирснээ битгий мартаарай” гэжээ. Ийнхүү УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд ёстой л “Хаданд хавчуулагдсан халиуны зулзага”-ын энэ цагийн хувилбар болоод байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг саналаа маргааш оройн 17.00 цагаас өмнө татаж авахыг шаардсан гэнэ. Хэрэв түүнийг үгэнд нь орохгүй гөжүүдлэвэл МАХН-аас олон таван үггүй арчиж хаях тухай яригдаж байгаа аж. Намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн О.Баасанхүү гишүүний хувьд энэ нь хаашаа ч бултахын аргагүй хүндхэн шахалт бөгөөд тэрээр намаас хөөгдвөл гишүүнээс нь эргүүлэн татахаас өөр замгүй.  

Ийнхүү О.Баасанхүүг шахаанд оруулж байгаа нь Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байгаа Шадар сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын явуулга төдийгүй, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг ямар ч аргаар хамаагүй хамгаал гэсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын даалгавар ирсэнтэй холбон тайлбарлах хүмүүс ч байгаа. Хэрвээ энэхүү таамаг үнэн бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дунд томоохон тохиролцоо хийгдсэн байх магадлалтай юм. Ямартай ч УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн бүхнийг дэнслэн бодох хугацаа нь маргааш оройн 17 цагаар өндөрлөх бололтой.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёрын үнэт зүйл жинхэнэ утгаар тодрох цаг ойртсоор л.

Д.Энхтүвшин   

 

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.